Нийгэм

С.Болдсайхан: Хэн нь ч ялсан ялгаагүй гэх хандлага ихэсвэл АРДЧИЛАЛД халтай

Нийтэлсэн

Зориг сангаас “Залуусын улс төр, сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг Азийн сан, Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд залуучуудын сонгуулийн идэвхид нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгааныг тодруулах зорилгоор 18-25 насны 680 залуусын дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгааг удирдаж явуулсан Японы Васеда их сургуулийн Улс төр судлалын докторант, Зориг сангийн төслийн зөвлөх С.Болдсайханаас судалгааны үр дүн, дүгнэлтээс тодруулга авлаа.

-Өнгөрсөн сонгуульд 18-25 насны залуучуудын ердөө 50 хувь нь саналаа өгсөн. Үүнд юу нөлөөлөв?
-СЕХ-ны тайлан дүгнэлтээс ч сонгогчдын нас явах тусам сонгуулийн ирц нэмэгдэж байгааг харж болно. Эндээс залуусын улс төрийн идэвх сул, аль нэг намыг дэмждэггүй, улс төрд сонирхолгүй байна гэж хэлж болно. Гэвч үүний шалтгааныг тодруулах судалгаа төдийлөн байдаггүй. Мэдээж бид залуучуудыг сонгуульд идэвхтэй оролцохыг л уриалж буй юм. Гэхдээ яагаад залуус сонгуульд оролцохгүй байна гэдэг шалтгааныг тодруулж, яагаад оролцдог, саналаа өгөхдөө юуг чухалчилж шийдвэр гаргаж буйг тодорхойлохыг зорьсон. Сонгуульд оролцохгүй байгаа шалтгааныг тодорхойлсноор Азийн сан, Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй уг төслийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.

  • Саналаа өгөөгүй залуучуудын 36 хувь нь завгүй байсан гэж хариулсан
  • Итгэл даах нэр дэвшигч байгаагүй гэсэн шалтгаан удаах байранд оржээ
  • Мөн хэнд яаж саналаа өгөхөө мэдэхгүй байсан, нэр дэвшигчдийн талаар хэрэгтэй мэдээлэл олж авч чадаагүй учраас гэртээ үлдсэн
  • оршин суугаа хаягийн зөрчилтэйн улмаас сонгуульд оролцоогүй зэргийг нэрлэжээ
  • 20 хувь нь нэр дэвшигчид хоорондоо ямар ч ялгаагүй гэсэн байна.
  • 17 хувь нь сонгууль надаар дутахгүй буюу ганцхан миний санал юуг ч өөрчлөхгүй гэжээ.

-Хэн ч ялсан ялгаа байхгүй гэсэн хариулт анхаарал татлаа. Та үүн дээр ямар бодолтой байна вэ. Үнэхээр тийм гэж үү?
-Санал өгөөгүй залуусын 28 хувь нь хэн нь ч ялсан ялгаагүй гэж хариулсан. Санал өгөхгүй байгаа гол шалтгаан нь улс төрийг cool биш гэж үздэг, улс төр сонирхдоггүй. Магадгүй улс төрийг өөрт хэрхэн нөлөөлж буйг төдийлөн ухаараагүй яваа залуус гэж харж байна.

Сонголт алга, улс төрчид бүгд адилхан, попордог гэж үздэг иргэд бий. Энэ нь улс төрд итгэл алдарсан байгааг харуулж байна. Ийм хүмүүсийн тоо ихсэх нь улс орны хувьд аюултай. Учир нь ардчиллын хариуцлагын тогтолцоо үйлчлэхээ болино гэсэн үг шүү дээ. Сонгуулийн ач холбогдол юу вэ гэдгийг товчхон тайлбарлавал, чиний өмнөөс хууль баталж, шийдвэр гаргах хүнийг сонгох үйл явц юм. Сайн ажилласан улс төрчийг урамшуулан дахин сонгох, эсвэл тааруу гэж дүгнэж буй бол өөр хүнд саналаа өгнө. Энэ зармчаар сайн засаглал бүрдэнэ. Гэтэл иргэдийн дийлэнх нь улс төрчид бүгд адилхан гэж итгэл алдарвал сайн ажиллаж байгаа улс төрчдөд урамгүй. Муу улс төрчид ч сайн байя гэж хичээхгүй. Ялгамжгүй болно гэсэн үг.

Тухайлбал, залуусын сонгуулийн ирц энэ жил 70 хувь болж өсвөл дараагийн сонгуулиар хүссэн хүсээгүй улс төрчид чиний хойноос хөөцөлдөж эхэлнэ.

Залуучууд нэр цэвэр, боловсрол өндөр, шинийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, ёс зүйтэй улс төрчийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл тэд төгс улс төрчийг хүсээд байна. Гэтэл амьдрал дээр энэ нь ховор шүү дээ. Гэхдээ энэ нь сонголт байхгүй, бүгд ялгаагүй гэсэн үг огт биш. Өрсөлдөж буй хоёр хүний нэг нь нөгөөгөөсөө аль нэг талаараа илүү байх боломжтой. Илүү дээрийг нь сонгож болно шүү дээ. Чи хүссэн зүйлээ 100 хувь авч чадахгүй байвч чамд үргэлж сонголт бий гэдгийг санах ёстой болов уу. Энэ зарчмаар явбал яваандаа сайжирна гэж бодох ёстой. Энэ жилийн хувьд сонголт байхгүй гэж хэлэмгүй л харагдаж байна.

Улс төрчдийн гол зорилго бол ялалт байгуулах шүү дээ. Санал авахын тулд бүхнийг хийдэг. Өөрт нь санал өгдөг хүмүүсийн хүсэл зорилгыг олж мэдэж, түүнийг биелүүлэхийг зорьдог. Ахмадууд саналаа идэвхтэй өгдөг учраас хоёр том нам зүүний үзэл буюу халамжийн бодлого дээр ам уралдуулсаар ирсэн. Харин залуучуудад тулгарч буй нийтлэг асуудлыг огт хөөцөлдөлгүй орхигдуулдаг. Залуучуудын хүн амд эзлэх хувь өндөр, улс төрийн хамгийн хүчтэй бүлэг мөртлөө сонгуульд төдийлөн идэвхтэй биш байгаа тул тэдний асуудал бодлогод тусгагдалгүй үлддэг. Тиймээс залуус гэрээсээ гарч саналааа өгөх нь маш чухал. Хэнд өгөх нь тусдаа асуудал. Гол нь саналаа өгөх хэрэгтэй.

Тухайлбал залуусын сонгуулийн ирц энэ жил 70 хувь болж өсвөл дараагийн сонгуулиар хүссэн хүсээгүй улс төрчид чиний хойноос хөөцөлдөж эхэлнэ. Залуусын саналыг авахын тулд юу хийх вэ гэдэгт “толгойгоо ажиллуулж эхэлнэ”. Мөн залуучууд юунд дуртай, юу хүсэж буйг судална.

-Судалгаанд оролцсон залуус юуг өөрчлөгдөхийг хүсэж байна вэ?
-Судалгаанд оролцсон залуусын 68 хувь нь боловсролын салбарт шинэчлэл хийхийг, 54 хувь нь ажилгүйдлийг багасгаж, ажлын байрыг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Товчхондоо боловсролтой, ажилтай иргэн байхыг л залуус хүсэж байна. Гэтэл намуудын мөрийн хөтөлбөр, УИХ-аар хэлэлцэж буй асуудлыг харахад эдгээр асуудал ач холбогдлоороо нэлээн хойгуур жагсаж байна. Харин шударга ёс, халамжийн бодлого тэргүүлэх эгнээнд явна.

-Залуусын мэдвэл зохих улс төрийн ойлголт юу вэ?
-Улс төрийн итгэл гэдэг маш чухал. Улс төрч болгон муу муухай биш. Ялгаж салгах мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Муу гэдэг ч хэм хэмжээний хувьд дотроо ялгаатай шүү дээ. Ардчилал ямар учраас нурж унадаг вэ гэдэгт хариулъя л даа. Тухайлбал үүн дээр ОХУ-ыг авч үзье. Авторитор буюу нэг хүнээс хараат засаглалтай орон гэж хэлж болно. 1992 онд ЗХУ нурж унан, ардчилал руу шилжсэн ч 1992-2000 оны хооронд салгалсан ардчилал байсан гэж үздэг. Учир нь сонгууль болж байсан, иргэд чөлөөтэй нэр дэвшиж бас сонголтоо хийж байв. 2000 оноос хойш тус улсад ардчилал байхгүй болсон гэж үздэг. Цэргийн эргэлт эсвэл гадны нөлөөгөөр хүч хэрэглэн ардчиллыг нураасангүй.

Ахмадууд саналаа идэвхтэй өгдөг учраас хоёр том нам зүүний үзэл буюу халамжийн бодлого дээр ам уралдуулсаар ирсэн.

Харин ард түмэн нь ардчиллыг дэмжихээ больж, бүх улс төрчид адилхан худалч, хулгайч, авилгач гэх сөрөг хандлагатай болж эхэлсэн. Улс төр, нийгмийн байдал тогтворгүй байсан нь мэдээж нөлөөлсөн. Улс төрчид бүгд адилхан гэцгээж, иргэд улс төрийн идэвхгүй болсноор нэг хүчтэй удирдагчийг хүсэж эхэлдгийг эндээс харж болно. Бүх хулгайч, луйварчдыг нэг гараар атгалаа, байхгүй болголоо гэтэл эрх чөлөө, ардчилал гээч бас үгүй болсон түүхтэй. Сэтгүүлчид ч эх орноо боддог, ёс зүйтэй улс төрчдийг ялгаруулж, олон нийтэд таниулахад тэнцвэртэй мэдээлэл хүргээсэй. Бүгдийг харлуулах нь бидэнд маш хортой гэдгийг дахин хэлье.

-Саналаа өгсөн залуусын 29 хувь нь гэр бүлийн гишүүдийн нөлөөгөөр саналаа өгсөн гэжээ. Энэ нь өөрийн гэсэн үзэл бодол, улс төрийн ойлголтгүй байгааг харуулж байна гэж ойлгож болох уу?
-Яг тэгж ойлгоход бас учир дутагдалтай. Энэ нь залуусыг буруутгах шалтгаан биш байх. 18,19 насныхан улс төрийн үзэл санаа, намуудын үзэл санааны талаар хараахан ойлголттой болж амжаагүй байж болно шүү дээ. Улс төр гэлтгүй амьдралын олон асуудал дээр туршлага дутдаг. Үүн дээр гэр бүлийн нөлөөлөл ордог. Гэхдээ мэдээж залуус өөрийн гэсэн үзэл баримтлалтай байж, сонголтоо өөрөө хийх ёстой. Хэнд яаж саналаа өгөхөө мэдэхгүй, мэдээлэлгүй байгаа тохиолдолд аав ээжээсээ мэдээлэл авч болно шүү дээ. Харин эцэг эх нь сонголтыг шууд тулгаж өгүүлж байгаа бол буруу. Залуучуудын сонгуулийн ирц бага байгаа нь олон шалтгаантай.

Хоёр намын систем, сонгуулийн мажоритар тогтолцоо, намуудын төлөвшилт муу, бодлогод суурилсан улс төрийн өрсөлдөөн хийхгүй байгаа, иргэдийн суурь боловсрол тааруу зэрэг олон хүчин зүйл бий. Барууны орнуудад хүүхдүүдэд бүр багаас нь ардчиллын суурь ойлголтыг албан боловсролын хөтөлбөрөөр олгодог.

-Яагаад сонгуульд оролцсоныг мөн тодруулсан байсан. Гол шалтгаан нь юу байв?
-Залуусын 82 хувь нь иргэний үүрэг гэж үзсэн учраас сонгуульд оролцсон, 57 хувь нь миний санал сонгуулийн үр дүнд нөлөөлж чадна гэж итгэж, 21 хувь нь эрх баригчдад хариуцлага тооцож, дүн тавих гэж санал өгсөн байна. 14 хувь нь өөрт таалагдсан улс төрчөө ялуулахын тулд зорьж очиж саналаа өгсөн бол 13 хувь нь өөрт таалагдаагүй нэр дэвшигчийг ялахаас сэргийлж өөр хүнд өгсөн. Залуусын нэг хувь нь бэлэг сэлт нөлөөлсөн гэжээ.

Мөн 33 хувь нь тухайн нэр дэвшигчийн боловсролын түвшин, карьерийг харсан бол 29 хувь гэр бүлийнхний зөвлөснөөр өгсөн гэжээ. Намын мөрийн хөтөлбөр амлалтыг харж сонгосон нь 21 хувь, нэр дэвшигчийн итгэл даах байдал, зан араншинг 19 хувь нь харжээ. Харин 17 хувь нь хэнд яаж саналаа өгөхөө мэдэхгүй байсан учраас тухайн үед аль нэгэнд нь өгчихсөн гэжээ.

  • Илүү танил санагдсан учраас -13 хувь
  • Туршлагатай улстөрч учраас-12 хувь
  • Сонгуулийн сурталчилгаа эерэгээр нөлөөлж сонгоход хүргэсэн-12 хувь
  • Залуухан учраас дэмжсэн -10 хувь
  • Дэмждэг намаас нэр дэвшсэн -9
  • Хоёр том намыг эсэргүүцэж бие даагчдад саналаа өгсөн -6 хувь
  • Эмэгтэй улс төрч учраас -3 хувь
  • Биечлэн уулзсан учраас -2 хувь нь саналаа өгчээ.

Дүгнээд хэлэхэд залуучууд сонголт хийхдээ нам, улс төрийн хүчин гэхээсээ илүү тухайн хувь хүнийг судалдаг. Боловсролын түвшин, ажлын түүхийг хардаг. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийн нөлөөлөл өндөр байна. Мөн мөрийн хөтөлбөрийг уншдаг, амлалтыг хардаг байх нь ээ.

-Ихэнх нь иргэний үүрэг гэж үзсэн учраас сонгуульд саналаа өгдөг гэжээ. Үүнийг тодруулбал?
-Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүн бүр оролцоогоороо дамжуулж, төлөөллөө сонгоно. Гадны улсуудад ч ингэж хариулдаг. Би оролцох ёстой, саналаа өгөхгүй бол ардчилал байхгүй болно гэж хариулдаг. Энэ утгаараа монголын залуус дэлхийн бусад улсын сонгогчдоос өөр биш. Харин манай улсын суурь боловсролоор ардчилал, сонгуулийн ач холбогдол, сонгуулийн системүүд зэрэг үндсэн ойлголтыг хангалттай өгдөггүй. Гэсэн ч оролцох ёстой гэдгээ ойлгож байгаа нь сайн хэрэг. Зарим хүн үүрэг биш сонгох эрх гэж ярьдаг. Эрх гэж харвал эрхээ эдлэх үгүй нь миний хэрэг гэж хэлж болно.

Иргэдийн дийлэнх нь улс төрчид бүгд адилхан гэж итгэл алдарвал сайн ажиллаж байгаа улс төрчдөд урамгүй. Муу улс төрчид ч сайн байя гэж хичээхгүй.

Манай улсын хувьд санал өгөх нь хуульчилсан зайлшгүй биелүүлэх ёстой үүрэг биш. Австрали зэрэг улс шиг сонгуульд оролцоогүй бол мөнгөн торгууль ногдуулдаггүй. Сонгох сонгохгүй байх эрх танд бий ч шууд бус утгаараа иргэн хүний үүрэг. Иргэд саналаа өгөхгүй бол ардчилал байхгүй болно л гэсэн санаа. Ардчилсан нийгэмд эрх чөлөөтэй амьдарч буй иргэдийн хийж чадах наад захын оролцоо бол саналаа өгөх явдал юм.

Өнгөрсөн сонгуулийн ирцийг харвал Монгол Улс-73.7 хувь, Австрали-92 хувь, Япон-52 хувь улс болгонд өөр өөр байгаа нь үүнд нөлөөлөх шалтгаан цаана нь бий. Тухайлбал АНУ-д тухайн иргэн саналаа өгөхийн тулд өөрөө очиж бүртгүүлэх ёстой байдаг. Энэ үйл явц нь төвөгтэй учраас сонгуульд оролцохгүй байх шалтгаан болдог. Манай улсын хувьд санал өгөхийн тулд нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн байхад л болно, нэг их төвөгтэй биш гэж бодож байна.

-Залуусын улс төрийн ойлголт, оролцоог нэмэгдүүлэхийн тулд ямар шийдэл хэрэгтэй байна вэ?
-Хэрэгжүүлж болохуйц нэг санаа хэлэхэд нэр дэвшигчдийг харьцуулж харах боломжтой нэгдсэн мэдээллийн сан хэрэгтэй нь харагдсан. Нэр дэвшигч бүрийг ижил шалгуураартай 10 үзүүлэлтээр харуулж болно. Үүнд боловсрол, мөрийн хөтөлбөрөөс онцлох зүйл, ажлын туршлага зэрэг үзүүлэлтээр харьцуулсан байвал залуус шийдвэр гаргахад дөхөм болно гэж бодож байна. Сонгуульд оролцож саналаа өгөх нь та бидний амьдралд ямар нэгэн байдлаар заавал нөлөөлдөг гэдгийг ухамсарлах хэрэгтэйг бусдадаа ойлгуулахыг хүсэж байгаагаа судалгаанд оролцсон залуучуудын төлөөлөл ярьж байсан. Бид оролцохгүй болохоор бидний хүсээгүй улс төрчид сонгогдоод байна гэдгийг мөн хэлж байсан.

-Ярилцсанд баярлалаа.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөө, Г Корпус 7 давхар, 711 тоот       |       И-мэйл: info@mongoltur.mn       |       Утас: (976)- 86115340