Дэлхий

Бразил улс халдварын тоогоор дэлхийд хоёрдугаарт жагсаж, АНУ агаарын хилээ хаав

Нийтэлсэн

Өмнөд Америкийн хамгийн том улс Бразилд өчигдрийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол 350,000 орчим болж, нас барагсдын тоо нь 22,000 хүрчээ.

Халдварын тоогоор тус улс Ням гарагт ОХУ-ыг гүйцэж, дэлхийд зөвхөн АНУ-ын дараа жагсах хэмжээнд хүрсэн юм.

Өчигдөр Цагаан ордон тус улстай агаарын хилээ хааж байгааг зарлажээ. Үүнээс гадна сүүлийн 14 хоногт Бразилд аялсан гадаадын иргэдийг АНУ хүлээж авахгүй болсон байна.

Цагаан ордонд ийм шийдвэр гарч байх үед Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару өөрийн дэмжигчдийн цуглаанд оролцож, хорио цээрийн дэглэмийг зөрчиж байжээ.

Тэрбээр эхэндээ амны хаалттай байсан ч сүүлд авч хаяад дэмжигчидтэйгээ гар барьж, тэврэлдэж байв.

Болсонару нь коронавирусийн тахлыг “ханиад төдий зүйл” гэж нэрлэж, анагаах ухааны мэргэжилтнүүдийнхээ зөвлөмжийг үл ойшоон хорио цээрийн дэглэм тогтоосон мужуудын удирдлагад дарамт шахалт үзүүлж байжээ.

Хэдийгээр Бразилын олон нийт цар тахлын үед түүний хийж буй үйлдлийг шүүмжилж байгаа ч нийт сонгогчдын 30 орчим хувь нь тогтмол түүнийг дэмжиж байгааг судалгааны үр дүн харуулж байна.

Сүүлийн сар гаруй хугацаанд түүний кабинетын хоёр эрүүл мэндийн сайд дараалан огцорсон нь цар тахалтай холбоотой байв.

Өнөөдрийн байдлаар хамгийн олон халдварын тохиолдолтой дэлхийн 10 орны тоо баримтуудыг Жон Хопкинсийн их сургуулийн тооцоолсноор үзүүлж байна.

Exit mobile version