Дэлхий
Японд гацсан гадаад иргэдийг зочид буудалд үнэгүй байрлуулж байна
Дэлхийн олон оронд коронавирусийн халдварын улмаас хил хааснаас Япон улсад гацсан гадаадын иргэдийг зарим зочид буудал үнэгүй суулгаж байна.
Японы Ишикава мужийн төв Каназава хотод Kaname Inn Tatemachi зочид буудал гадаадын иргэдэд тусламж үзүүлэхийн тулд 80 сая иений зээл авчээ. Тус зочид буудлын зүгээс “Японы дурсгалт газруудыг үзэхээр ирсэн гаднын хүмүүст туслахыг хүссэн” гэжээ.
Kaname Inn Tatemachi зочид буудал эхний удаад Нидерландын иргэнийг гуравдугаар сарын сүүлээр үнэгүй суулгасан ба түүнээс хойш хүлээн авах гадаадын жуулчид болон оюутнуудын тоогоо нэмэгдүүлсэн байна.
Тавдугаар сарын дунд гэхэд тус зочид буудалтай гадаадын 50 гаруй иргэн холбогджээ. Тэдний дунд Японы Нагано мужид өнгөрсөн есдүгээр сард нэг жилийн ажиллах визтэй ирсэн Аргентины хос байгаа бөгөөд тэднийг тавдугаар сарын 6-наас хойш суулгаж байгаа аж.