Дэлхий
ОХУ: Covid-19-ийн эсрэг эмийг эмнэлгүүдэд олгоно
ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан, “ХимРар” групптэй хамтран Covid-19-ийн эсрэг эм үйлдвэрлэж, түүнийг нь Эрүүл мэндийн яам нь бүртгэсэн тухай мэдээллийг өнгөрсөн Ням гаригт /2020.05.31/ олон нийтэд мэдээлсэн. Эмийн 60 мянган курсийг нь ОХУ-ын эмнэлгүүдэд зургадугаар сарын 11-нд олгохоор болжээ. Ингэхдээ тус эмийг жижиглэнгийн худалдаанд гаргахаар төлөвлөөгүй гэдгийг талууд мэдээллийнхээ үеэр мэдэгдсэн юм. “Авифавир” эм нь Covid-19-ийн хөнгөн болон дунд хэлбэрийн эмчилгээнд зориулагдсан аж. Харин энэхүү эм нь хэдэн рублиэр худалдаалагдах эсэх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар Covid-19-ийн эсрэг шууд нөлөөтэй хоёр эм байна. Тухайлбал, ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Авифавир” /таблетка хэлбэрээр/ болон АНУ-ын Gilead Sciences компанийн “Ремдесивир” /судсаар тарих/ байна. Эдгээр эмийг ОХУ, БНХАУ, АНУ, Япон гэсэн дөрвөн улсад үйлдвэрлэж байгаа ажээ.
Авифавир эмийг Японы фавипиравир эмийн баазад үйлдвэрлэж байна. Энэ эм нь 2014 оноос хүнд төрлийн ханиадны эмчилгээнд ашиглаж байв. Худалдааны нэр нь Авиган бөгөөд Covid-19-ийн эсрэг үр нөлөөг нь япончууд судалж дуусаагүй байна.
Харин ОХУ-д үйлдвэрлэгдсэн Авифавир эм нь хэдийнэ үр дүнгээ өгөөд эхэлжээ. Тус эмийн эмчилгээнд 40 өвчтөн хамрагдсан бөгөөд 65 хувийнх нь шинжилгээний хариу дөрвөн өдрийн дараа сөрөг буюу коронавирусгүй гэж гарчээ. Харин 10 өдрийн дараа эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн 90 хувийнх нь шинжилгээний хариунд коронавирус илрээгүй байна.
«ХимРар» группийн мэдэгдсэнээр “Авифавир” эмийн клиникийн судалгаа дуусаагүй байгаа ч эцсийн шатандаа явж байна гэв. Мөн судалгааны үр дүнг сэтгүүлд нийтлэх, олон нийтэд мэдээлэх хараахан эрт байгаа гэж үзжээ.
Гэхдээ энэхүү эм нь урагт сөргөөр нөлөөлж болзошгүй тул эмийг хэрэглэхээс өмнө тухай өвчтөн бие давхар болсон эсэхийг хянах зэрэг маш хатуу зааварыг тусгаж өгсөн гэв.