Зөвлөгөө

Орон сууцны түлхүүрийг ирэх сарын 15 гэхэд гардуулах үүрэг өгөв

Нийтэлсэн

Засгийн газраас коронавируст халдварт цар тахлын үед галын шугаманд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ дагуу Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан хэсгийн ээлжит хурал өнөөдөр /2020.05.29/ боллоо. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр Монгол банкинд байгаа. Түүнийг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулж, барилгын компаниудаас худалдан авалт хийх эрхийг нээх вэ гэдэг талаар Сангийн яам, НОСК, Монгол банк, Төрийн банкны төлөөллүүд санал хэлж, дахин нэгтгэн  танилцуулахаар болов. БХЯ-аас өгч буй мэдээллээр зөвхөн нийслэлд 100 хувийн гүйцэтгэлтэй, нүүж ороход бэлэн 1983 айлын орон сууц, 80 –аас дээш хувийн гүйцэтгэлтэй 5300 орон сууц зах зээл дээр байгаа аж.Хөтөлбөрт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай 1300-1500 албан хаагчийг хамруулахаар төлөвлөсөн. Үүнд нийлүүлэлт хангалттай байх боломжтой гэв.

Албан хаагчдад сонгох орон сууцанд нь метр квадрат болон үнийн дээд доод босго/хэмжээ/ тогтоохгүй, урьдчилгаа төлбөр шаардахгүй, байршил заахгүй, зах зээл дээр бэлэн байгаа орон сууцнуудаас сонголт хийх нөхцлийг бүрдүүлэхээр судалж байна. Шадар сайд, ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин дараагийн ээлжит хурлыг ирэх долоо хоногийн лхагва гаригт зарлаж, ирэх сарын 15 гэхэд албан хаагчид эхнээсээ түлхүүрээ гардаж, орон сууцандаа орохоор тооцоолж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд хатуу анхааруулав. Зөөвөрлөгдөн орж ирж байгаа цар тахлыг тогтоож барихад тэргүүн эгнээнд амралтгүй, нойр хоолгүй, ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор батлагдсан энэ хөтөлбөрийг авч байгаа хүндээ хүндрэл чирэгдэлгүй орон сууцандаа шууд орох байдлаар богино хугацаанд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангах нь чухал гэв.

Exit mobile version