Дэлхий

Олон улсын аялал жуулчлал 2023 он хүртэл хэвийн байдалдаа орохгүй гэв

Нийтэлсэн

Олон улсын аялал жуулчлалын салбар хэвийн байдалдаа эргэн ороход наад зах нь гурван жилийн хугацаа зарцуулах магадлалтай гэдгийг аялал жуулчлалын холбоо мэдэгджээ.

Түүнчлэн COVID-19 өвчний тархалт болон аяллын хязгаарлалтуудаас болж дэлхийн зорчигч тээврийн компаниуд 2023 он хүртэл зогсонги байдалтай байна гэдгийг Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/  мэдээлсэн байна. Тус холбооны тэргүүн Александр де Жюняк авиа компаниуд алдагдлаа нөхөхийн тулд хамгийн багадаа суудлынхаа 70 хувийг дүүргэх шаардлагатай гэдгийг хэлжээ.

Саяхны судалгаагаар аялагчдын 69 хувь нь гадаадад аялж ирээд 14 хоногийн хөл хорионд орохын оронд гэртээ байсан нь дээр гэж үзсэн байна. НҮБ-ын Олон улсын аялал жуулчлалын байгууллагаас (UNWTO) жуулчдын тоо энэ жил 30 хувиар буурна гэж таамаглаж байгаа ажээ.

“Аялал жуулчлалын эдийн засаг” консалтингийн компани мөн л 2023 он хүртэл гадаад аялал сэргэхгүй гэв.

Египетийн аялал жуулчлалын компанийн үүсгэн байгуулагч Махмуд Хадхуд “Хүмүүс айдсаасаа салахын тулд цаг хугацаа хэрэгтэй” гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт зочид буудлын хоёр сүлжээ болон орон сууц түрээслэх үйлчилгээ үзүүлдэг сайт дэлхий олон оронд байгаа салбарууддаа өргөн хэмжээний ариутгал цэвэрлэгээ хийсэн байна.

Америкийн Кейп-Код амралтын газрын захирал Гэри Таландер зочдоо гар утсаар бүртгэх, зоогийн газраар үйлчлүүлэх хүмүүсийн тоог цөөрүүлэхийн тулд өдрийн цайны цагаа нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн өөрчлөлт хийхээр зорьж байгаа ажээ.

Ихэнх амралтын газрууд жуулчдын аялах хэв маяг өөрчлөгдөнө гэж үзэж байна. Жишээ нь, Тайландын жуулчны газруудын холбооноос хүмүүс цөөхүүлээ аялах, эсвэл ганцаарчилсан аялал сонирхох нь нэмэгдэх болов уу хэмээн таамаглаж байна.

Испанийн Гранада мужийн жуулчдын хөтчөөр ажилладаг Андер Фуэнтес олон хүн цугладаг наран шарлагын газруудаас илүүтэй чимээ багатай уулын амралтын газруудыг сонгох нь нэмэгдэх байх гэжээ. Тэрбээр энэ нь шинэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байж болох юм гэж үзэж байна. Тус улсад наймдугаар сарын дунд үеэс аялал жуулчланын салбар нь эргэн сэргэх болов уу гэсэн таамаг дэвшүүлж байгаа аж.

Италийн Венец хотоос холгүй орших нэгэн зочид буудлын эзэн Марко Мичиелли, зун зочдодоо масктай явах шаардлага тавьж байснаас нэгмөсөн ирэх жилээс ажилласан нь дээр гэж үзжээ.

Эх сурвалж: NYPost, Ria.ru

Exit mobile version