Дэлхий
Японд халдварын хоёр дахь давлагаа дэгдэх эсрдэлтэйг анхааруулжээ
Японд дахь “COVID-19”-ийн халдварын тохиолдол “Их-7”-гийн гишүүн орнуудаас хамгийн бага байгаа хэдий ч халдварын хоёр дахь давлагаа дэгдэх эрсдэлтэйг тус улсын мэргэжилтнүүд анхааруулж байна.
Япон Улсын Кюүшюү мужийн Китакюүшюү хотод сүүлийн тав хоногт шинээр 22 тохиолдол бүртгэгдээд буйгаас 17 нь эх үүсвэр тодорхойгүй байгаа юм. Китакюүшюү хотын захирагч “Нөхцөл байдал хэвээр үргэлжлэх юм бол хотыг халдварын хоёр дахь томоохон давлагаа нөмрөх аюул бодитоор нүүрлэж байна” гэв. Хотын захиргааны зүгээс энэ сарын 28-ны өдрөөс эхлэн хотын 43 байгууламжийн үйл ажиллагааг 18 хоногийн туршид зогсоож, оршин суугчдад зорчих хөдөлгөөнөө хумихыг уриалаад байна.
Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “cluster” халдвар тархалтаас сэргийлэх зорилгоор Китакюүшюү хот руу 27-ны өдөр мэргэжилтнүүдийн багийг илгээжээ. Түүнчлэн “COVID-19”-ийн халдвар Япон даяар дахин тархах тохиолдолд 44,000 эмнэлгийн ор шаардагдах хэдий ч 70 хувийн бэлэн байдалтай буйг орон нутгийн засаг захиргаадад анхааруулж, эмнэлгийн орны хүртээмжийг сайтар хангаж ажиллахыг зөвлөмж болгоод буй юм.
Токио хотод өчигдөр коронавирусийн халдварын 15 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хоног дараалан хоногт 10 буюу түүнээс дээш шинэ тохиолдол бүртгэгдээд байна.
Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭС