Дэлхий

Гурван долоо хоногийн дараа ил гарахдаа Ким Жон Ун цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх талаар ярилцжээ

Нийтэлсэн

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсын цөмийн зэвсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох албаныхантай уулзсан тухай Ням гарагт төрийн төв хэвлэл нь мэдээлжээ.

Тэрбээр гурван долоо хоног орчим хугацаанд сураггүй байсны эцэст ийнхүү олны нүдэнд ил гарч байгаа юм. Өмнө нь тэр бас гурван долоо хоног “нуугдаж” байсан ба тухайн үед эрүүл мэндтэй нь холбоотой янз бүрийн цуурхал тарж байв.

Ким Жон Ун өчигдөр эрх баригч намын Цэргийн Төв Зөвлөлийн гишүүдтэй уулзахдаа улс орноо гадны довтолгооноос хамгаалахын тулд батлан хамгаалах хүчин чадлаа сайжруулах, цөмийн зэвсгийн тоо хэмжээг нэмэгдүүлэх тухай ярилцсан гэнэ.

Уулзалтад оролцогчид бүгд амны хаалт зүүгээгүй байсныг Пёньяны төв мэдээллийн агентлаг харуулжээ. Умард Солонгосын эрх баригчид одоогоор улс оронд нь коронавирусийн халдварын ганц ч тохиолдол илрээгүй гэж ДЭМБ-д мэдээлж байгаа.

Вашингтон-Пёньяны хооронд хоёр жилийн өмнө эхэлсэн цөмийн зэвсгийн хэлэлцээ сүүлийн нэг жил зогсонги байдалтай байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Трампын засаг захиргаа 1992 оноос хойш анх удаа АНУ-д цөмийн зэвсгийн туршилт зохион байгуулахаар хэлэлцэж байгааг Вашингтон Пост сонин мэдээлсэн юм. Энэхүү мэдээллийг тарсны дараа Ким Жон Ун цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн нь санамсаргүй давхцал биш байх магадлалтай.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version