Бидэнтэй нэгд

Улс төр

Утаагүй хорооллыг урлан бүтээгч төрийн түшээ

Нийтэлсэн

Тугалхүүгийн БААСАНСҮРЭН

 (МУСГЗ, Д.Нацагдорж болон Ж.Цэвээний шагналт зохиолч, сэтгүүлч)

 

М.Оюунчимэг сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлч хүнд бусдаас ялгарах сайнаар яривал нэг онцлог, саараар хэлбэл нэг зовлон байдаг юм. Нийгмийн харилцааны гүнд байж, хүмүүсийн дунд хутгалдана. Янз бүрийн мэргэжлийн хүнтэй уулзалдана. Тэдэнтэй ярилцана, ойлгох гэж оролдоно. Мэргэжлийнх нь өвөрмөц онцлог энэ. Малчин хүн түүнд малын тарга тэвээрэг, тэнгэр газрын хувирал, өвс ургамлын онцлогоос ярьж байхад тариаланч эр болохоор тариа будаа, тэжээлийн ургамлын ялгарах шинж хийгээд хэдийд үр суулгаж хэрхэн яаж арчилж бордож тордоод хэзээ хурааж авах ёстойг өгүүлнэ. Үүнд нь хөрс шороо, хур бороо, нар сар, салхи шуурга яаж нөлөөлдгийг нэмж хэлж байх жишээтэй.

Эрдэмтэн мэргэдтэй уулзахад өөр өөрийн салбарын шинжлэх ухааны үзэл чиглэлээр өндөр түвшинд онол ярьж, практик зөвлөмж айлдана. Хэр баргийн хүн ойлгож ухаарахад түвэгтэй нарийн ширийнийг өгүүлнэ. Эдийн засагчид, улстөрчидтэй хөөрөлдөхөд нийгмийн хөгжлийн үе шат, өвөрмөц шилжилт, улс орны өчигдөр болоод өнөөдрийн байдал, маргаашийн хөгжил дэвшлийн чиг хандлагын талаарх өөрсдийн санал бодлыг илэрхийлж, таамаг таамаглалыг дэвшүүлэх нь цөөнгүй.

Энэ мэтээр хүн хүн өөр өөрийг ярина, өөр өөрийг хэлнэ. Түүнийг нь сэтгүүлч анхааралтай сонсоно, авах гээхийн ухаанаар амжиж тэмдэглэж авна. Болж өгвөл хөөрөлдөгчтэйгээ эн тэнцүү хэмжээнд мэтгэлцэж маргалдаж үг яриаг нь өдөөж хөгжөөж бадрааж байгаад ойртож дотносохыг хичээнэ. Тэгж байж сая тэр хүнээсээ хэрэгтэй юмаа, хүссэн зүйлээ олж сонсоно. Гайхалтай санааг гаргаж авч олзолно. Энэ нь маш бэрх, үнэхээр хэцүү. Их, дээд сургуулиар энэ бүхнийг гүйцэд зааж сургана гэж байхгүй. Бараг боломжгүй. Сэдвийг  яаж олох, түүнийгээ ямархуу аргаар зохиомжилж бичвэл үзэгч, сонсогч, уншигчдад илүү дөхөж очихыг л голлож заана, дадлагажуулж сургана. Өөрөөр хэлбэл бичлэгийн арга ажиллагаа, зохиомжлох урлагт л сургадаг гэсэн үг. Бусдыг нь сэтгүүлчид ажил дээр гараад, амьдрал дунд нухлагдаж байж өөрсдөө чимх чимхээр уйгагүй цуглуулж хуримтлуулан байж хур туршлагатай, хуудуугүй дадлагатай бичгийн хүн болдог юм. Энэ бол насан туршийн хөдөлмөр. Үүнд сэтгүүлчийн мэргэжлийн гол зовлон оршино. Шулуухан хэлэхэд их сургуулиар олж авсан мэдлэг илт дутагдана. Хаана нь ч хүрэлцэхгүй. Мал маллах ухааныг сэтгүүлч өөрөө муугүй гадарлаж байж малчнаас хэрэгтэй мэдээллээ олж авна. Сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаатай сайн ярилцлага хийхийн тулд дор хаяж астрономын наад захын ойлголттой байх хэрэгтэй болно. Зүрхний эмч Начингийн Баасанжавт тоогдохын тулд Монголын анагаах ухааны, түүний дотор Монголд зүрхний мэс засал хөгжсөн түүхийг судалж хүрсэн амжилтыг мэддэг болсон байх зайлшгүй шаардлагатай. Ингэж сэтгүүлч хүн эхлээд өөрийгөө бэлтгэдэг юм. Өөрөөр хэлбэл уншина, судална. Энэхүү үйл явц тасралтгүй үргэлжилнэ. Тэвэр тэвэр номын ард гарч, тэрэг тэргээр нь цээжиндээ хурааж, тархиндаа баринтаглана. Нэг биш нэг хэсэг мэргэжилд эчнээгээр суралцана. Ухаан задраад, сэтргэл уужраад ирдэг юм. Хүмүүстэй уулзахыг, ухаантай хүнээс үг сонсохыг хүсэмжлээд ирдэг юм. Ямар ч хүнд, тэр битгий хэл хамгийн муу хүнд хүртэл өөр хэнд ч үгүй үнэт санаа байж л таарна гэж бодогдоод, түүнийг нь ухаж төнхөж байгаад уудалж мэдэж мэдрэхсэн гэж хүсдэг болчихдог юм. Сэтгүүлчийн мэргэжлийн жаргал нь эндээ байдаг.

Эл эрхэм нандин чанарыг гүйцэд эзэмшихийг үнэнхүү хичээж, үлэмжийн их хүч хөдөлмөр гаргаж ажилласан цөөхөн сэтгүүлчийн нэг бол миний мэдэхээс М.Оюунчимэг мөн. Эрдэм мэдлэгийг түүнд Ленинградын Улсын Их Сургуулийн эрдэмтэн багш нар заасан, харин ажлын анхны алхамд хөтөлж, амьдралын дадлагад сургаж хэвшүүлсэн нь Монголын төв телевиз. Хүүхэд ахуй наснаас юм бичиж хүн судлаач-сэтгүүлч болохыг хүсч мөрөөдсөн М.Оюунчимэг нэг л зүйлийг голдоо ортол ойлгож ухаарч чадсан байдаг. Их сургууль төгсөж диплом өвөртөлснөөр сэтгүүлч болдоггүй юм байна. Хүн бүр давтагдашгүй гайхамшигт, нээгдээгүй цоо шинэ ертөнц аж. Монголчуудын хэллэгээр бол хүн бүр дээлтэй судар юм байна. Тэрхүү дээлтэй судрыг дэлгэж тавиад дээжилж уншихад түлхүүр хэрэгтэй, түүнийг нь сэтгүүлч өөрөө эрж олж түлхүүрдэж онгойлгоод алт эрдэнэсийг нь алган дээрээ асгаруулан шигшиж түүж түүвэрлэж байгаад түмэн олондоо түгээн дэлгэрүүлэх ёстой юм байна. Ингэхийн тулд энэ биеэ шавхан дайчилж тасралтгүй суралцаж, мэдлэгээ дээшлүүлж, мэдээллээ ахиулах хэрэгтэй аж. Амьдрал өөрөө аугаа том их сургууль мөн байна гэж боддог болсон байна. Төрөлх монгол хэлнийхээ мэдлэгийг улам ахиулж, орос хэлээ гүнзгийрүүлээд зогссонгүй англи хэлнийхээ мэдлэгийг шаардлагын түвшинд хүргэхийг чармайжээ. АНУ, Оклахома мужийн Улсын их сургуульд эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мастерын зэрэг хамгаалж, Нидерландын Вант улсын Радио телевизийн академид Цахим сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. ХБНГУ-ын “Дойчэ велле” академид Боловсролын хөгжлийн чиглэлээр, бас ИБУИНВУ-ын ВВС агентлагт зах зээлийн эдийн засгийн сэтгүүл зүйгээр тус тус мэргэшиж суралцжээ.

Сэтгүүлч М.Оюунчимэг нэг мэдэхэд сэтгэл судлаач, тодорхой утгаар улс төрч болж хувирсан байв. Үүнд гайхах хэрэггүй юм. Нийтлэлч буюу сэтгүүлч хүн бол хүний сэтгэл мэдрэлийн инженер байх ёстой хэмээх үндсэн зорилгодоо л ойртож очсон гэсэн үг. Энэ нь түүнийг улстөрд хөл тавихад хүргэж Нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоход хүчтэй нөлөө үзүүлжээ. Гэр хорооллын таван хорооны иргэдийн ихэнхийн итгэлийг тэр хүлээж чаджээ. Гишүүнээр сонгогдмогц тэрбээр таван хорооныхоо айлуудаар ахин хэсэж иргэдтэйгээ нэгбүрчлэн уулзаж ярилцаж зовлон жаргалыг нь сонсож, амьдрал ахуйг нь судлаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл сэтгүүлчийн үндсэн мэргэжилдээ үнэнч үлдэж дээлтэй монгол судруудаа дэлгэн уншиж эхэлсэн байна. Түм түмэн асуудал ар араасаа босон ирж, бум буман шийдлийг шинэхэн гишүүнээс нэхэн шаардсан аж.

Тэр бүхний дотроос хамгийн хэцүү, хамгийн ихээр хуримтлагдаад архагшиж урхагшсан нь гэр хорооллын утаа униар, хөрс шорооны бохирдол, агаарын өтгөрөл байв. Дүн хүйтэн өвлийн дүлий годил оройн цагаар буюу 19.00-23.00 цагийн хооронд гэр хорооллын гудамжаар явахад алхмын цаана юу болж байгаа нь харагдахгүй утаан хөшиг суунаглан хамар хоолой хорсгон ханиалгаж бөгшүүлж байдаг байв. Үүнийг тэрбээр бүр төв телевизэд ажиллаж байхаас мэдэж мэдрэх болсон тул зүрхэнд нь сум адил хурцаар тусч санаа сэтгэлийг нь шархлуулан эмзэглүүлж үймрүүлсэн байна. Жирийн сэтгүүлч байхдаа утаа тортгийг жигтэйхэн соргогоор мэдэрч төр засгийн түшээдийг хурцхан үгээр “хутгалж” байснаа М.Оюунчимэг мартаагүй байлаа. Өөрийнх нь тэрхүү үгэн сум эргээд ийм эмзгээр, тийм хурцаар тэсрэх бөмбөг адил зүрх сэтгэлд тусах юм гэж зүүдэлсэн ч үгүй явжээ.

Ингээд энэхүү гай барцдаас гарз багатай гарах гарцыг эрж хайж эхэлсэн байна. Түүний сонгогдсон тойрогт тэнгэр баганадсан өндөр байр байшин нэг ширхэг ч байсангүй. Тахиралдсан махиралдсан хэдэн арван гудамжуудад зуугаар, мянгаар тоологдох эсгий гэрүүд л байлаа. Бас навтгар шавтгар шавар амбаарууд олноор нэмэгдэж яндан бүрээс өтгөн хар утаа олгойдно. Амьсгалахад агаар дутагдаж астам хөдөлгөж, харахад хар нүдэн халтирна, халирна.

М.Оюунчимэг бүх ажлаа тэгээс эхэлжээ. Сэтгүүлч, тэр тусмаа эмэгтэй сэтгүүлчид байдаг нэг гойд чанар бол тэсвэр тэвчээр. Уйгагүй чармайлт, ухралтгүй зүтгэл, мятаршгүй хөөцөлдлөгөө. Анх М.Оюунчимэг гэр хорооллынхонд “утаанаас салганаа та нарыгаа, хотын хорооллоос дутахгүй ховорхон цэвэр цэмцгэр, тохитой тухтай шинэхэн хорооллыг буй болгоно, надад итгээрэй, намайг дэмжээрэй” гэж хэлэхэд нь олон хүн итгэсэнгүй. Улстөрчид ирж л байдаг, ам мэдэн бурж л байдаг, удалгүй ууцаа үүрээд эргэж харалгүй буцаад явдаг. Хуурч л байгаа биз, хулхидаж л таарна гэсэн өнгө аяс цухалзуулан хүлээж авсан байна. Надад зарим нь итгэхгүй байна даа гэж М.Оюунчимэг бодсон ч түүнийгээ ил гаргаж хэлсэнгүй. Ханцуй шамлаад л ажилдаа шуурхайлжээ. Яваагүй газаргүй, уулзаагүй хүнгүй, учирлаагүй сайд дарга үгүй. Цөхрөлтгүй явж, тасралтгүй хөөцөлджээ. Ингэж байж шийдвар гаргуулж, хөрөнгө мөнгө олж авч чадсан байна.

Гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээс ажлаа М.Оюунчимэг гишүүн эхлүүлэв. 285 айлыг хамруулсан арван тэрбум төгрөгийн инженерийн шугам сүлжээ бүхий “Дэд бүтцийн төв” төслийг Чингэлтэй дүүргийн 7-р хороонд хэрэгжүүлсэн байна. Хүмүүсийн санаанд багтахад тун хэцүүхэн, итгэж өгөхгүй байсан эл ажил нэг л мэдэхэд хэрэгжин биелчихсэн төвийн телевиз радио, сонин хэвлэлээр шагшин магтаж үлгэр дууриал болгон ярьж хэлж эхэлсэн байдаг. 7-р хорооны олон зуун иргэд магнай тэнийн баярлацгаажээ. Тэднийг төлөөлүүлж би энд хоёрхон иргэний сэтгэгдлээс иш татаж энэхүү баримтаа баталгаажуулъя.

“Анх М.Оюунчимэг гишүүн төсөл хэрэгжүүлнэ гээд ярьж явахад нь итгээгүй ч, өнөөдөр үр шимийг нь хүртээд амьдарч байгаа иргэдийн нэг нь би. Хашаа байшингаа зарахаар шийдэж, зарын сайтад мэдээллээ байрлуулчихсан байсан хүн чинь өнөөдөр түлээ нүүрстэй ноцолдож, ус зөөхгүй, хананаасаа халуун усаа авч, орон сууцнаас тухтай орчинд амьдарч байна” гэж Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэн Лхагвадоржийн Цэгмид үнэн сэтгэлээсээ өгүүлж байхад ”Эхний жил М.Оюунчимэг гишүүн гэр хорооллыг хаус хороолол болгоно гээд явж байхад нь үнэхээр итгээгүй. Харин айлууд халаалтаа аваад тохилог орчинд амьдарч эхэлсэн учраас 2 дахь жилээс нь энэ төсөлд хамрагдсан. Манай гэр бүл Ипотекийн зээл төлөхгүйгээр хашаандаа өөрсдийн хүссэн орчинг бүтээж чадсан. Дээр нь хүүхдээ тоглуулах, машин тавих газар яанаа гэж санаа зовохгүй үнэхээр сайхан амьдарч байна” гэж мөн хорооны иргэн Сумьяагийн Сосорбарам сэтгэл дүүрэн ярьж байх юм. Үүнийг хүмүүст, иргэдэд хэрэгтэй ажил үйлс бүтээжээ гэхээс өөрөөр юу гэж нэрлэх билээ.

Гэвч М.Оюунчимэг гишүүн сэтгэл ханасангүй. Ахиулаад “Шинэ хороо” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. 300 гаруй айл өрх хамрагджээ. Гэр хорооллын хашаанууд дахь шавар байр байшингуудад шалгуур тавьж байгаад засч тордож, дулаалж сайжруулж, будаж шунхдаж, гоёж гоодож эхэлсэн байна. Айл өрхүүдийг хашаан дотроо мод бут, цэцэг навч тарьж ургуулан хөрс шорооны бохирдлыг бууруулах зорилгод уруу татаж, хөдөлгөж бужигнуулсан гэнэ. Байр байшингаа дулаалж сайжруулж айлууд хашаандаа мод бут тарих ажилд бараг бүгдээрээ идэвхийлэн зүтгэлцсэн нь гайхмаар, бас баярламаар. Чингэлтэй дүүргийн 7, 8-р хороонд өрнөсөн энэ ажил худал биш үнэн гэдгийг бас нэгэн иргэний үгээр баталгаажуулъя.

“Манайх Чингэлтэй дүүргийн 8-р хорооны оршин суугч. 2016 оны УИХ-ын сонгуулиар манай тойрогт МАН-аас нэр дэвшигч М.Оюунчимэг нэр дэвшиж сонгогдсон билээ. Сонгогдсон цагаас гишүүний нэн тэргүүнд анхаарсан зүйл нь агаарын бохирдлыг бууруулах, тойргынхоо айл өрхийг тав тухтай, аюулгүй орчинд амьдруулахад чиглэсэн юм. Тэр хүрээнд олон ажил хийсний нэг нь гал түлж байшингаа халаадаг айл өрхийн дулааны алдагдалтай байшинг дулаалж дулааны алдагдлыг бууруулан улмаар цахилгаанаар халаахад чиглэсэн “Шинэ хороо” төсөл юм.

Уг төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 7-р хороонд иж бүрэн инженерийн шугам сүлжээ байгуулж, айл өрхийг дулаан, цэвэр ус болон бохирын нэгдсэн халаалтанд холбож оршин суугчдын амьдрах орчинг эрс сайжруулсан юм. Энэхүү төслийн нэг хэсэг болгон 8-р хороонд хэд хэдэн айлын байшинг дулаалж хамгийн орчин үеийн шийдэлтэй ухаалаг цахилгаан халаалтын иж бүрэн систем суулгаж өгсний нэг нь манайх юм. Гэр хороололд гал түлэх нь агаарын бохирдол бий болгохоос авахуулаад санхүү зэрэг олон талын бэрхшээл байдаг бол энэ төсөлд манай гэр бүл хамрагдсанаар гэр орондоо тохилог тав тухтай амьдрахаас гадна, эдийн засгийн хэмнэлт гаргаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажилд тус болж байгаадаа баяртай байна. Манай гэр бүлээс нэг ч төгрөг гаргуулалгүй бүх зүйлийг төслөөс санхүүжүүлсэн бөгөөд богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж өгсөнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон төслийн нэгжид, хорооны засаг дарга Баярсайхан нарт баярлаж талархсанаа илэрхийлж байна. Удахгүй УИХ-ын сонгууль болно. М.Оюунчимэг гишүүнээ дахин нэр дэвшиж энэ бүх ажлаа үргэлжлүүлж илүү олон айлд тус болно гэдэг итгэлтэй байна. Танд болон таны багт ажлын амжилт хүсье. Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны оршин суугч П.Баясгалан” гэжээ.

Эл талархлыг уншаад надад сонин бөгөөд содон сэтгэгдэл төрсөн. Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүнийг улиран сонгогдооч гэж хэлж байсан иргэн ер нь Монголд хэд байгаа бол? Бараг л үгүй болов уу, байлаа ч тун цөөхөн буй заа. Гэтэл иргэн П.Баясгалан “Удахгүй УИХ-ын сонгууль болно. М.Оюунчимэг гишүүнээ дахин нэр дэвшиж энэ бүх ажлаа үргэлжлүүлж илүү олон айлд тус болно гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ. Өөрөөр хэлбэл тойрогтоо нэр дэвшээч, ахиад сонгогдооч гэсэнтэй адилхан сонсогдож байна. Энэ бүгдээс үзэхэд сэтгүүлч М.Оюунчимэг маань хүн ардынхаа төлөө хичээнгүйлэн зүтгэж хэлэх үгтэй, хийсэн ажилтай байгаа юм байна. Утаагүй гэр хорооллыг Улаанбаатар хотноо урлан бүтээж эхэлжээ. Иргэдийн сэтгэгдэл, талархлаас харахад тэд хотын төв дэх хорооллынхноос ер дутах зүйлгүй, харин ч бүр илүү сайхан аж төрж байгаа юм байна. “Орон сууцнаас тухтай орчинд амьдарч байна” гэж иргэн Л.Цэгмид онцолсон бол С.Сосорбарам “хүүхдээ тоглуулах, машин тавих газар яанаа гэж санаа зовохгүй үнэхээр сайхан амьдарч байна” гэжээ. Сураг сонсвол Чингэлтэй дүүргийнхэн хашаандаа мод бут тарьж, цэцгийн мандал байгуулж, зарим айл хүнсний ногоо төмс, манжин, байцаагаа хүртэл тарьж ургуулж авч ашиглаж байгаа гэнэ. Энэ бол сайхан мэдээ. Ийм ажил эхлүүлсэн гишүүндээ иргэд баярлаж талархалгүй яахав.

Сониуч зан хөдлөөд хэрэг болгож УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн ажлын тайланг авч сонирхов. “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих, Коронавирусын халдварт цар тахлын үед эрсдлээс урьдчилан сэргийлэх зэрэг УИХ-ын 13 хууль, тогтоолын төслийг санаачилж боловсруулан хэрэгжүүлэхэд идэвхийлэн оролцжээ. Дөрвөн жилд 13 хууль, тогтоол санаачилсан гэсэн үг. 20 удаагийн ажлын хэсэгт орж ажиллаж, УИХ-ын 14 хяналт шалгалтын группэд биечлэн оролцсон аж. Туул голын эрэг хөвөөгөөр элс хайрга олборлогчид, орд харш барьж байгуулагчидтай хайр найргүй тэмцэлдэж цөөнгүйг нь зогсоож чадсан байх юм. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаль орчныг сүйтгэж байсан 56 иргэд, аж ахуйн нэгжийн арын хаалгаар олж авсан зөвшөөрлийг цуцалжээ. Туул голыг улсын хамгаалалтад авах асуудлыг хөндөж тавьж, 2020 онд Экологийн цагдаагийн нэгжийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргуулжээ.

Чингэлтэй дүүрэг, өөрийн сонгогдсон тойрогтоо шинэ шинэ бүтээн байгуулалт өрнүүлж сүүлийн 25 жилд хийгдээгүй хөрөнгө оруулалтыг 2016-2020 онд хийж чадсан байна. Тэдгээрээс хамгийн томоохон, бас хамгаас тод харагдах үр дүнтэй ажил нь утаагүй гэр хорооллыг урлан бүтээсэн явдал гэж бүрэн үндэстэй хэлж болохоор байна. Дашрамд дурдахад Улаанбаатар хотын “Цэвэр агаар” сангаас сүүлийн арав гаруй жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 750 тэрбум төгрөгийг салхинд хийсгээд олигтой үр дүнд хүрээгүй байдаг. Харин 2019-2020 онд буюу сүүлийн нэг жилд түүхий нүүрсийг нийслэлд хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшний “Тавантолгой түлш” үйлдвэрийг ашиглалтад оруулах зэрэгт 75 тэрбум төгрөгийг үр ашигтай зарцуулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдол 50-55 хувь, агаарын нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 38-42  хувиар тус тус буурсан байна. Энэхүү эрхэм ариун үйлсэд УИХ-ын эмэгтэй гишүүн М.Оюунчимэгийн оруулсан хувь нэмэр онцгойлон тодорч харагдана. Тэр бол түүний өөрийн тойрогтоо буй болгосон утаагүй хороолол юм. Утаагүй хорооллыг урлан бүтээгч нь бидний үзэг, үйлс нэгт сэтгүүлч Мөнхөөгийн Оюунчимэг байгаад баярлаж, бас бахархаж байна.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2020.5.28  ПҮРЭВ № 105 (6330)

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа