Нийгэм

Д.Бямбасүрэн: Надад хөдөөний хүн гэдэг мөн чанар бий, одоо ч ийм байгаа

Нийтэлсэн

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнтэй ярилцлаа. Энэхүү ярилцлагаар Дашийн Бямбасүрэн гэдэг хүний дотоод ертөнцийг нээж үзүүлж, хүн чанарыг нь илүү товойлгон гаргахыг эрмэлзлээ.

– Та бол нээлттэй хүн. Олон сэтгүүлч тантай ярилцсан. Миний хувьд тантай хийж буй энэ удаагийн ярилцлага маань 17 дахь нь болж байна. Гэхдээ та гол төлөв нийгэм, улс төрийн тодорхой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлээд хувь хүнийхээ амьдралыг орхигдуулан тойруулаад өнгөрүүлчихдэг. Нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн Бямбасүрэнг Монголын ард түмэн сайн мэднэ. Харин Монгол Улсын иргэн Дашийн хүү Бямбасүрэнг бол төдийлөн сайн гадарладаггүй байж мэднэ. Төрсөн нутаг, аав ээж, бага нас, буриад зоныхоо тухай та энэ удаад надад илэн далангүй дэлгэрэнгүй ярьж өгөөч. Хувьсгалт үйлсийн зүтгэлтэн Бямбасүрэнг биш хувь хүн Бямбасүрэнг би илүүтэй сонирхож байна?

-Би Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. Миний  бага балчир нас яг дайны залгаа хүнд  үетэй холбоотой.

Түүний өмнө талд  манай нутагт хувьсгалын ширүүн шуурга явж, олон хүнийг баривчлан буудаж алж, хөрөнгийг нь хураасан цаг хэцүү  байсан. Миний юм санаж эхэлсэн үе 1935 оны сүүлч 1936 оны эхэн, тэр үед манай нутагт амьдрал маш хүнд, аав минь цэрэгт явчихсан, манайх гэртээ тавуулаа байлаа. Аавын маань эмэг эх гэж 70 гарсан буурал, аавын ээж гэж 50-аад  настай бие муутай хөгшин байх /би хөгшин ээж гэдэг байлаа/.Үүн дээр ээж минь эгчтэйгээ байсан. Дөрвөн ханатай эсгий гэртэй, шалны оронд үхрийн шир дэвсээд голомтод ойр хэсэгт шороог нь нягтруулах гээд ус цацаж,  эгч бид хоёр дээгүүр нь хөлөөрөө гишгэлнэ. Хавар болохоор бороо орно, дээврээс гоожсон дусаал дор  5-6 төмпөн сав тосно. Отогт маань  эр хүн байхгүй, залуус нь бүгд цэрэгт явчихсан. Ахмадуудыг бүгдийг аваачаад хядчихсан болохоор чоно, нохой ихтэй. Шөнө бүрий болохоор чоно 4-5-аараа сүрэглэн хотонд ойртож ирээд улина. Хүүхдүүд бид унтахын өмнө  гуулин төмпөн барьж гараад модоор цохиж чоно нохойг   холдуулж байгаад бие засчихаад орж унтана. Манайх  20-оод хоньтой, уналгын 2-3 морь, саалийн 5-6 үнээтэй  байсан. Ер нь манай нутгийнхны амьдрал жигд тиймэрхүү. Аав минь намайг ой өнгөрч байхад цэрэгт явсан юм гэнэ лээ. 1946 оны зуны нэг өдөр тугалаа уулын ар руу гаргачихаад буцаад иртэл хөгшин ээж минь хадгалж байсан шинэ ширдгүүдээ дэлгэж, дээр нь хүрэн бор царайтай хүн сууж байсан. “Аав чиннь ирлээ, аав чинь” гэхэд нь би эмээгийнхээ араар ороод хэвтээд өгсөн. Аав минь ажилсаг хүн болохоор гуалин бэлдэж байшин барихаас өгсүүлээд тэр жил манай  амьдрал өөдөө болж эхэлсэн. Би ч удалгүй найман нас хүрч сургуульд орлоо. Хүүхдүүд хичээлдээ мориор явна. Анхны хичээл дээр  багш асуух зүйл гарвал   гараа өргөөрэй гэлээ. Тэгэхээр нь  гараа өргөөд сууж байтал багш  “За юу  вэ” гэхээр нь  “Зөөхийтэй талх идмээр байна” гээд аваад хаялаа,  хүүхдүүд ч нирхийтэл  инээлдээд явчихсан. Эрчүүд байхгүй болохоор манай нутагт эмэгтэйчүүд сүү саалийн ажлаа хийгээд явна. Зун сүү, тосны ногдол гүйцээх гээд айлууд барагтай бол  сүүтэй цай уухгүй. Харин сүүтэй үнээтэй айл сүүгээ тушаагаад хажуугаар нь цөцгий гаргаж иднэ. Эмэгтэйчүүд шингэн сүүгээрээ тогоо нэрнэ. Тэрийг нь уух хүн байхгүй. Эмэгтэйчүүд долоо хоногтоо ч юм уу, нэг орой бөөгнөрч суугаад шимийн архинаасаа амсаад  дуулна. Аавыгаа, ахыгаа, нөхрөө дурсаад уйлцгаана. Тийм л хүнд зураг миний сэтгэлд үлдэж дээ. Намайг 10-тай байхад аав минь калибр буу авч өгч, эмээл төхөөрч өгсөн юм. Ер нь тэр үеийн эрэгтэй хүүхдүүд 9-10 нас хүрээд ууланд гарч түлээгээ бэлтгэж, өвс хадлангаа авч гэрийн ажилд оролцож эхэлдэг байсан. Бас калибраа үүрээд ан гөрөөнд явна. Тэрийг дагаад ухаан сэтгэхүй ч өөр болж байлаа.

Намайг хоёрдугаар ангид орсон жилээс эхлэн сумын төвд  айлд аваачиж үлдээдэг болсон. Эхний жил Биндэр суманд  орос хөгшнийд  орхисон. Хөгшин ээж хэлэхдээ “Хүү нь шоронд явсан, хүүгээ хүлээж байгаа ээж байлгүй дээ” гэсэн. Гуравдугаар ангид ороход манай суманд байсан  ганц барга айлынд   үлдээсэн. Дөрөвдүгээр ангид ороход сайхан зантай  хорь буриад айлд аваачиж тавьсан. Тавдугаар ангид ороход манай суманд ганц хятад хүн байх, тэднийд намайг орхилоо. Дараа жил нь өвөрмонгол айд тавьсан. Нэг талаар сургуульд сурч, нөгөө талаар олон ястны зан заншлыг үзэж явсан юм болов уу даа. Манай нутгийнхан өвс хадлангаа авч өвөлжөөндөө буухаас хол отор нүүдэл хийхгүй. Цаг уур, дэлхийн нөхцөл өөр байж.  Өвөл зуд, зун ган болно. Үхрийн эвэр мултарч унах, сүүл нь хугарах үзэгдэл их тохионо. Тиймээс   отор нүүдэл хийдэг болсон. Манай өндөр эмээ, аавын ээж, эгч бид хэд үлдэнэ. Би өвөлжин мөс зөөж, түлээгээ хөрөөдөж хагална. 1948 оноос аав минь чандаганы занг хийж өгснөөр би зургаан настайгаас ан хийдэг болсон юм. Хөгшин эмээ арьсыг нь элдэж цааш нь хадгалсаар  сүүлд сургуульд ороход чандган малгайтай гүйж явлаа. Харин одоогийн хүүхдүүд амьдралын нарийн ширийнд суралцахад оройтож байна. Нялхарлаа гэхэд хаашаа юм, амьдралын хэв маяг нь өөрчлөгдөөд  тэр юм болов уу. Манай нутгийнхан баривчилгаа, дайчилгаа, хөрөнгө хураалтад хэдий нэрвэгдэж явсан ч гэсэн сэтгэл санаагаар унах юм уу, хүүхдүүддээ элдэв зүйл ер хэлдэггүй байсан. Бид ч тэрийг ойлгох биш, томчуулын амыг харахад Дандар баатар гэж мундаг хүн байдаг тухай, Олзвой гэж мундаг баатрын тухай настайчууд хааяа ярина. Түүнээс өвгөд дээдэс, элдэв өнгийн үйл явдлын талаар бидэнд огт ярьдаггүй байсан. Бодвол бидний цаашдын амьдрал, замд саад болуузай гэж боддог байсан биз ээ. Нэг сонин  санагддаг нь манайх  том сум, тусдаа төлөөлөгчтэй, шүүхтэй. Суманд ганц машинтай, тэр нь мал эмнэлэгт байх. Хүн эмнэлэг нь машингүй байхад тийм байсныг бодоход элдэв хэрэг дайчилгаа болоход хэрэглэдэг байсан байх даа гэж одоо санадаг юм. Сургуулийн захирал томилогддог, голдуу сумын төлөөлөгч байсан хүн л болно. Манайхан амьдралаа төвхнүүлж, малаа маллаж, өвс хадлангаа аваад л явчихна. 1951-1952 оны үед цэрэгт явсан залуус буцаж ирж, 2-3-уул нийлэн  банз зүсч амьдрал нь  ч сайжирсан. Гэхдээ цаг үеийн дэглэм их  хатуу,  хонины ноос, эвэр туурай  тушаахад дутвал буутай хүмүүс ирээд шууд туугаад явах жишээтэй. Эгч бид хоёр  буутай хүнээс айгаад тэр үү, 4-5 настайгаас хонио хариулж эхэлсэн. Хонь хариулж явахад буутай хүн харагдвал хонхорт ороод  нуугдчихдаг байлаа. 1950-аад оноос нэгдэлжих хөдөлгөөн эхэлж  хамтраад юм хийж болдог юм байна, арай илүү  бүтээмжтэй байх юм гэдгийг ойлгуулсан болохоор хүмүүс  эхэндээ урамтай байсан. Залуус хамтарч эрдэнэ шиш тариалж, түүгээрээ дарш хийж, сүүнд санаа зовох юмгүй байлаа. Нэгдэл эхэндээ сайн дурын үндсэнд зах зээлийн жамаар явсан. 1957 онд би дунд сургуулиа төгсч хот руу сургуульд ирсэн. Аймгийн төвд сум бүхэн гуанз гаргачихсан, сайныг нь шилж хоол иддэг байлаа. 1960 онд хойшоо сургуульд явж 1962 онд буцаад ирэхэд нэгдлүүдийн  зах зээлийн зарчмыг нь  хязгаарлаж, худалдаа наймаа хийхийг нь болиулж, захын гуанзаар ороход түлэнхий будаанаас өөр юмгүй болчихосн байсан. Манайхан нэгдлийн давуу талыг ашиглаж чадалгүй өөрсдөө нугасалчихсан.Манай нутгийнхны дунд тэр үед элдэв хулгай зэлгий байгаагүй. Сүүлийн үед  хачин үзэгдэл гарч ирсэн болохоос бүх зүйл натур маягтай, ардынхаа зан заншилд тулгуурласан, ахмадууд нь залуусаа сургаж ирсэн. Миний багын амьдрал ийм. Надад үлдсэн юм нь  хөдөөний хүн гэсэн чанар л байх. Одоо ч би өөрийгөө хөдөөний хүн л гэж боддог.

-Монгол үндэстэн бол нэгдмэл нэг үндэстэн, гэхдээ дотроо олон ястантай. Дашийн Бямбасүрэн бол буриад ястны төлөөлөл. Буриад хүн гэж хэн бэ. Ямар шинж төлөв, төрх байдлыг илүү илэрхийлдэг юм бол. Алдарт “Монголын нууц товчоо”-нд гардаг буриад зон өнгөрсөн 800 жилд хэрхэн яаж өөрчлөгдөж хувьссан юм бол?

-Буриадын тухай олон талаас ярилцдаг. Угсаатан зүй  талаас буриад гэж хэн бэ гээд ярьдаг. Ер нь монголчуудын өөрийнх нь түүхийг аваад үзвэл  Монгол Улсад байгаа халхчууд маань боржигон, хатиган, салжуд гурав  гол нь юм шүү дээ, төр улсаа байгуулахдаа салгаж авсан болохоос. Боржигон нь Бодончар, хатиган нь Буха Хатаги, салжудын дээд өвөг нь Буха салжуд, энэ гурвуул Алунгоо эхээс төрсөн хүү. Нэг талдаа буриад гэдэг өвөг монголчууд, монголчуудын дээд угсаатан гэж болох юм. Нөгөө талаас буриадууд гэж хэзээ үүссэн, хэн юм бол гэдэг. Буриадад хүртэл энэ талаар маргаан бий. Зарим эрдэмтэн одоогийн хиргисүүдийн “Баряд” гэдэг үгтэй холбож тайлбарладаг, тэр нь манайхан гэсэн үг л дээ. Угсаатны талаас яривал “бурь” гэдэг эртний хэл. Одоо ч буриадууд  битүү ширэнгэ ойг ингэж хэлдэг. Түүхийн талаас бодоход, миний хувьд аргын тооллоос өмнөх 1519 онд нэг сонин үйл явдал болсон. Тэр үед  Вавилон улс гэж байсан, хаан ширээг нь уулнаас бууж ирсэн морьтнууд эзэлсэн гэдэг. Долоон үе хаан суугаад сүүлдээ алга болсон, дэлхийн хаадын түүхэнд ямар угсаатан байсан нь мэдэгдэхгүй. Тэд хамрын хөндийгөөс хана гэж улс байсан морьтнууд гэдэг. Хаадын нэрийг бодоход бүгд  “буряш”, “бурь” нэртэй улс байдаг. Буриадын өвгө дээдэс тэр хавьцаа манаргаж явсан байх даа гэж би боддог юм. Одоогийн буриадын дуулдаг  “Заян нава” бол маш эртний дуу. Заян нава нутаг одоо Иракийн нутагт байдаг юм шүү дээ. Эртний монголын өвгө дээдэс Газрын дундад тэнгисээс Номхон далайг хүртэл,  Ираны өндөрлөгийг Зайрын нуруу гэж нэрлэн түүний хойд  талаар цаашаа нүүж явсан овог угсаатан болов уу. Грекийн “Гредотын түүх” номд буриадын олон овог, жишээлбэл хуасай, хөбдэн,  халиун овог  гэж  байдаг. Тэгэхээр буриад гэдэг угсаатан нэлээн эрт хэдэн мянган жилийн цаана дуулдах болов уу. Буриад дотроо нэг биш, тухайлбал хорь буриад гэж байна, манай буриадын гол яс нь тэр л дээ. Алунгоо эх  бол хорь буриад хүн. Хорилдой мэргэн гэж “Монголын нууц товчоо”-нд гардаг. Хурлад ч гэж бичдэг.  Өвөрмонголын эрдэмтэн Чандмань гэж настай буурал  Перс эх сурвалж ашиглан Монголынхоо түүхийг бичдэг байсан. Тэр хүнтэй би нэг удаа уулзаж, буриадуудын түүхэн гарвалын талаар санаа бодлыг нь сонсоход буриад гэдэг угсаатан Тигр Ефрат мөрний  дунд нутаг /Хурын орон гэж нэрлэдэг/ -аас  гаралтай гэж хэлж байсныг би үнэн болов уу гэж боддог. Буриадын өөр нэг том хэсэг нь  барга буриад. Тэд нэлээн эрт Жужан улсын үед Чоно хааныг  ээж нь   ална гэхэд барга баатар  авч зугтааж гарсан домог байдаг. Би бодохдоо Бөртэ Чино гээд байгаа нь Чоно хаан гэж боддог. Тан улсын үед ч гэсэн баргууд, баягууд гэж байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Жишээ нь олхонууд Тан улсын хааныг залах ёслолд оролцож байлаа гэж түүхэнд бий. Энэ мэт тэр үеийн монгол овог аймгууд байсан л байх. Түүнээс гадна буриадууд дотор нэлээд том хэсэг нь сонгол буриад гэж бий. Хорь буриад 11 эцэгтэй гэж ярьдаг, сонголууд нйаман эцэгтэй гэж байдаг. Сонгол буриадын ерөнхий бүтцийг авч үзэхэд сүүлд өөрсдийгөө сонгол гэж нэрлэсэн угсаатан. Би бодохдоо баруун тийш Ил хаан улс руу очсон Монголын хаад, ноёдын удам угсаа наашаа ирэхдээ сонгол гэж нэгдсэн гэж ойлгодог. Жишээ нь, монгол нутагт орж ирж XVII зууны үед ар монгол манжтай нэгдэхэд нэгдэхгүй гээд  хойшоо явсан Оросын Эрхүү гэхэд Монголын нутаг байсан шүү дээ. Монголынхоо нутагт л нүүж явсан, сонгол найман эцэгтэй гэдэг нь  ашигад, еншөөбүү, сартуул, сонгол гэхчлэн сонгол найман яс гэж нэрлэдэг. Сонголууд гэдэг ч хэлийг нь авч үзэхэд сонгол буриад хэл халх хэлтэй ойролцоо. Авиа нь арай өөр. Хорь буриад хэлнээс бас  өөр. Би сонгол буриад хүн учраас бага байхдаа хорь буриалд хүн ирээд ярихаар гайхдаг байлаа. Халх хүний ярихыг сонсохоор нээх удаан сунжруулж ярина. Хамниган буриад гэж бас бий. Хамниган гэдэ бол Тунгус улс. Манай угсаатны нэг том хэсэг нь мэргидүүд юм шүү дээ. Буриад гэдэг өргөн ойлголт. Үүнийг тэр чигээр нь ойлгож явбал хэрэг болох биз ээ. Сүүлийн үед улс төржүүлж, буриад,  халх гэж ялгах, Орост  очиход буриадуудыг “та нар монгол биш тусдаа улс” гэсэн яриа их явах жишээтэй. Буриадууд бол монгол угсаатны  дээд өвөг, эх сурвалж нь.

– Таныг үндэснийхээ дээл, малгайг өмссөн байхыг би бараг харж байсангүй. Буриад ястны аливаа арга хэмжээн дээр ч та төдийлөн харагддаггүй. Бас их хааны төрсөн нутагт мэндэлсэн гэдгээ ч нэг их ярьдаггүй. Яс үндсээ зарлаж, нутаг усныхаа талаар дөвийлгөхгүй байх нь төрийн өндөр алба хашиж байсан хүний баримтлах ёстой ёс зүйн хэм хэмжээ юм болов уу гэж би бодох болсон?

-Монгол Улсын иргэний хувьд улсынхаа эрх ашгийг л бодож явахаас би тийм, тэр овгийн хүн гэж тодроод байх нь юу юм бэ. Гэхдээ би баяр ёслолоор, хөдөө нутагтаа очихдоо  буриад дээлээ өмсдөг. Хүн үндэс угсаагаа мартахгүй байх, өөрөө мэддэг байх нь соёл юм. Буриад дээлийн энгэрт байгаа гурван өнгө утга учиртай, удам угсааны гарал,үүслийг хадгалж харуулж явдаг учиртай. Нэг ёсондоо таних тэмдэг. Тиймээс хувцасны соёлын хувьд  гээж болохгүй.

-Социализмын он жилүүдийг туулсан хүний хувьд социализмын гэх тодотголтой цаг үеийн хүүхэд нас, оюутан ахуй үе, албан хаагч явсан тухайгаа дурсахгүй юу. Социализм танд ер нь юу өгсөн бэ, нэмж тодотгоход социализм нийгмийн нэг формацийн хувьд эргэлт буцалтгүй сөнөж мөхсөн үү. Социализм ба капитализмын сайн ба саар, эерэг ба сөрөг тал нь юу байдаг юм бол?

– Социализм гэдэг хүн төрөлхтөний түүхийн том үзэгдэл. Монголд хэрэгжсэн социализм ЗХУ-д үүссэн социализмын нэг салаа мөчир. Энэ утгаараа том гажуудалд орсон. Жишээ нь социализмын үзлийн анхны үндэслэгчид ард иргэд хувийн өмчтэй байна гэдгийг үгүйсгээгүй. Гэтэл манайхан бүх юм төрийн өмч байна гээд хувийн өмчөөс нь салгаж, хүмүүсийг хувийн хариуцлагаас нь хөндийрүүлж, завхралд хүргэсэн.

Социализм юу өгөв гэвэл, улс орон ядуу,буурай, дорой байх үед нийгмийнхээ баялгийг төр рүү чиглүүлж ашиглах нь илүү үр дүнтэйг харуулсан. Орос  ялгаагүй, Монгол ч тийм байсан. Төр эдийн засгаа өөд татах, хүмүүсийн амьдралыг өөд татахад тодорхой нөлөө үзүүлсэн. Социализмын үед төр нь нийгмийн хариуцлагыг үүрэх  цам ёсоор Монголд соёл, анагаах ухаан, шинжлэх ухаан, боловсролын тогтолцоо бий болсон. Капиталист нийгмийн үед ийм түгээмэл болж чадахгүй. Энэ бол ашиг, орлого олдог салбар биш. Миний бодоход манайд түгсэн социализмын үзэл бол Зөвлөлт Оросоор дамжсан Европын социализмын үзэл. Тэр утгаараа Европын соёлын үнэт зүйлийг Монголд авчирч олон зүйлийг үлдээж өгсөн. Л.Гумилевын алдарт номлолоор бол өгөршиж хөгширсөн угсаатан соёл иргэншлээ холын соёл иргэншилтэй хослуулж чадвал дахин сэргэн манддаг. Энэ утгаар монголчууд оюун санааны хувьд ч, угсаатны хувьд ч социализмын үед сэргэсэн.

-Тэгвэл социализм Монголд юу өгч чадаагүй вэ?

-Биднийг хувь хүний хариуцлагаас хөндийрүүлсэн. Хэнтэй ч яриад танай хүүхэд юу хийж байна гэхэд “Юм хийгээгүй ээ, хувийн жаахан юм оролддог” гэдэг. Өөрөөр хэлбэл, төр орж ажилд хуваарилж байж хувь хүн өөрийгөө ажилтай гэж хариуцлагаа ойлгодог. Хувь хүн өөрийн амьдралыг хариуцаж, ажлынхаа үр шимийг өөртөө зориулахыг улсаас хийсэнгүй. Гэхдээ социализм эргэлт буцалтгүй. Одоо манайхан социализмыг хараах үзэгдэл их болжээ. Гэтэл капитализм нь социализмаас түрүүнд дэлхийн хоёр дайн өдүүлж хямрал тээсэн өвчтэй нийгэм. Үүнийг туг болгож түүн рүү зорьж тэмүүлээд байх уу. Ер нь түүх давтагддаггүй. Социализмын үед олсон ололтоо, капитализмын үеийн  юманд батай суурь болдог үнэт зүйтэй хослуулж цааш авч явбал хүн төрөлхтөн цааш шинэ замаар явах байх. Өнөөдөр коронавирусын үед  эрүүл мэндийн салбарыг харж байхад барууны орнууд яаж нурж унаж буйг харахал социализмаас авах зүйл байна гэж харагдаж байгаа биз дээ.

-Статистикийн төв газар, Үнийн хороо таны ажил, амьдралын замналд том байр суурийг эзэлж таарна. Тэр үед төрийн албаны томилгоо яаж хийгддэг байсан юм бол. Өнөө цаг үеийн албан тушаалын томилгоо, “цүнх баригчид”-ын гишгүүр дэвжээ танд ямар санагдаж байна, өчигдөр ба өнөөдрийг харьцуулж яривал сонин байх биз?

-Социализмын үед төрийн албанд хүн томилох, нөгөө талаас үзэл суртлыг барихын зэрэгцээ Чингисийн үеийн төрт ёсны уламжлалыг хадгалж явсан. Энэ бол хүн төрөлхтний төрт ёсны маш том уламжлал. Энэ үед төрд ажиллах хүнийг шилж олох, удам угсаагаар нь шинжих, зан араншинг нь шинжих, соёл, хүмүүжил төлөвшлийг шинжих, боловсролыг шинжих, тэр хүний зүтгэлийг шинжих гэдэг эртний түүхтэй. Дорнын соёл иргэншилд Энэтхэгийн Махабахарат байна. Тэнд төрийн ажилтан ямар байх стандартыг хаан, сайд гэхчлэн  ямар байхаас эхлэн заасан. Манайд хаан хүний эрдэм, түшмэл хүний эрдэм гээд ярьдаг. Тэр ёсыг барьж явсан учраас төрд ажиллах хүнийг олон талаас шинжиж байсан. Одоо Монголд тэгш эрхтэй гэдэг, тэр дотроос нь аль овсгоотой, зальтай нэг нь шургахыг боддог болсноороо ялгаатай. Анзаарч байхад төрийн албанд төрөл садангийн холбоо, эсвэл дарга нарт тал засах, намд хандив өргөх талаас шургах нь илүү давамгайлдаг болжээ. Ингэж явбал цаашдаа Монголын  төр мөхөх аюултай. Төр мөхнө гэдэг улс үндэстний хувь заяа эргэлзээнд орно гэсэн үг.

 -Социализмын бүтээгдэхүүн атал та Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар томилогдсон. Тэр үед таны толгойлсон Засгийн газрын тэргүүн зэргийн зорилтууд юу байв. Санаж бодсоноо бүгдийг гүйцэлдүүлэн хэрэгжүүлж чадсан уу?

-Социализм өөрийн сул талтай, энэ систем доголдож эхэлсэн нь 1970-аад оны сүүлч 1980-аад оны эхнээс ил болсон. Манайхны хэлдгээр 1990 онд бүх юм хөмөрчихсөн биш. Миний хувьд гэнэтийн асуудал байгаагүй. Хамгийн сүүлд би 1989 оны зургадугаар сарын 12-нд Ж.Батмөнх гуайд хэлсэн юм, “Социализм гээд бүтэхгүй нь, бидний зам мухардалд орсон шиг байна “гэж. Ж.Батмөнх гуай тэр үед өөр замыг сонгох хэрэгтэй болох нь гэсэн. Тэр хүний санаа нь Сэргэн мандлын нам болох байсан. Гэвч бусад нь хүлээж аваагүй. Миний хувьд социализм өөрчлөгдөх нь  гэдэг бол гэнэтийн байгаагүй. Тэр үед БНХАУ-ын КН-ын хурал болж  Хятадын онцлогтой социализм байгуулна гэсэн. Күнзийн сургаалыг Марксизмтай хослуулж авч  явах  тухай юм. Түүгээрээ замаа өөрчлөөд явсан. 1989 оноос зүүн Европын орнууд өөрчлөгдөж,  удирдагч нарынхаа заримыг шоронд хийж, заримыг нь буудаж, төрийн эргэлт хийсэн. Иймэрхүү явцуу үед миний хувьд Монголоо дахиж нийгмийн сөргөлдөөний цуст замд оруулахгүйгээр өөрчлөлтөд оруулах сан гэж бодсон. Түүнийгээ тухайн үеийн намын удирдлагуудад хэлж байсан. Түүхийн жам ёсны үзэгдэл болж Улс төрийн товчоо өөрчлөгдөж, бид шинэ замаар явсан. Гол асуудал шинэ улс төрийн хүчнүүд, Ардчилсан холбоо, Шинэ дэвшилтэт холбоо, АСХ улс төрийн туршлагагүй. Тэгсэн атлаа нийгмийн дотоод холбооны үүсгүүр болж байсан. Нийгмийн зөвшилцөлгүйгээр урагшаа явахгүй байсан тул би Засгийн газраа “Эвслийн”  гэж нэрлэн байгуулж хоёр Шадар сайдыг томилох асуудлыг ардчилсан  хүчинд өгсөн. Манай Засгийн газар 16 гишүүнтэй, дундаж нас нь 42, хамгийн залуу нь Д.Дорлигжав 32 настай байсан. 16 хүний ес нь академич, доктор, профессор, төрийн кандитат , эрдэм боловсролтой хүмүүс байсан. Тийм болохоор ажлын арга барилын хомсдол, цалгардал гарах нь бага байлаа. Тэр үед гурван том зорилт байсан. Бид зөвлөлтийн  хараат байдалд, түүнээс гарах хэцүү. Тусгаар тогтнол, бүрэн эрхийн асуудлыг өөрийн гарт авах чухал. Нөгөөтэйгүүр, социализмын Монголд хэвшсэн загвараас гарч чөлөөт эдийн засгийн суурийг тавих, гуравдугаарт Монголыг олон улсын тавцанд өөрийн байр суурь,  хүрээлэлтэй  болгох байлаа. Үндсэндээ бид зорилтоо эхлүүлсэн. Гэхдээ хоёрхон жилийн дотор юу хийж амжих билээ.  Үндсэн хуулийн баталгаагүй орчинд ажиллаж байсан Засгийн газар шүү дээ. Хэн нэгэн төрийн эргэлт хийхэд болзоолгогүй үе байлаа. Гэвч УИХ ч, Засгийн газар, Ерөнхийлөгч ч  Монголоо хөгжүүлэх шинэ замын гарцанд хүрэхээр гар нийлж ажилласан.

-Танхимын сайдаараа та Ардын намын ч, Ардчилсан намын ч төлөөлөл болсон шинэ, залуу хүмүүсийг томилж байсан. Туршлага, мэдлэг чадвар дутна гэсэн айдас танд байгаагүй юу. Тэд таны итгэлийг зүтгэлээр хариулж чадсан уу?

-Танхимаа бүрдүүлэх амар ажил биш. Ерөнхий сайд хэнтэй хэрхэн ажиллах вэ гэдгээ бодож сонгоно. Гэтэл хажуу талаас төрд оролцож байгаа улс төрийн хүчнүүд энийгээ, тэрнийгээ оруулна гэнэ. Зарим нь Ерөнхий сайдын санал болгосон хүнийг хүлээж авахгүй. Зөвшөөрөхгүй ч асуудал байдаг. Заримдаа Ерөнхий сайд намуудын санал болгосон хүнийг хүлээж авахгүй. Тэр үед хөгийн зүйлүүд ч тохиолдож л байлаа. Тухайлбал, Ш.Жадамбаа, Ж.Амарсанаа нарыг намын удирдлага зөвүөөрөхгүй байсан ч би зүтгэж байгаад авч байсан.

-Таныг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед гарсан 20 дугаар тогтоолыг зарим хүн Монголыг хөмөрсөн. Нэг өглөө сэрэхэд төгрөгийн ханш хоёр дахин унаж бүх зүйл үнэгүй болчихсон гэж шүүмжлэх нь бий. Хадгаламжинд саяас илүү төгрөгтэй хоёрхон хүн тэр үед Монголд байсан, тэр хүмүүс илүү их гоморхсон гэж сонссон юм байна. Тэр үнэн үү. Энэхүү эрс шийдвэртэй реформын алдаа, оноо нь юу байв?

-20 дугаар тогтоолыг монголчууд 30-аад жил шуугиж ярилцаж байна. Гэхдээ би нэг зүйлийг боддог. Тэр үеийн нөхцөл байдал, улс төрийн байдлыг ойлгохгүй хүмүүс шүүмжилдэг. Саяхан би 20 дугаар тогтоол яагаад гарах болсон тухай нийтлэл бичсэн. Тухайн үед ЗХУ-аас салан тусгаарлахад Монголд Оросын үй олон цэрэг байсан бөгөөд тэр чинээгээрээ гар дээр эргэлдэж байсан бэлэн мөнгөний багагүй нь Орос цэргүүдэд байсан. Тэд  нутаг буцахдаа авч явж болохоор юу л байна, хүнсний  бараа аваад явсан гээд асуудал бий. Товчхон хэлбэл, 20 дугаар тогтоол бол их түймрийн өөдөөс тавьсан цурам. Монголын эдийн засаг тэр үеийн социалист орнуудаас хамгийн ядуу. Гэхдээ инфляцид шилжих тэр үеийн Европын орнуудаас 5-6 дахин бага. ЗХУ-аас 40 дахин бага, ийм л байсан. Тэр үед  хоёрхон хүн саяас илүү хадгаламжтай байсан, ядуу байсан байгаа биз. Харин 20 дугаар тогтоолд хэлмэгдсэн хоёр бүлэг бий, нэг нь хөдөөгийн малчид. Нөгөө нь залуус, тэр үеийн гадаадад сурдаг оюутнууд тарваганы арьс зарж жаахан мөнгөтэй болж байсан нь хүнд байдал руу  орсон.

– Та Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд. Яагаад 17 дахь нь вэ гэдэг өөрөө бас асуулт. 1992 оны 1 дүгээр сарын 20-ны орой УИХ-ын чуулганд та үг хэлэхдээ Монголын төр үе үеийн Ерөнхий сайдуудаа золионд гаргасан, хамгаалж чадаагүй гэх асуудлыг анх хөндөж тавьсан байдаг. Өнөөдрийн өндөрлөг дээрээс Ерөнхий сайдуудын үйл ажиллагаатай холбоотой чухам ямар зүйлийг та онцолж хэлэх бол?

-Монгол Улс төрөө сэргээсэн ХХ зууны эхэн үеэс Ерөнхий сайдууддаа маш халгаатай явж ирсэн. Анхны Ерөнхий сайд Да лам Г.Цэрэнчимэд хутгалуулж нас барсан. Т.Намнансүрэн хорлогдсон. Түүнчлэн Г.Чагдаржав, төрийн тэргүүн байсан жанжин Д.Сүхбаатар, Жалханз хутагт,  Ц.Жигжиджав, П.Гэндэн, А.Амар, Х.Чойбалсан, хамгийн сүүлд Ю.Цэдэнбал гадаад хорлогдож нас барсан. Монголын Ерөнхий сайдууд золионы, хүнд хариуцлага үүрдэг хүмүүс байж ирсэн. Тэрийг л хэлсэн ухаантай. Ер нь Ерөнхий сайд бол  хамгийн хүнд ачааг үүрдэг. Тиймээс энэ хүмүүсээ бодох учиртай.

-2020 оны УИХ-ын сонгуулийн босгон дээр та бид хоёр энэ ярилцлагыг хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч тэтэмт нянгийн цар тахлын хорио цээрийг ч бодолцсон байх, бас хүнд хэцүү байгаа өнөөгийн нөхцөлд хөрөнгө мөнгө хэмнэхийг ч хүссэн биз, УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулаач гээд барсангүй. Эрх баригчид хөл хориог харин ч овжноор ашиглаж, цар тахлаар айлгаж сүрдүүлж иргэдээ номхон хүлцэнгүй байлгаж байгаад сонгуулиа хийхээр болчихлоо. Өвчин тахал дэлгэрэх, халдварлах нь тэдэнд ер падгүй бололтой. Өмнө нь олонхиороо хүч түрж байгаад томсгосон мажоритар системээр УИХ-ын сонгуулийг явуулахаар хууль гаргаж авсандаа ихэд эрдэж бардаж байх шиг байна. Бас сүүлийн дөрвөн сарын хөл хорио цээр ч тэдэнд нэмэх оноо авчирч байгаа бололтой. Шулуудаж шуударчээ. Энэ сонгуулийн үр дүн ер нь яаж гарах бол. 2016 онд З.Энхболд АН-ыг толгойлж байхдаа нэг иймэрхүү эрхэмсэг бардам дээрэнгүй дүр төрхтэй дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байсан санагдах юм. У.Хүрэлсүх өнөөдөр тийм байдлаар авирлаж байна. Аз уу, эз үү?

-Би заримдаа боддог юм, Монголд “Зэрэг нэмэхийн өмнө” гэж кино бий.  Дүвчинмижидбалбагомбо гэдэг ноёнтон зэрэг нэмнэ гээд ембүү бариад явдаг. Одоо сонгуульд орж байгаа хүмүүсийн ихэнх нь тийм маягтай. Тэгэхээр сонгуулийн үр дүн яаж гарах вэ. Итгэл үнэмшил хүлээх мөрийн хөтөлбөртэй хүн сонгогдвол зөв болно. Зөвхөн бие дааж байгаа 208 хүн байгаа юм уу даа. Тэгэхээр энэ маш сонин сонгууль болно. Цар тахлын улмаас гээд хөдолөх, явах, ухуулах боломж багатай. Хуучин архаг, олон түмнээ хуваагаад дансалчихдаг улс төрийн хүчнүүд давуу байдалтай болчихдог. Ерөнхийлөгч сонгууль хойшлуулъя гэхэд МАН, АН хоёр дугтчаад сонгууль явуулна гээд байгаа. Надад нэг сонин зүйл бодогддог. Ж.Мөнхбат аварга илүү барилдаж байх үедээ улсын наадмаар нэг хүүхэдтэй таараад нөгөөхөө нухаж, өнөөх нь ядраад хэлж л дээ, “Аварга аа, хоёулаа жаахан түргэлье” гэж. Гэтэл аварга “Давах би яараагүй байхад унах чи яараад яадаг юм” гэсэн байгаа юм.Залуу аварга тэр хүнээр бие халаалт хийж байсан  байх л даа. Одоо энэ хоёр нам хоёулаа баахан асуудалтай болчихоод сонгуульд яарч дугтчаад байх шаардлага байна уу. Сонгууль төвөгтэй болох байх. Гэхдээ энэ сонгууль миний ойлгож байгаагаар нийгэмд тогтвортой ажил хийсэн улс төрийн хүчний хувьд дансны оноо нь давуу гарах болов уу. Гэхдээ л жинхэнэ зөв хөтөлбөр гаргасан, олон түмний итгэл хүлээх улс төрийн хүчнүүдэд  боломж бий. Бие даагчид энэ дундуур  хол явахгүй байх.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2020.5.28  ПҮРЭВ № 105 (6330)

Exit mobile version