Зөвлөгөө

П.Болортуяа: Нойргүйдэлд насны хязгаар байхгүй

Нийтэлсэн

Нойргүүдэл үүсэж буй шалтгаан болон нойргүйдлийг арилгах аргын талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Зөвлөх поликлиник, Сэтгэцийн эмгэг судлал, Сэтгэл засал судлалын их эмч П.Болортуяатай ярилцлаа. 

– Нойргүйдэл гэж юу вэ. Мөн нойргүйдэлд орсноо яаж мэдэх вэ?

– Хүн хэдэн цаг унтсанаас үл хамааран өглөө сэрэхэд амарсан мэдрэмж төрөхгүй байх, бүр толгой өвдөж, шөнөжингөө хар дарж зүүдлэн ядарч сэрдэг бол нойргүйдэл гэж үзнэ. Харин хоногт дөрөвхөн цаг унтсан хэрнээ унтаж амарсан мэдрэмж авч, гүн нойрсдог бол үүнийг унтсан цагаас  үл хамааран нойргүйдэл гэж үзэхгүй.

Гэтэл эсрэгээрээ хоногт 12 цаг буюу хоногийн талыг унтаж өнгөрүүлсэн боловч амарсан мэдрэмж төрөхгүй, жаахан дуу чимээ гарахаар сэрчихдэг, дахиад унтахад бэрхшээлтэй, нэг сэрчихвэл буцаад унтаж чадахгүй өглөө болтол сэрүүн байдаг, унтаж байгаа хэрнээ орчин тойронд болж байгаа бүх зүйлийг сонсож мэдэрдэг бол энэ нь нойргүйдэл юм.

– Хүн яагаад нойргүйдэлтэй болдог вэ?

– Нойргүйдэл үүсгэдэг их олон шалтгаан байдаг.  Ихэнхдээ сэтгэлзүйн хямралд орох, ажлын байрны стресс-т өртөх, биедээ физик гэмтэл бэртэл авах, гэр бүлийн хэн нэг нь хүнд өвдөх, ойр дотны хүнээ алдах, хүчирхийлэлд өртөх, сэтгэл санааны дарамтад орсон үедээ нойргүйддэг. Мөн үе мөч, нурууны өвдөлт, зүрхний өвчин, толгойн өвдөлт гэх мэт биемахбодийн ямар нэгэн өвчтэй байх нь нойргүйдэл үүсэх шалтгаан болдог. Тиймээс юунаас болж нойргүйдэж байгаа шалтгаанаа илрүүлэн түүнийхээ эсрэг арга хэмжээ авах нь нойргүйдлийн эмчилгээний суурь юм.

– Нойргүйдэлд ихэвчлэн хэдэн настай хүмүүс өртдөг вэ?

– Нойргүйдэлд насны хязгаар байхгүй. Бага насны хүүхдээс эхлээд өндөр настангууд бүгд нойрны хямралд орж болдог. Ихэнх хүмүүс өндөр настангууд л нойргүйддэг гэж боддог. Гэтэл ажил, хөдөлмөрийн насныхан ажлын байрны стресс, дарамт шахалт, мөнгө санхүүгийн асуудалд орох, ойр дотны нь хүн хүндээр өвдөх зэрэг түр зуурын сэтгэцийн тулгамдсан асуудалд орсны улмаас шөнөжингөө улигт бодолд автан нойргүй хонох асуудал олонтаа гардаг. Энэ нь удаан үргэлжилбэл ажлын бүтээмжид муугаар нөлөөлж, хүнтэй таарамжгүй, харилцаж чадахгүй болж, ажлаасаа гарах хүртэл үр дагаварт хүргэдэг. Харин өндөр настай хүмүүс бага цагаар унтах бөгөөд шөнө байн байн сэрэх, нэг сэрвэл дахиад унтаж чадахгүй байх, унтсан ч гэсэн ойр тойронд болж буй дуу чимээг сонсож мэдрэх шинж тэмдгүүд ихэвчлэн илэрдэг.

– Хүүхдэд нойргүйдэл яаж илэрдэг вэ?

– Бага насны хүүхдүүд телевиз их үзэх, утсаар тоглоом тоглох, бичлэг үзэх, PC тоглоом удаан хугацаагаар тоглосноос шалтгаалан нойргүйддэг.

Хүүхдэд нойргүйдэл илрэхдээ шөнө нойрон дундаа шүдээ хавирах, яраглах, хар дарж зүүдлэх, зүүдэндээ ярих, босож явах, унтаж байхдаа байн байн уйлж сэрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн шөнө сайн унтаж амраагүйгээс өдрийн цагаар нойрмоглох, анхаарал төвлөрүүлэх чадвар багасах, ой тогтоолт буурах шинжүүд илэрч, улмаар хичээл сурлагадаа муудаж, уур уцаартай болдог.

– Хүүхдийг хэдэн цагт унтуулах хэрэгтэй байдаг вэ?

– Унтахаас хоёр цагийн өмнө зурагт үзэхгүй, утас оролдохгүй, компьютерын тоглоом тоглохгүй байх хэрэгтэй. Хэрвээ яг унтахын өмнө зурагт үзэж, утас оролдож, компьютер тогловол шөнө нойрондоо тоглож байсан тоглоом, үзэж байсан зүйлээ үргэлжлүүлэн зүүдэлснээс үүдэн сайн унтаж амарч чадахгүй байх тохиолдол гардаг. Тиймээс оройн 21 цагт эцэг, эхчүүд бүх зурагт, утас, wi-fi, гэрлээ унтраагаад унтаж амрахад бэлтгэх хэрэгтэй. Хүүхэд хангалттай сайхан унтаж амарснаар анхаарал төвлөрүүлэх чадвар, суралцах чадвар сайжирч, дархлаа дэмжих зэрэг олон сайн талтай.

– Нойргүйдэл нь хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг вэ?

– Нойргүйдэлтэй үйлчлүүлэгчдийн ихэнх нь нэгээс хоёр жил нойрны хямралтай явсан нь оношлогддог. Жишээ нь, орой унтах гэхэд нойр хүрэхгүй, өглөө босоход хэцүү, амарсан мэдрэмж төрөхгүй бүр ядраад босдог. Гэвч ажилдаа явахгүй бол болохгүй гээд босдог. Харин сүүлийн үед архаг ядаргаанд орж, ажлын бүтээмж буурсан, мөн хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохоо больж сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй боллоо. Юманд их амархан гомдож уйлна, эсвэл баярлана, заримдаа гэнэт огцом уурлаж хэн нэгнийг гомдоох үг хэллэг хэлж, юм авч шидэх тохиолдол гаргадаг боллоо гэдэг. Мөн сүүлийн үед барьсан тавьснаа мартаж, анхаарал төвлөрүүлэх чадвар буурч, ой тогтоолт муудаж байна гэсэн зовиур шаналгааг хэлдэг. Энэ бүхэн нь нойргүйдлээс шалтгаалан илэрч буй сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Нойргүйдэл нь удаан хугацаанд үргэлжилбэл сэтгэцийн эмгэгт хүргэж болдог.

 Яаж сайн нойртой болох вэ?

– Нойргүйдлын шинж тэмдэг илэрвэл орой унтахаас өмнө их идэхгүй байх, өтгөн цай, кофе хэрэглэхгүй байх, шингэн зүйл бага уух, биеийн хүч шаардсан хүнд дасгал хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. Янз бүрийн сэтгэл зовоосон асуудал байвал түүнийгээ хэн нэгэн итгэлтэй хүнд ярих, эсвэл цаасан дээр бичээд ураад шатааж хаях гэх мэт аргуудыг ашиглаж, муу бодлуудаа гадагшлуулах хэрэгтэй.

– Хэзээ эмчид хандах ёстой вэ?

– Нойргүйдлын шинж тэмдэг илэрч эхэлсэн үеэс л эмчид хандах нь зөв.

– Нойрны эм гэж ямар эмийг хэлэх вэ?

– Ихэнхдээ манай эмнэлэгт ханддаг хүмүүсээс та нойрны эм ууж байсан уу гэж асуухад тийм хлорфенамин, кетотифин, фезам гэдэг эм уусан гэж хариулдаг. Гэтэл эдгээр эм нь харшил намдаах үйлчилгээтэй эм юм. Монгол Улсын сэтгэцэд нөлөөт, нойрсуулах тайвшруулах эмийн жагсаалтад байдаг эмийг зөвхөн эмч нар тусгай эмийн жорын цаасан дээр бичдэг. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж оношилгоо, эмчилгээнд хамрагдах нь чухал юм.

Exit mobile version