Дэлхий

Судалгаа: Москва хотын хүн амын 12.5 хувьд нь коронавирусийн эсрэг биет үүссэн

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх судалгаа шинжилгээний ажлыг цувралаар хүргэж байгаа билээ.

COVID-19-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм 

1. Стэнфордын их сургуулийн судлаачид Ковид-19-тэй 114 жирэмсэн эмэгтэйг оролцуулсан 18 удаа судалгаа хийхэд 87.5%-д халуурах, 53.8%-д ханиалгах, 22.5%-д ядрах, сульдах шинж тэмдэг илэрчээ. Түүнчлэн Ковид-19-ийн хүндэрлийн улмаас эдгээр эмэгтэйчүүдийн 91% нь кесарев хагалгаагаар төрсөн байна.
2. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос зүүн хойд бүс нутагт шинээр бүртгэгдэж байгаа Ковид-19-ийн эмнэлзүйн зарим шинж тэмдэг Ухань хотод гарсан өвчлөлөөс өөрчлөгдсөн талаар мэдээлжээ. Тухайлбал, халуурах шинж тэмдэг бага, олон эрхтэн тогтолцооны өөрчлөлт цөөн харин уушиг, амьсгалын замын эмгэг шинж тэмдэг зонхилсон байна. Мөн өвчтний эмчилгээ болон эдгэрэлтийн явц удаан байх магадлалтайг онцолжээ.
3. Сингапурын Халдварт өвчин судлалын үндэсний төв, Анагаах ухааны академийн эрдэмтэд Ковид-19-тэй 73 хүнд судалгаа хийж, өвчтөн шинж тэмдэг илрэхээс 2 өдрийн өмнө халдвар тарааж эхлэн энэ нь 7-10 хоногийн турш үргэлжилдэг гэж үзжээ.
4. Москва хотод 50,000 гаруй оршин суугчдын Ковид-19-ийн шинжилгээний дүнд үндэслэн тус хотын 1,5 сая хүн буюу 12,5% нь Коронавирусийн эсрэг биет үүссэн гэж тооцоолжээ.
5. Колумбын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар Америкт зай барих дэглэмийг Ковид-19-ийн дэгдэлт гарснаас хойш 7 хоногийн дотор, хөл хориог тогтоосон хугацаанаас 14 хоногийн өмнө хэрэгжүүлсэн бол өвчлөл 82%, нас баралт 84%-иар буурах боломжтой байсан гэж үзжээ.
6. Ирак улсад хөл хорионы үед нийгмийн сүлжээгээр цацагдаж буй мэдээлэл ард иргэдийн дунд Ковид-19-тэй холбоотой сэтгэл түгшилт үүсгэж байгааг судлаачид тогтоосон. Цахим орчинд цаг их зарцуулах тусам сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэл өндөр байна гэж эрдэмтэд үзжээ.

Эх сурвалж: ЭМЯ

Exit mobile version