Нийгэм

Хөл хорионы үеийн хүүхдийн баяр

Нийтэлсэн

Монгол Улсын гурван сая хүн амын 35 хувь буюу 1.2 сая нь хүүхэд. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал тэдний 597.5 мянга нь хүү, 570.2 мянга нь охин байна. Хэдийгээр Монголын үрс маш олон болж байгаа ч хүүхэд хамгааллын асуудал орхигдсоор байгааг цаг бусаар хорвоогоос буцаж байгаа балчир үрсийн харамсалтай тохиолдлууд  харуулж байна. Хүүхдүүд хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болохоос гадна тоглоомын талбай, сургууль, гэр бүлийн орчиндоо аюулгүй байж чадахгүй байна. Хүүхэд эрсдэлд орсон, амь нас, бие мах бодиороо хохирсон тохиолдлыг тоолж халаглаж суухаас илүү төрийн оновчтой бодлого дутагдаж байна. Зөвхөн “Covid-19” тархсан дөрвөн сар гаруйн хугацаанд гэхэд 10.221 өрхийн 24.246 хүүхэд хоол хүнсний хомсдолд орсныг судалгаа харуулж байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар үнэлгээг 109.991 өрхөд хийхэд 200.0 мянга гаруй хүүхэд амьдарч байна. Урьдчилсан байдлаар 109.991 өрхийн 19 хувь буюу 20.0 мянган өрх эрсдэлтэй, 47.6 хувь буюу 50.0 мянган өрх цаашдаа хөл хориог үргэлжлүүлбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай. Хүүхдээ гэрт нь үлдээж, өрхийн зөвхөн нэг гишүүн хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй байжээ. Өөрөөр хэлбэл, “Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн сан”-гийн Эрсдэлийн программд 22.853 хүүхэд бүртгэлтэй байна.

Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн тэмцэгчид  хүүхэд хамгааллын асуудлыг  өдөр, цаг, хором тутам хөндөж ирсэн ч Олон улсын хүүхдийн баярын өдрөөр илүү өргөн цар хүрээтэйгээр хариуцлага нэхэж, олон үйл явдал өрнөдөг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотойгоор хүүхдийн баяр тэмдэглэхийг хориглоод байгаа юм.

Монгол Улс хүүхдийн баярыг 1952 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд 1995 онд Эх үрсийн баяр, 2003 онд Хүүхдийн баяр хэмээн нэрлэснээр ийнхүү бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байна. Өмнөх жилүүдэд Төв талбай болоод энд тэндгүй хүүхдийн баярын хөтөлбөр, жагсаал цуглаан, хариуцлага нэхсэн хөдөлгөөн өрнөдөг байсан бол энэ жил  хөл хориотой холбоотойгоор нам гүм өнжлөө.

Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж, Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хүүхэд хамгаалалтай холбоотой зарим шийдвэрүүдийг гаргалаа.

 

Х.Баттулга: Монголын ирээдүйгээс уучлал хүсэж байна

 

Ерөнхийлөгч  олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндчилгээндээ  “Томчууд бидний хайхрамжгүй, хариуцлагагүй, болгоомжгүй хандлагаас болж энхрий бяцхан үрс маань эндэх, хохирох явдал удаа дараа гарч байгаад Монголын ирээдүйгээс уучлал хүсэж байна. Бид та бүхнийхээ төлөө алдаагаа засаж, шаардлагатай бүхнийг хийхийн төлөө хичээн ажиллах болно.

Дэлхий даяар тархсан аюулт өвчний үед хөл хориогоо чанд сахиж, эцэг эх, багш нарынхаа үгэнд сайн орж, цахим хичээлээ номдоо шамдан сурч, гараа сайн угааж, амны хаалтаа байнга зүүж байгаа хүүхэд багачууддаа баярлалаа” гэлээ. Мөн энэ үеэр Монголын өнцөг булан бүрт байгаа хүүхдийн дунд “Эх орон хүүхдүүдээс эхэлдэг” сэдэвт зохион бичлэг болон гар зургийн уралдааныг 4 насны ангиллаар зарлаж буйгааг мэдэгдлээ.

 

У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын зардлыг нэмэгдүүлнэ

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Ганц энэ өдөр хүүхдийн эрхийг хамгаалах бус өдөр бүр анхаарал, сонор сэрэмжээ өндөр байлгаж хүүхэд хүчирхийллийн эсрэг хүн бүр санаа тавих цаг ирснийг бидэнд сануулсаар байна. Сүүлийн өдрүүдэд томчууд бидний хайхрамжгүй байдлаас болж энхрий бяцхан хүүхдүүдийн амь нас эндсэнд туйлын ихээр харамсан эмгэнэж байгаагаа илэрхийлье. Засгийн газар 2017 оноос хойш хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг гурав дахин нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг үе шаттай нэмэгдүүлэн ажиллаж байна.

Дэлхийг нөмөрсөн “Covid-19” өрхийн орлогод сөргөөр нөлөөлж, энэ нөлөөг бууруулах үүднээс Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100.0 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ. 2019 онд шинээр нэвтрүүлсэн “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”, “Хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээ”, “Хүүхэд хамгаалагч” төслүүд 2020 онд үргэлжлэн хэрэгжиж байна. Гэсэн хэдий ч бид хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа улам сайжруулах шаардлага байсаар байгааг ойлгож ухамсарлаж байна. Та бидний эргэн тойронд хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэх талаар сонор сэрэмжээ нэмэгдүүлэн, мэдээллийг 108 утсанд шуурхай ирүүлэх шаардлага тавигдаж байна. Засгийн газраас хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг цаашид ч үе шаттайгаар нэмэгдүүлэх болно. Иргэд, аж ахуйн нэгж бүхэн хүүхдийн эрхийн төлөө төр засагтайгаа хүчээ нэгтгэхийг уриалж байна” гэдгийг онцоллоо.

 

Аймаг бүрт хүүхдийн зуслан барина

 

Засгийн газар хүүхдийн эрхийн өдөр ээлжит бусаар хуралдаж Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газар “Олон Улсын Хүүхдийн Найрамдал-2” зусланг байгуулахаар шийдвэрлэлээ. Үйлчилгээний стандартыг шинэ түвшинд хангасан, нэг ээлжиндээ 500 хүртэлх хүүхэд хүлээх авах хүчин чадалтай байхаар тооцсон аж.  Мөн олон улс, үндэстний хүүхэд багачуудаар дамжуулан Монгол орноо дэлхийд сурталчлах боломж бүрдэнэ хэмээн үзжээ.

2019 оны байдлаар улсын хэмжээнд 39 хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулж байгаагаас 14 нь төрийн өмчийн, 25 нь хувийн хэвшлийнх байна. Эдгээрт зусланд амрах насны нийт хүүхдийн 22.5 хувь нь хамрагджээ. Иймд хамран сургалт хангалтгүй байгаа тул цаашид аймаг бүрт хүүхдийн зуслан барих асуудлыг судлан шйидвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэтхэгээс тусгай нислэгээр 219 ламхайг эх оронд нь авч ирнэ

 

БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурч, амьдарч буй нийт 597 монгол иргэн байна. Үүний 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд аж. Тэдгээрээс 219 хүүхдийнх нь  эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагуудаас хүсэлт тавьсны дагуу хүүхдүүдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэжээ. Хүүхдүүдийн амьдарч буй хийдээс  зургаан километрийн зайд “Covid-19”-ын хоёр тохиолдол илэрсэн нь тэдний нөхцөл байдлыг эрсдэлтэй болгосон учир  чартер нислэг гарган хүүхдүүдийг эх оронд нь татан авч ирүүлэхийг хүссэн байна. Эх орондоо ирэх хүсэлтэй 219 хүүхдийн 70 хувь нь  Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс зэрэг аймгуудаас ирсэн орон нутгийн хүүхдүүд аж. Тусгаарлах зардалд шаардагдах 229.9 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс санхүүжүүлж, сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэхээр боллоо.

 

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөр батлав

 

Улсын хэмжээнд ЕБС-иудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байсныг өргөжүүлж “Үдийн хоол” болгож, УИХ-аас “ЕБС-ын хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хуулийг батлан гаргасан.

Засгийн газрын хуралдаанаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Ингэснээр ЕБС-ын хүнсний хангамжийн нэгдсэн тогтолцоог бий болгох, стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, насны ангилалд тохирсон шим тэжээл, амин дэмийн зохист харьцааг хангасан хоолны жортой болох юм.

 

Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж буй багшийн цалинг нэмлээ

 

Засгийн газрын хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг, сургуульд хамрагдах, багшийн ажлыг бодитой үнэлэх, хувьсах зардлын санхүүжилтийг оновчтой болгож үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна гэж үзэж байгаа аж.Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хүүхэд бүрийн суралцах, хөгжих адил тэгш эрхийн баталгааг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах бодлого баримтлан ажиллаж байна.

Exit mobile version