Улс төр
Эндээс давхардсанг нь хасахаар 150, 160к дугаар болох юм байна ойролцоогоор
УИХ-ын энэ удаагийн сонгуульд түүхэнд байгаагүй олон буюу 208 хүн бие даан нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн. Энэ нь улс төрийн намын нэр хүнд унасантай холбоотойгоос гадна улс төрд “цус сэлбэх” шаардлага бий болсноос үүдэлтэй хэмээн бие даагчдын төлөөлөл тайлбарлаж буй. Гэтэл Монгол Улс парламентын засаглалтай, улс төрийн намаар дамжуулан төрийн эрхийг барих тогтолцоотой. Түүнчлэн өнгөрсөн онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх тухайд бодит алхам хийж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн заалтыг тусгаж өгсөн.
Ийм нөхцөлд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч олшрох, улмаар төрийн эрх барих дээд байгууллагад олноор сонгогдвол ямар үр дагавартай вэ. Энэ тухайд төр, нийгмийн зүтгэлтэн болон төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд байр сууриа илэрхийлж эхэлсэн. Энэ удаад Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Ц.Гомбосүрэн “Өдрийн сонин”-д байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Ерөөсөө нам хэрэггүй гэх туйлширсан үзлийн давалгаан дээр 76 агуу хүн гараад ирвэл яах вэ. Баахан бие даагч олонх болоод гараад ирвэл тэднийг эмхэлж, нэгдсэн бодлогын төлөө хамтран ажиллагсад болгоход нэн бэрх. Хэн нь манлайлахаас авахуулаад бөөн асуудал гарна. Бид шинэ зовлон амсана. Гэхдээ тэгэхгүй байх гэж найдаж байна. Эцсийн бүлэгт нам, эвсэл, бүлэглэл л улс орныг хөтлөх бодлогыг хэрэгжүүлнэ. Харин сайн, муу нь жич асуудал. Ямар ч байсан нэгдсэн бүлэглэл байж улсыг авч явах ёстой.
Одоогийн сонин сэтгэлзүй газар авч, манайхан туйлршлах дуртай юм чинь нэг мэдсэн баахан бие даагчийг сонгочихвол баларна даа гэж хувьдаа санаа зовж сууна. Ойрын хэдэн жилд энэ парламентын бодлогын залгамж чанарыг хангах явдал үндэсний хэмжээний чухал зорилт байх ёстой гэж би бодож байна. Тийм ч учраас шинэ парламентууд муу нэртэй ч хамаг хариуцлагыг үүрч ирсэн хоёр намынхан зохих байр сууриа эзэлбэл сайнсан. Шинэ Үндсэн хуультай болно гэдэг улс төрийн хүчнүүд, тийм үзлийг дэмжигчид давамгайлбал бид сайнаа үзэхгүй” хэмээжээ.