Нийгэм

Д.Мөнх-Эрдэнэ: Сагсан бөмбөг гайхамшигтай спорт

Нийтэлсэн

Энэ удаагийн “Миний дуртай спорт” буландаа “Сити” их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, хуульч Д.Мөнх-Эрдэнийг урьж, ярилцлаа.

 

-Таныг хуульч гэдгээр хүмүүс илүү мэднэ.  Харин сагсан бөмбөгийн спортын мастер, энэ төрөлд дурлаж хичээллэдэг залуусыг дэмждэг гэж сайн мэддэггүй.  Энэ спорттой хэдий  үеэс холбогдсон бэ?

-Их эртнээс холбогдсон.  Бидний үеийнхэн 8, 9 настайгаасаа байрны гаднах талбайд бөмбөг нүдэж, илжигдэж тоглодог байсан. Тэгээд 1990-ээд оны эхээр NBA-гийн тоглолтууд гарч эхэлснээр сагсан бөмбөгийн спортод эргэлт буцалтгүй дурласан даа. Манайд ч сагсан бөмбөгийн лигийн анхны тэмцээнүүд болж эхэлсэн.  Алтайн бүргэдүүд, 1+11, Генералууд, Бизнесийн чөтгөрүүд гээд л содон сонин нэртэй багуудын шилдэг сагсчдын тоглолтыг үзэх гэж найз нартайгаа хамт Спортын төв ордонд их очино. Тасалбар нь 500 төгрөг байсан шиг санагдаж байна. Бид жаахан хүүхдүүд байсан болохоор тэр бүр билетийг нь авч орж чадахгүй шүү дээ. Би  1995 онд Хүүхдийн лигийн тэмцээн гэж анх болоход багаараа ороод түрүүлснээр дүүрэг, хот, улсын аваргын тэмцээнд орж эхэлсэн. Ер нь 2001 он хүртэл нилээн идэвхтэй тоглосон байна.  Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн болон их, дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар дүүргийн  II дунд сургууль, Разноимпекс, МУИС-ийн багт тоглож байсан. Муугүй амжилт үзүүлж,  баг хамт олноороо Улсын аварга болж чадсан. Мөн өсвөр үе, залуучуудын улсын аварга болон их, дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээний Шилдэг тоглогч болж байсан нь сайхан дурсамж үлдээжээ.  Үүнээс хамгийн чухал нь спортоор хичээллээд олон сайхан анд нөхөдтэй болсон.  Мөн манай “Сити” их сургуулийн баг Оюутны лигийн тэмцээнд амжилттай оролцож, гурван удаа аварга болоод байна.

-Таны дэмждэг баг, тамирчин гэвэл хэн бэ.   Тэднээс ямар зүйлийг нь онцолмоор байна вэ?

– “Даллас Маверикс” багийг 2001 оноос хойш дэмжиж байна. 2011 онд аварга болоход нь маш их баярласан. Тамирчдаас гэвэл бидний үеийн хамгийн агуу тамирчдын нэг Майкл Жордан, Скотти Пиппин нарыг шүтэж өссөн дөө. Мөн Дирк Новитцки гэж мундаг тамирчин саяхныг болтол тоглож байлаа. Шүтдэг, хүндэлдэг гайхамшигтай тамирчин олон бий.

-Спорт болгонд өөрийн гэсэн онцлог, гайхамшиг байдаг. Тэгвэл сагсан бөмбөгийн спортын хүнийг татах тэр гайхалтай зүйл нь юу вэ?

-Тамирчдын эрч хүч, авьяас, ур чадварыг сорьдог.  Хурдтай, үзэхэд үнэхээр сонирхолтой спорт. Бас багийн спорт учраас тамирчдаас хамтын ажиллагаа, ухаан их шаарддаг. Тактик, хувилбарууд ихтэй. Агуу спорт доо.

-Энэ төрлийн спортыг сонирхож хичээллэж байгаа залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Зөвхөн сагсан бөмбөг ч биш ер нь л спортоор хичээллээрэй гэж дүү нартаа хэлье. Эрүүл биед, саруул ухаан гэж өвөг дээдэс маань сургаж ирсэн шүү дээ. Спортоор, тэр дундаа багийн спортоор хичээллэснээр тэсвэр, хатуужилтай болж, багийн ажиллагаанд суралцдаг бөгөөд зорилгынхоо төлөө хичээн зүтгэвэл амжилт үзүүлж болохыг ойлгож авдаг юм. Товчхондоо хэн хичээж, хөдөлмөрлөнө, тэр амжилт үзүүлнэ гэдгийг ухамсарлана гэсэн үг. Спортоор хичээллэснээр амьдралын зөв дадал, хэвшилд суралцдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.21  ПҮРЭВ № 100 (6325)

Exit mobile version