Дэлхий

Өмнөд Солонгосын онлайн худалдааны агуулахад дэгдсэн коронавирусийн тархалт хяналтаас гарч болзошгүй байна

Нийтэлсэн

Өмнөд Солонгосын онлайн худалдааны Coupang компанийн Сөүл хот дахь агуулахад коронавирусийн халдвар тараад байгаа билээ.

Агуулахаас гаралтай халдварын тохиолдлууд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна.

Өчигдрийн байдлаар Өмнөд Солонгост халдварын 82 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн бараг хоёр сар орчим хугацаанд хамгийн олноор илэрсэн хэрэг байв.

Өмнөх өдөр нь агуулахаас гаралтай 36 тохиолдол илэрч байжээ. Өчигдрийн 82 тохиолдлын 63 нь агуулахын ажилтнууд байсан бол 19 нь тэднээс халдвар авсан хавьтагчид байжээ.

Coupang компанийн дээрх агуулахад 3,600 орчим хүн ажилладаг юм. Халдвар авсан хүмүүс нь голдуу Сөүл хот болон Инчеон, Гёнги муж зэрэг нийслэлийн ойролцоо бүсүүдэд амьдардаг байжээ.

Өнгөрсөн Бямба гарагт тус агуулахын 40 гаруй насны ажилтнаас анхны халдварын тохиолдол илэрч байв. Тэрбээр тавдугаар сарын 9-ний өдөр Бучеон дүүргийн нэгэн ресторанд болсон төрсөн өдрийн баярт оролцохдоо халдвар авсныг тогтоожээ.

Тус ресторанаас нийт 15 халдварын тохиолдол илэрсэн ба анхны эх үүсвэр нь энэ сарын эхээр Итэвон дүүргийн шөнийн цэнгээний газарт илэрсэн голомт юм байна.

Coupang компанийн агуулахыг 14 хоногийн хугацаанд хааж, ариутгах ажил эхлүүлжээ. Өчигдөр Өмнөд Солонгосын засгийн газар Сөүл хот болон түүний ойр орчмын бүсүүдэд зургаадугаар сарын 14-нийг хүртэл вирусийн тархалтыг зогсоох өргөжүүлсэн арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.

Өмнөд Солонгост сүүлийн байдлаар нийт батлагдсан халдварын тохиолдол 11,344 хүрч, үүнээс 269 хүн нас баржээ.

Эх сурвалж: Korea Times

Exit mobile version