Covid-19

171 зорчигчтой Москва-Улаанбаатар чиглэлийн онгоц газардлаа

Нийтэлсэн

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг  тавдугаар сарын 26, 27-ны өдөр чартер нислэг болон Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлэсэн билээ.

Эхний нислэг яг одоо буюу 06.30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд 171 зорчигчтой тусгай үүргийн онгоц газардлаа. Энэ удаагийн нислэгт багтсан хүмүүсийн 159 нь нэгдүгээр дамжааны оюутнууд, өндөр настан 4, эрүүл мэндийн шалтгаантай 4, жирэмсэн 1, бага насны хүүхэдтэй 3 зорчигч иржээ. Эдгээр иргэдийг Зүчи, Альфа, Dream зочид буудлуудад тусгаарлах бол зургаан зорчигчийг ХӨСҮТ- рүү хүргэжээ.

Мөн зорчигч ирж байгаа бөгөөд 147 зорчигчоос урьдчилсан байдлаар шинжилгээ авсан юм байна. Эдгээр 147 иргэний урьдчилсан шинжилгээгээр сөрөг гарсан бол үлдсэн 23 зорчигчийн шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна.

Мөн өнөөдөр, маргааш Алтанбулаг боомтоор 600 орчим иргэнийг татаж авна. Тэгвэл Алтанбулаг боомтоор ирэх иргэд дараах нөхцөлүүдийг хангасан байх ёстой аж. Үүнд,

  1. Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний билетний төлбөр болох 27000 төгрөгийг УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хаан банк 5003521139 дансанд тушаах,
  2. Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50.000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
  3. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичих.
  4. Тусгаарлах байрны төлбөр болон галт тэрэгний билетний төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй боломжгүйг анхаарах.
  5. Тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг Улсын Онцгой комиссын шуурхай штабаас анхааруулж байна.

Дашрамд дурдахад, тавдугаар  сарын 14-ний өдөр Улаан-Үд орчмоос 202 иргэнийг татан авсан бол  тавдугаар сарын 15-нд Эрхүү орчмоос 200 орчим оюутан, иргэдийг татан авсан.  Улмаар  ОХУ-ын бусад бүс нутагт байгаа иргэдийг ойрын хугацаанд татан авахаа Гадаад харилцааны яамнаас  мэдэгдээд байсан юм.

ОХУ-Д СУРАЛЦАЖ БАЙГАА МАНАЙ ОЮУТНУУД НУТАГ БУЦАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ 

ГХЯ-ны  Консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ:

-ОХУ-д байгаа  оюутнуудыг  шат дараатай авах асуудал яригдаж байна. Учир нь тавдугаар сарын 12-оос эхлэн ОХУ-ын Боловсролын яамны харьяа их дээд сургуулиуд хичээлээ цахим хувилбарт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ОХУ-д суралцаж байгаа манай оюутнууд нутаг буцах зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Эрүүл мэндийн яамнаас тавьж байгаа коронавирусийн халдварын шинжилгээ хийлгэх шаардлагыг тавьж байгаа боловч  тухайн улсын  нөхцөл байдлаас шалтгаалан зарим тохиолдолд шинжилгээ хийлгэх боломжгүй байдаг. Олон улсын эрүүл мэндийн  дүрмээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнуудад байгаа иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ гэхэд дотоод, гадаад иргэн байхаас үл хамааран үнэ төлбөргүй эмчилж оношилж эмчлэх ёстой. Монгол Улс ч энэ жишгээр гадаадын иргэнийг  үнэгүй эмчилж нутагт нь буцаасан.

Exit mobile version