Улс төр

Б.Оюумаа: Сурталчилгааны материал өгөхөөр айлын хаалга тогшихыг хориглоно

Нийтэлсэн

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй иргэдийн материалыг СЕХ өчигдөр буюу энэ сарын 29-нд хүлээн авч дууслаа. Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын явц болон цаг үеийн асуудлаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагаас тодрууллаа.

-Улс төрийн нам, эвслүүдээс УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхээр хэдэн хүний материал ирүүлэв. Мөн хэдэн иргэн бие даан нэр дэвшихээр байна вэ?

-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд анх 15 нам, 4 эвсэл оролцохоор бүртгүүлж, батламжаа гардаж байсан. Ингээд хуульд заасан хугацаа буюу энэ сарын 17-21-нд СЕХ-нд 13 нам, 4 эвсэл нэр дэвшигчдийн материалаа ирүүллээ. Ардчилал шинэчлэлийн нам, Эх орон нам нэр дэвшүүлсэнгүй. Мөн 137 бие даан нэр дэвшигч материалаа ирүүлсэн.

СЕХ-ны даргын захирамжаар байгуулсан ажлын баг нэр дэвшигчдийн материалыг хуульд нийцэж буй эсэхийг хянаад, хорооны хуралдаанд танилцуулсан. Ингээд хуульд нийцсэн нэр дэвшигчдийг батламжилж, нийцээгүй нэр дэвшигчдэд татгалзсан хариу хүргүүлсэн. Энэ дагуу улс төрийн нам, эвслүүд СЕХ-ноос бүртгэхээс татгалзсан хүмүүсийнхээ оронд өөр хүн нөхөн дэвшүүлэх, бие даагчид материалаа хуульд нийцүүлж, бичиг баримтынхаа бүрдлийг хангаад дахин бүртгүүлэхээр ирэх хугацаа өчигдөр дууслаа. Нам, эвслээс нөхөн нэр дэвшүүлсэн болон дахин бүртгүүлсэн бие даагчдын материалыг СЕХ нэр дэвшигчийн үнэмлэх олгох өдөр буюу ирэх сарын 2-ноос өмнө нягтлан шалгана. Ингээд хуулийн дагуу нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах өдөр нэрсийг СЕХ нийтэд зарлах юм. Тиймээс одоогоор нэр дэвшигчдийн талаар тодорхой тоо хэлэх боломжгүй.

Нам, эсвлээс болон бие даан нэр дэвшихээр материал ирүүлсэн хүмүүсийн хувьд ихэвчлэн бичиг баримт дутуу учраас бүртгэхээс татгалзсан байгаа.

-Зарим улс төрийн нам, эвсэл хэвлэлийн бага хурал хийж, СЕХ бүх нэр дэвшигчдийг нь бүртгэсэн хэмээн зарлаж байсан?

-Нэр дэвшигчийн нэрсийг зарлах хугацаа болоогүй тул мэдээлэл өгөх боломжгүй. Зарим нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчийн бичиг баримтыг нягтлах, тодруулах үүднээс бүртгэхээс түр татгалзсан шийдвэр гаргасан. Хуульд нийцүүлэн баримт бичгээ гүйцээн бүрдүүлсэн  хүмүүсийг батламжилна.

-Засгийн газрын энэ сарын 27-ны ээлжит хуралдаанаар “УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан. Уг журмын талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Энэ журамд сонгуулийн сурталчилгааг цахим хэлбэрээр хийх, танхимд уулзах бол хүн хоорондын зайг барих, нэг уулзалт 2 цагаас удаан хугацаанд үргэлжлэхгүй байх, уулзалт болж байгаа газарт 30 минут тутамд цэвэрлэгээ хийж, агаарын солилцоо оруулах зэрэг зохицуулалтыг тусгасан. Улмаар уулзалтад оролцохоор ирсэн бүх хүмүүсийн биеийн халууныг хэмжих, амны хаалтгүй хүнд нэр дэвшигчийн сонгуулийг хариуцаж буй газар нэг ширхэг маск өгч болох зохицуулалт тусгасан байна. Ингэхдээ иргэнд өгөх амны хаалт сурталчилгааны шинжтэй бичиг, зураг зэргийг агуулаагүй байх ёстой. Үүнээс гадна нэг чухал заалт нь нэр дэвшигч зохион байгуулсан уулзалтдаа хэдэн хүн оролцсон, хаана болсон талаарх бүх мэдээллийг гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулж болно гэж заасан.

Өөрөөр хэлбэл, уулзалтын дараа коронавирустэй холбоотой ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд хэдэн хүн оролцсон талаар тодорхой мэдээлэлтэй байх шаардлага үүснэ. Уулзалтад оролцож буй иргэд дунд коронавирусний сэжигтэй, өндөр халуурсан хүн байвал бусдаас 8-10 метрийн зайд тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх үүрэгтэй.

Ухуулах байранд ажиллаж байгаа хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зайтай байх ёстой. Тэнд ажиллаж байгаа хүмүүс амны хаалт зүүж, бээлий өмсөх ёстой. Үүнээс гадна сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах, санал авах байранд мөрдөх дэг журмыг мөн тодорхой заасан байгаа. Тухайлбал, айл өрхөд очиж, зөөврийн хайрцгаар санал авах хэсгийн хорооны ажилтнууд, цагдаагийн алба хаагчид амны хаалт, бээлийтэй байх ёстой. Айлд орохдоо нэг удаагийн улавч өмсөх зэрэг зохицуулалт тусгасан байна. Сонгуулийн сурталчилгааны хэвлэл материал тараах хүмүүс бээлийтэй байх ёстой. Үүнээс гадна айлын хаалга тогшиж, материалыг биечлэн өгөхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, материалаа айлын хаалганы үүдэнд үлдээгээд явах юм. (Журмыг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү)

-Журмын дагуу иргэд ямар үүрэг хүлээх вэ?

-Иргэд ухуулах байраар орох, эсхүл нэр дэвшигчийн уулзалтад очихдоо хүүхэд дагуулж явахгүй байх, амны хаалт зүүх, гараа ариутгах, халуунаа хэмжүүлэх зэрэг үүрэгтэй.

-Журам зөрчсөн иргэн, нэр дэвшигчид ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-УИХ-аас Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Энэ хууль болон Зөрчлийн тухай хуулийн дагуу тодорхой хариуцлага хүлээлгэнэ.

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк, твиттер ашиглах талаар тодорхой зохицуулалт тусгасан. Үүнтэй холбогдуулан Фейсбүүк компаниас Монгол Улсад түр хугацаанд оффис ажиллуулахаар төлөвлөж байсан. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

-“COVID-19”-өөс сэргийлэх үүднээс Монгол Улс гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байгаа. Тиймээс Фейсбүүк компанийн төлөөлөгч нар Монголд ирэх боломжгүй болсон. Гэхдээ бид тус компанитай цахимаар холбогдож, тогтмол хамтран ажиллаж байна. СЕХ-ноос үнэмлэхээ авсан нэр дэвшигч гурав хоногийн дотор аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд сонгуулийн сурталчилгаандаа ашиглах фейсбүүк, твиттер хуудасныхаа хаягийг бүртгүүлэх заалт тусгасан. Уг хуудсаараа албан ёсоор сурталчилгаа явуулах юм. Бүртгүүлээгүй цахим хуудсаар сурталчилгаа явуулсан, бусдыг гүтгэсэн тохиолдолд албан ёсны сурталчилгаа гэж үзэхгүй, хаягийг устгах, түр хугацаанд зогсоох зэрэг арга хэмжээ авна.

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үед “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2 тэрбум 461 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тогтоол баталсан. Энэ талаар?

-Эрүүл мэнд, онцгой байдлын байгууллага, СЕХ хамтран ажлын баг байгуулж, сонгуулийн үед иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, коронавирусээс сэргийлэхэд зарцуулах хөрөнгө зэргийн талаар нарийн судалгаа хийсэн. Тухайлбал, санал өгөх нэг хүн хэдэн грамм гар ариутгах шингэн хэрэглэх зэргээс эхлээд бүхнийг нарийн тооцсон.

-Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан, бие даан нэр дэвшихээр материалаа өгсөн Н.Номтойбаярыг шүүхээс түр цагдан хорих шийдвэр гаргасан зэрэг мэдээлэл олны анхаарлын төвд байна?

-Манайх энэ тал дээр нарийн тайлбар өгч чадахгүй. Нэр дэвшигч гэж хэн бэ, ямар хүн байх ёстой вэ гэдгийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой заасан байгаа.

Exit mobile version