Нийгэм

ЭНЭТХЭГЭЭС ИРСЭН ИРГЭД: Эх орондоо ирсэндээ туйлын баяртай байна

Нийтэлсэн

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр энэ сарын 19-ний өдөр БНЭУ-руу захиалгат нислэг үйлдсэн. Тус нислэгээр Энэтхэг улсад эмчилгээ, хагалгаа, сургалт зэрэг шалтгаанаар түр хугацаанд зорчиж байгаад хоёр сарын хугацаанд хатуу хөл хорионд ороод байсан 158 иргэнийг татан авсан.

Өнөөдөр БНЭУ-аас захиалгат нислэгээр ирж, тусгаарлах байранд ажиглалтад байгаа 158 иргэний зүгээс талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож Улсын онцгой комисст 120 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас хандивласныг ар гэрийн төлөөлөл нь Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.

Уулзалтын үеэр ар гэрийн төлөөлөл ”50 хэмийн халуунд, өвчтэй, хагалгаанд орсон, сургууль байраасаа гарч хүнд нөхцөлд байсан иргэдээ татан авсан нь үнэхээр цаг үеэ олсон чухал шийдвэр байсан. Монголчууд тэр бүр хэлэхгүй байгаа ч Монгол Улсын засгийн газар, Улсын Онцгой комисст иргэнийхээ төлөө хийж байгаа үйлсэд маш их баярлаж байгаа. Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд, давхар эрсдэл дагуулан Монгол Улсын иргэдээ эх орондоо авчирсанд гүн талархал илэрхийлье” гэв.

Монгол Улсын Шадар сайд “Бидний ажлыг чин сэтгэлээсээ ойлгон, өндрөөр үнэлж сэтгэл санааны урам дэмжлэг өгч байгаа та бүхэнд талархлаа. Хэдийгээр эхний нислэгээр ламхай нар багтаасан ч цөөн тоогоор ирсэн. Одоо бид хоёр дахь нислэгээр тэр багачуудыг авчрахын төлөө бэлтгэлээ хангаж байна” гэлээ.

Энэтхэгт сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар өдөрт дунджаар 7,000 орчмоор нэмэгдэж, халдварын тоогоор дэлхийд 9 дүгээрт бичигдэж эхлээд байгаа юм

Ар гэрийн төлөөлөл болон ирсэн Б.Мөнх-Учрал Шадар сайдад дахин дахин талархал илэрхийлж байв. Түүний ээж 62 настай, ховор тохиолдлын хорт хавдрын улмаас Монгол, БНСУ-д хагалгаанд орж байсан. Дахин Энэтхэг улсад хагалгаанд орж эх орондоо ирэх боломжгүйд хүрээд байжээ. Хэдийгээр хагалгааны үр дүн гарах болоогүй ч эх орондоо ирсэндээ туйлын их баяртай буйгаа уламжилсан юм.

БНЭУ-аас ирсэн иргэд гурав хоногийн хугацаанд хандивын аяныг дотоод цахим группээр дамжуулан зохион байгуулж, аяны хүрээнд цугларсан 4.0 сая гаруй төгрөгөөр үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” ХХК-ийн Европын орнууд руу захиалгаар нийлүүлж буй exMed сайн чанарын нэг удаагийн хамгаалах хувцаснаас 240 ширхгийг худалдан авч, тэнцүү хуваан Улсын Онцгой комисс болон Энэтхэгийн Элчин сайдын яаманд тус бүр 120 ширхгийг хүлээлгэн өгч байгаа ажээ.

Мөн “Exclusive” ХХК-ийн зүгээс энэхүү сайн үйлсийн аяныг дэмжиж, 34 ширхэг хамгаалах хувцсыг үнэгүй нийлүүлж, хандив өгсөн байна.

БНЭУ руу үйлдэх хоёр дахь удаагийн нислэгээр тэнд байгаа лам хүүхдүүдийг татан авах ажиллагааг ойрын хугацаанд зохион байгуулахаар ажиллаж байна.

Улсын Онцгой комиссын дарга БНЭУ руу үйлдэх хоёр дахь удаагийн нислэгийг Гоман, Сэра дацан хийдэд шавилан суралцаж байгаа бага насны лам хүүхдүүдийг оршин суугаа газартай нь хамгийн ойр газраас шууд нислэгээр татан авах ажиллагааг ойрын хугацаанд зохион байгуулахаар холбогдох байгууллагуудын зүгээс зохих бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Лам-оюутнуудын суралцдаг муж нь Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотоос 2500 орчим километрийн зайтай оршдог тул хүүхдүүдийг удаан хугацаагаар холын замд олноор тээвэрлэхгүй байх, халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ойролцоох газраас нь шууд нислэгээр татан авахаар ийнхүү төлөвлөөд байгаа юм.

Энэтхэгт сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар өдөрт дунджаар 7,000 орчмоор нэмэгдэж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 160 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, халдварын тоогоор дэлхийд 9 дүгээрт бичигдэж эхлээд байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Exit mobile version