Улс төр
ТБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолыг баталлаа
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.29) хуралдаан 12.00 цаг 14 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.
Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготойгоор Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор гэсэн 5 аймгийн 15 суманд 2013-2017 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн байна. “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохирчээ. Энэхүү зээлийн эргэн төлөгдөх хугацааг 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг эхний 5 жил зээлийн хүү 1.25 хувь, бусад шимтгэл 1,25 хувь байхаар төсөлд тусгажээ.
Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс төслийн үр нөлөөг тодруулахын зэрэгцээ ирэх жилийн вакцины үйлдвэрлэл, хүрэлцээ хангамж хэр байгааг тодруулав. Мөн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд Засгийн газраас баримталж буй бодлогын талаар лавласан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хариултдаа, 2020 оны хувьд графикийн дагуу хийдэг дотооддоо үйлдвэрлэдэг вакцины нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Ноднин жил вакцин үйлдвэрлэлтэд хугацаа алдсан тал бий. Цаашдаа Биокомбинатыг өргөтгөх төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ хүрээнд шүлхий, мялзангийн вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг болно. Биокомбинат дотоод нөөц бололцоогоо ашиглаад шүлхийн вакцин үйлдвэрлэх шугамыг нээхээр ажиллаж байгааг дурдав.
Мөн тэрбээр, Засгийн газрын зүгээс мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дотоодын боловсруулах үйлдвэрийн хүчин чадалд нь тааруулж түүхий эдийг бэлтгээд, илүү гарсныг экспортлох бүх талын боломжийг нээж өгөх бодлогыг барьж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд хэлэлцэж байгаа төсөл шийдвэрлэх ач холбогдолтой. 14 аймгийн 150 суманд мал эмнэлгийн лабораторийг сайжруулах томоохон арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, энэ төсөл нь малчдын үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын байгууллагын шаардлага, стандартад нийцэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, цаашлаад халдварт өвчнөөс ангид бүс нутгийг баталгаажуулахад чиглэж байна гэж байлаа.
Ингээд Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан танилцуулахаар боллоо.
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөхийг дэмжив
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохирсныг дурдав.
Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж эрчим хүчний хувьд бие даасан байдлаа нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй тул төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар боллоо.
Аудитаар 162,384.6 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 75,495.7 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоожээ
Дараа нь Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх /2015-2018/”-д хийсэн нийцлийн аудитын тайланг сонсов.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Тус аудитад БОАЖЯ, Чөлөөт бүсүүдийн захиргаа, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Газрын алба, Газрын даамал зэрэг газрын харилцааны чиглэлийн байгууллага, албан тушаалтнуудын 2015-2018 оны байдлаарх газар олголт, ашиглалттай холбогдох үйл ажиллагааг хамруулан, холбогдох шийдвэр, нэгж талбарын хувийн хэрэг, баримт материалыг түүвэрлэн шалгасан. Аудитад Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд хамаарах хилийн зурвас газар, улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалттай газар зэрэг тусгай хэрэгцээний ангиллын газар олголт болон УИХ, Засгийн газрын шийдвэрээр зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах үйл ажиллагааг хамруулаагүй, хязгаарласан гэдгийг онцлов.
Мөн тэрбээр, аудитаар илэрсэн нийтлэг зөрчилд өгсөн дүгнэлтийн талаар танилцуулсан. Тухайлбал, Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг баримт бичгүүд нь хоорондоо уялдаагүй, давхардсан тоогоор 13 аймаг, 2 чөлөөт бүс болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион Байгуулалтын ерөнхий ерөнхий төлөвлөгөөгүй байгаа нь улсын хэмжээнд газрыг үр ашигтай зөв хуваарилан төлөвлөх, зохистой ашиглах, хамгаалахад эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд 2015-2018 оны хугацаанд шинээр олгосон газрын 51 хувь нь Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй зөрчилтэй байгаа нь хот, суурин газрууд төлөвлөлтгүй, эмх замбараагүй тэлэх нөхцөлийг бүрдүүлж, орчны бохирдол, замын түгжрэл ихсэх зэрэгт нөлөөлж байна. 2015-2018 оны хугацаанд олгосон газрын 12.1 хувь буюу 25015 га газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй бусдад давуу байдлаар эзэмшүүлж, ашиглуулснаас үзэхэд төрийн байгууллага, алба тушаалтнууд ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргадаг байх эрсдэлтэй байна. Нийслэлийн болон 19 аймаг, 170 сумын нутаг дэвсгэрт хилийн цэсийн маргааныг шийдвэрлээгүйгээс 24064.4 га газар давхардуулан олгож, улмаар газрын болон өмчийн маргаан үүсэх, төрөөс нөхөн төлбөр олгох зэрэг сөрөг үр дагаврууд гарсныг Тэргүүлэх аудитор тайландаа дурдав.
Түүнчлэн тэрбээр, Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, зориулалтыг өөрчлөх шийдвэр гаргахдаа дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр газрын хэмжээг үнэ төлбөргүй нэмэгдүүлэн шийдвэрлэдэг зөрчил нийтлэг байгаа нь хуульд заасны дагуу шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй байна. Иргэн, хуулийн этгээдэд газар шинээр олгох шийдвэрийг үндэслэн газар эзэмшигч, ашиглагчтай гэрээ байгуулах хугацааг хууль тогтоомжид тодорхой тусгаагүй, газрын гэрчилгээний үнийг зөрүүтэй тогтоосон эрх зүйн зөрчилтэй байгаагаас улс, орон нутгийн төсөвт газрын төлбөр, хураамж бүрэн төлөгдөхгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байхад нийслэлийн болон 16 аймгийн нутаг дэвсгэрт нийт 110 байршилд газрыг зөвшөөрөлгүй ашиглаж, уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулсан зөрчлийг зохих хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. БОАЖЯ-ны кадастрын мэдээллийн сангийн бүртгэл мэдээлэлд сансрын зураг ашиглан 1260 нэгж талбарт дүн шинжилгээ хийхэд Богдхан уулын дархан цаазат газарт 195 иргэн, хуулийн этгээд байнга оршин суух зориулалттай амины орон сууц, нийтийн орон сууц, үзвэр, үйлчилгээний барилга байгууламж барьсан зэргээр дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулж байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах зөвшөөрөл олгоход тавих шалгуур, шалгаруулалтын талаар тодорхой зохицуулалтгүйгээс тухайн бүс нутагт газар ашиглуулах үйл ажиллагаанд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим алдагдахад хүргэж байна. Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа жигдрээгүйгээс газар олголт хийгдсэн хэдий ч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшил газрынхаа ашигтай чанарыг гаргаж чадахгүй байна гэж байлаа.
Газрын кадастрын нэгдсэн сан бүрдүүлэх талаар салбар хуулиудад тодорхой зохицуулалтгүйгээс улсын хэмжээнд газрын бүртгэл, зураглалыг нэгдсэн нэг мэдээллийн стандартгүй, өөр өөр солбицлын тогтолцоо, программ хангамж эрхлэн хөтөлж байгаагаас улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн тайлан, тоо, бүртгэл үнэн бодитой гарч чадахгүй байна. Чөлөөт бүсүүд, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн суурин бүсийн газрын кадастрын зураглалын мэдээллийн сангийн төлөвлөлт, хөгжүүлэлт хангалтгүй байгаа нь эрх бүхий албан тушаалтнууд давуу байдлаар ашиглах эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд ойн болон усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тодорхой үйл ажиллагааг хязгаарласан бүс зөрчин газар эзэмшүүлж, ашиглуулдаг зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Аудитаар 162,384.6 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 75,495.7 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 78,093.4 сая төгрөгийн зөрчил бүхий 449 байгууллага албан тушаалтанд хугацаатай албан шаардлага хүргүүлж, зургаан төрлийн зөрчлийн асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, давхардсан тоогоор нийт 237 зөвлөмж холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлсэн гэж тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулгадаа дурдсан.
Тайлан, мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол асуулт асууж, хариулт авсан бөгөөд үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй.
Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
Хуралдаан “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Байнгын хорооны 2019 оны 02 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар үргэлжлэв.
Тогтоолын төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ё.Мөнхбаатар танилцуулсан.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төсвийг УИХ-ын төсвийн бүрэлдэхүүнд баталж зарцуулалтыг УИХ-ын төсвийн ерөнхий менежерийн хувьд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргын албан ёсны хүсэлтээр зориулалтын дагуу зарцуулж байгаа билээ. Төсвийн энэхүү харилцааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны журамд тусгаж эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар УИХ-ын Тамгын газраас хүсэлт гаргасны дагуу тус Зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан байна. Төсөлд “5.З.Улсын Их Хурлын Тамгын газар нь Зөвлөлийн төсвийг батлагдсан төсвийн хүрээнд, зориулалтын дагуу Зөвлөлийн даргаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн зарцуулна. 5.4.3өвлөлийн даргын цалин, гишүүдийн урамшууллыг Зөвлөлийн батлагдсан төсөвт туссан цалингийн сан, урамшууллын дүнд багтаан сар бүр олгоно.” гэж ажиллах журамд өөрчлөлт оруулахаар тусгасныг дурдав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Хуралдааны төгсгөлд “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолын хавсралтын 8.2 дахь хэсэгт зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос 2, Засгийн газраас 2, Монголбанкнаас 2 хүний нэрийг дэвшүүлж, хараат бус 3 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлж, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилно гэж заасны дагуу Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор зөвлөлийн гишүүдийг томилсоныг онцлон тэмдэглэв.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнд нэг гишүүний сул орон тоо гарсан тул нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох урилгыг өдөр тутмын сонинд нийтлүүлсэн. Сонгон шалгаруулалтад оролцохоор О.Бат-Эрдэнэ, Л.Отгонтуяа, Г.Энхбаяр нар өөрийн нэрээ дэвшүүлж, материалаа Байнгын хороонд ирүүлжээ. Эдгээр гурван нэр дэвшигчээс нэг хүнийг тус зөвлөлийн гишүүнээр томилох байсан ч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлэх нэг гишүүний асуудалтай хамт хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн уг асуудлыг хойшлуулахаар болов гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.