Улс төр
Энэ удаагийн сонгуулийг өнжсөн Я.Санжмятав АН-ын сонгуулийн штабыг удирдана
УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежерээр томилжээ. Тэрбээр 2016 онд Завхан аймгаас сонгогдон УИХ-ын гишүүн болсон бөгөөд энэ удаагийн сонгуулийг өнжихөөр болоод байгаа юм.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав “2020 оны УИХ-ын сонгууль хүч тэнцвэргүй нөхцөлд эхэлж байна. УИХ-ын сонгуульд АН хууль боловсруулах чадамж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрийг нь тооцож үзээд 25 эрхзүйч, 35 эдийн засагчийг нэр дэвшүүлж байна.
Сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байгаа энэ цаг үеэс АН-аас дайрах дайралтууд эхэлсэн байна. Төр барьж байгаа МАН асар их хөрөнгө зарж, харлуулах, заримыг нь шоронд хийх, АН-ыг ялагдуулах бодлого барьж байна. Хүмүүсээ нэр дэвшүүлсэн намууд болон бие даан нэр дэвшигчдээ хандан хар пиар хийхгүй байхыг уриалж байна” гэлээ.
АН-аас нэр дэвшиж буй 10 гаруй хүн хуулийн байгууллагад шалгагдаж байгаа мэдээлэл гарсан. Үүнийг Я.Санжмятав үгүйсгэсэн бөгөөд шүүхээр эцэслэн шийдэгдээгүй тохиолдолд хэрэгтэн болгож болохгүй, бодитой мэдээлэлтэй, соёлтой өрсөлдөх уриалгыг дэвшүүлсэн юм.