Дэлхий

АНУ-ын Техас, Аризона, Жоржиа, Миссури, Миннесота мужуудад онц байдал зарлаж, Лондон, Берлинд жагсаал болов

Нийтэлсэн

Тавдугаар сарын 25-ны өдөр цагдаа нар Миннеаполис хотод 46 настай африк гаралтай иргэн Жорж Флоидын амийг хөнөөсөн явдлаас үүдэлтэй тэмцэл АНУ даяар үргэлжилж байна.

Ням гарагт Техас муж даяар онц байдал зарлажээ. Тус мужийн Даллас, Хьюстон, Остин, Сан Антонио зэрэг томоохон хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн нь сүүлдээ хүчирхийлэл, эмх замбараагүй байдал болж хувираад байгаа юм. Үүнээс өмнө Жоржиа, Миссури, Миннесота, Аризона мужуудад мөн онц байдал зарлажээ.

Дээрх мужуудад цагдаагийн хүчээс гадна Үндэсний Гвардын цэргүүдийг дэг журам тогтоох ажиллагаанд дайчлаад байна.

Мөн Умард Дакота, Калифорни, Нью Йорк мужуудад хэсэгчилсэн хүрээнд онц байдал зарлаад байгаа юм.

Жорж Флоидын аллагыг эсэргүүцсэн тэмцэл АНУ-ын том хотуудыг хамраад зогсохгүй хилийн чанадад өргөжжээ.

Ням гарагт Лондон, Берлин хотуудад олон зуун хүн оролцсон цуглаан зохион байгуулагдаж, АНУ-ын тэмцэгчдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Лондон хотын Трафалгар талбайд цугларсан тэмцэгчид Парламентын ордны хажуугаар жагсаж, АНУ-ын элчин сайдын яамны гадна жагсаалаа өндөрлөжээ.

Энэ үеэр Берлин хот дахь АНУ-ын элчин сайдын яамны гадна хэдэн зуун иргэд “Justice for George Floyd”, “Stop killing us”, “Who’s Next” зэрэг уриа, зурагт хуудас барин жагссан байна.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version