Нийгэм
Ч.Мангалжалав: ШУТИС дэлхийн шилдэг 1000 сургуулийн нэг болно
Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох гол салбаруудын нэг бол эрчим хүчний салбар. Энэ салбарт голлох үүрэгтэй ажилладаг, өндөр ур чадвартай инженер техникийн ажилтнуудын дийлэнх нь ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулиас төрөн гарсан байдаг. Тиймээс элсэлт, төгсөлт зэрэгцсэн энэ үед боловсролын асуудал тойрсон олон сэдвээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал доктор, профессор Ч.Мангалжалавтай ярилцлаа.
– Дэлхийн олон оронд “COVID-19” халдвар тархаад буй энэ үед дэлхийн боловсролын салбар хүндхэн сорилттой тулгараад байна. Манай оронд ч мөн ялгаагүй, бүх хичээл зайны сургалтад шилжиж, нэг үеэ бодвол бид ажлын ихийг асуудалгүй нугалаад байна. ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль энэ хүнд цаг үед ямар зохион байгуулалттай, яаж ажиллаж байна вэ?
-“COVID-19” цар тахлын хор нөлөө өнөөдөр Монгол оронд төдийгүй дэлхий нийтэд аюулын харанга дэлдэж, хүн төрөлхтний хөгжлийг сааруулж, улс орон бүрийн нийгэм, эдийн засагт хүндээр тусч байна. Энэ өвчнөөс болж, хүмүүсийн ажиллаж амьдрах, сурч хөгжих нөхцөл өөрчлөгдөж, олон салбарт хүндрэл бэрхшээлийг үүсгэж байна. Дэлхий нийтээрээ энэ өвчнийг даван туулахын төлөө хамтдаа хүчин зүтгэж, хичээж байгаа боловч олон хүний амь эрсдэж, олон хүн өвчилж, үнэхээр хүчин мөхөстөж байна. Харин Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эсрэг зөв, зүйтэй хариу арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлсний хүчинд өнөөдөр бид халдварын тархалтыг хяналтандаа авч, дотооддоо алдахгүй хариуцлагатай ажиллаж байна. Үүнийг бид бүхэн хүн рүүгээ чиглэсэн зөв зүйтэй бодлого авч хэрэгжүүллээ гэж талархан хүлээн авч байна.
Үүний зэрэгцээ Засгийн газрын зүгээс, БСШУСЯ-наас дээд боловсролын салбарт цар тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, ШУТИС болон манай Эрчим хүчний сургууль дотооддоо хичээл сургалтын үйл ажиллагаа, багш оюутнуудын сургалтын асуудлыг хэрхэн зохицуулж ажиллах тухай дотоод журам гаргаж, холбогдох шийдвэрүүдийг авч хэрэгжүүлсэн.
Цар тахал гарсан нь дэлхий нийтэд үнэхээр гэнэтийн зүйл байлаа. Дэлхий даяар хэдэн зуун сургуулиуд хаагдаж, дэлхийн 1.4 тэрбум суралцагч сургуульдаа явах боломжгүй болсон. Манай улсын хувьд ч ялгаагүй, танхимын сургалтыг зогсоосон учраас оюутан сурагч, эрдэмтэн судлаачид, багш нар маань бүгд шинэ нөхцөл байдалд тохируулан сургалтын үйл ажиллагаагаа цахимаар явуулж, зайнаас хичээллэсэн. Цахим сургалт бол боловсролын салбарт шинэчлэлтийг авчирч буй сургалтын хэлбэр. Тэр утгаараа онлайн сургалт нь хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад хамгийн зөв, оновчтой шийдлүүдийн нэг байсан.
Хэдийгээр бид өмнө нь магистр, докторын шаталсан сургалтандаа цахим сургалтыг түлхүү ашиглаж байсан ч ийм өргөн хүрээнд ашиглаж байсангүй. “COVID-19”-ийн нөлөөгөөр бид анх удаа нийтээрээ цахим сургалтын арга барилд шилжсэн. Үнэхээр эхний сардаа онлайн сургалтыг ашиглах, дижитал технологийг багш сурагчгүй яаж ашиглах вэ. Хөдөө орон нутагт, малын бэлчээрт яваа, гэртээ байгаа оюутанд хичээлээ яаж хүргэх вэ гээд гайхаж байсан ч богино хугацаанд зөв гольдиролдоо орсон. Манай ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль компьютер хангамж, техник хэрэгсэл, багшлах боловсон хүчин сайтай. Мэдээлэл, технологийн салбарт багш нар маань маш өргөн мэдлэг боловсролтой. Эдгээр багш нарынхаа идэвх санаачлагаар бид бүх оюутнаа цахим сургалтад өргөн хүрээтэй хамруулж, хичээлээ асууж дүгнэх, үнэлэх арга барилыг үр дүнтэй нэвтрүүлсэн.
-Цахим сургалт багш, оюутнуудад ямар боломжуудыг олгож байна вэ. Өнөөдөр танай сургууль цахимаар шалгалтаа авч байх шиг байна. Үр дүн, оюутнуудын идэвх оролцоо хэр байна?
-Эхэн үедээ бид энэ ажлын үр дүн ямар байх бол гэж сэтгэл их зовж байлаа. Ялангуяа, шалгалт шүүлэг авах үед багш нарын баг гаргаж, гэрээсээ болон ажлаасаа, зайнаас янз бүрийн хэлбэрээр сургалтаа явуулсан. Захирлын зөвлөлийн хуралдаан, салбар тэнхимийн хурал, багш нарын уулзалт зөвлөгөөн гээд бүх ажлаа цахимаар явуулсан. Багш, оюутнуудынхаа харилцаа холбоог аль болох ойр байлгах гэж хичээл сургалтынхаа талаар байнга холбоотой ажилласан. Багш нар маань лабораториудын туршилтаа хүртэл видео хичээл болгон байршуулж, оюутнууддаа хүргэсэн. Одоо эцсийн үр дүн харьцангуй сайн гарч байна. Оюутнуудынхаа шалгалтыг онлайнаар зохион байгуулж, бакалавр, магистрын шалгалтаа цахимаар авч байна. Багш нар маань заасан хичээл, өгсөн даалгавруудаа тест хэлбэрээр, цахимаар шалган авч байна. Хамгийн талархууштай нь, багш, оюутнуудын идэвхи оролцоо маш сайн байна. Хүнд итгэж, багш оюутан хоёрт үр дүн, хариуцлагыг нь хамтад нь тооцох механизм цахим сургалт дээр илүү тод, үр дүнтэй харагдаж байна. Оюутнууд дунд хүртэл олон өөрчлөлт гарч байна. Оюутан өөрөө юу хийж чаддагаа харуулж байна. Өөртөө итгэж, өөрийгөө дайчилж байна. Идэвх санаачлагатай суралцаж байна. Энэ бүх зүйл онлайн сургалтын давуу тал гэж харж байна. Зарим оюутанд цахим сургалт нь танхимын сургалтаас илүү тухайн оюутны чөлөөт сэтгэлгээг нээж, задалж өгч байна. Өмнө нь төдийлөн ярьдаггүй, дуугардаггүй байсан хүүхэд хүртэл өөрөө сэтгэж, хийж бүтээж, түүнийгээ ярьж тайлбарлаж байна. Цахим сургалт оюутнуудад энэ бүх чадваруудыг олгож байгаад баяртай байна.
-Бид бас энэ хугацаанд багагүй туршлага суулаа. Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж буй энэ үед зайны сургалтыг чанартай явуулах, илүү боловсронгуй болгоход юуг илүүтэй анхаарах ёстой вэ. Таны бодол?
-Сүүлийн өдрүүдэд бид бакалавр, магистрын сургалтын шалгалтуудаа цахимаар авч байна. Диплом хамгаалж буй оюутнууд томъёо тэгшитгэлээ зөв тайлбарлаж чадах болов уу. Зураг схемээ зурж чадах болов уу гэж санаа зовж байлаа. Гэтэл ямар ч асуудалгүй зурж, тайлбарлаж байгааг нь хараад бахархах сэтгэл төрж байлаа. Бүх зүйлээ цэгцтэй сайхан бэлтгээд, ярих зүйлээ 15 минутанд багтаан бэлдэж, багцалсан байна. Тиймээс цаашид цахим сургалтыг бид өргөн хүрээтэй ашиглах нь зүйтэй юм байна, цаг нь иржээ гэж харж байна. Ер нь цаашид цахим сургалтыг үндсэн хичээлийн хөтөлбөрт, 20-30 хувьд нь оруулах ёстой юм байна. Багш нарын ажиллах орчин нөхцөл, компьютер техник хэрэгслийг сайжруулах, лабораториудаа шинэчлэх гээд бид олон ажлуудыг хийж байна. Цахим сургалтын давуу талыг ашиглаж чадвал бид хүнээ, улс орноо хөгжүүлэх нэмэлт боломж их байна. Монгол орон, өргөн уудам газар нутагтай, уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтай, хүн ам цөөтэй гээд давуу тал их. Энэ улс оронд бид нэг хүн 2-3 мэргэжил эзэмшиж, сурч хөгжиж чадвал ихийг хийж бүтээх боломжтой. Олон мэргэжилтэй, ачааллаа өөрсдөө үүрдэг, хийж бүтээдэг болчихвол бусдын гар харалгүй улс орноо хөгжүүлэх боломж бидэнд бий. Тиймээс цахим сургалтыг цаашид өргөн ашиглаж, ажиллахын зэрэгцээ суралцах, мэргэжил эзэмших шинэ боломжийг олгох хэрэгтэй гэж бодож байна. Цахим сургалтыг бид зөв хөгжүүлж чадвал цаг зав, мөнгө хэмнэсэн, хувь хүнийг богино хугацаанд хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Бидний зүгээс цахим сургалтын давуу тал, үр дүнг өндрөөр үнэлж, их талархалтай хандаж байна. Цахим сургалт Монгол Улсын хөгжилд, дээд боловсролын салбарт орж ирж буй цоо шинэ чиглэл. Цаашид бид судалгаанд суурилсан сургууль болоход орон зай, цаг хугацааг хэмнэсэн, хүнд итгэл хүлээлгэсэн, өөрөө өөрийгөө дайчлах боломж, цаг зав, орон зайг олгосон сургалтын чухал хэлбэр юм. Энэ сургалт бидэнд үнэхээр үгүйлэгдэж байжээ.
-Цахим хичээлийн сан бүрдүүлэхээс эхлээд багш, оюутнаас багагүй ур чадвар шаардсан байх?
-Тэгэлгүй яахав. Цахим сургалтыг саадгүй явуулахад интернэт технологийн үзүүлэлт, багш нарын компьютер техникийн мэдлэг, электрон номын сан, эрдэм шинжилгээний бүтээл, видео танилцуулга, гарын авлага материалууд гээд олон зүйл чухал нөлөөтэй. Манай сургуульд цахим хичээл, компьютер техникийн өндөр мэдлэгтэй багш нар олон бий. Тэр утгаараа ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн 11 хичээлийн үндсэн сурах бичиг, бүх хичээлийн материалыг цахим хэлбэрээр байршуулсан. Дээрээс нь багш нарын видео лекц, хичээлүүд бүгд нэмэлтээр байршсан учраас хичээл сургалтын үйл ажиллагааг цахимаар явуулахад хүндрэлтэй зүйл бараг гарсангүй.
– Эрчим хүчний сургууль энэ жил 60 жилийнхээ ойг угтаж байгаа. Танай сургуульд улс орныхоо хөгжлийг түүчээлэх өндөр мэдлэг, боловсролтой, олон мундаг багш нар, эрдэмтэн судлаачид ажиллаж байдаг. Энэ талаар та товчхон мэдээлэл дуулгаач?
– Манай Эрчим хүчний сургууль ШУТИС-ийн харьяа сургууль дотроо хамгийн томоохон сургуулийн нэгд тооцогддог. Өнөөдрийн байдлаар бид 2300 орчим оюутантай. Бакалавр, магистр, докторын шаталсан сургалттай. Энэ жил бид Монгол Улсад эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн буюу Эрчим хүчний сургууль үүсч байгуулагдсаны 60 жилийн ойгоо угтаж байна. Манай сургууль 136 ажилтантай, 87 багштай. Багш нарын 50-60 хувь нь эрдмийн зэрэг цолтой, доктор профессорууд байна. Тухайлбал, Төрийн соёрхолт багш дөрөв, академич гурав, гавьяат багш тав, ШУ-ны доктор тав, доктор 42, профессорt 12, дэд профессор цолтой 20 багш ажиллаж байгаа нь манай сургуулийн бахархал юм. Эдгээр багш нарынхаа ачаар бид цахилгаан систем автоматжуулалт, цахилгаан хангамж, цахилгаан систем, дулааны цахилгаан станц, эрчим хүчний менежмент, сэргээгдэх эрчим хүч, үйлдвэр хотын дулаан хангамж, Био-анагаахын инженер, ухаалаг сүлжээ зэрэг нийгэмд эрэлттэй 11 мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох шаталсан сургалт явуулж байна. ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль нь манай орны эрчим хүчний салбарт эрдэм шинжилгээ, инженер технологийн үндэсний боловсон хүчин бэлтгэх гол төв болон өргөжин хөгжиж байна.
-Гадаад, дотоодын хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй мэргэжлүүдэд инженер технологийн ажилтнууд, IT чиглэл тэргүүлж байдаг. Тиймээс энэ салбарт шинэ техник технологийн хөгжил, чанартай сургалт хамгийн чухал. Энэ хүрээнд танай сургууль дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?
– Эрчим хүчний салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын технологийг боловсронгуй болгоход зайлшгүй анхаарах шаардлагатай. Тиймээс манай Эрчим хүчний сургуульд сүүлийн жилүүдэд хийгдэж буй чухал ажлуудын нэг нь шинэ лабораториудыг маш эрчимтэй нэмж байгуулж байна. Би энэ сургуульдаа 40 орчим жил багшилж байна. Энэ хугацаандаа бүхий л нөөц боломжоо дайчлан 40 орчим лабораторийг шинэчилсэн. Техник технологийн шинэчлэлд ойролцоогоор 4-5 тэрбум төгрөг хэрэг болдог. Үүнийг бид өөрсдийн санал, санаачлагаар босгож, энэ шинэчлэлийг хийсэн. Мөн сургалтын хөтөлбөрийг сайжруулахад бид шат дараатай олон арга хэмжээг авч ажилласан. Үүний нэг нь ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан хангамж, цахилгаан системийн мэргэжлийн бакалавр, магистрын хөтөлбөрүүдийг Герман улсад төвтэй Олон улсын магадлан итгэмжлэлийн “ASIIN.e.V.” байгууллага болон Европын Магадлан итгэмжлэлийн “EUR-ACER” байгууллагуудаар магадлан итгэмжлүүлж, магадлан итгэмжлэлийн хугацаагүй гэрчилгээ гардсан сайхан үйл явдал болсон. Ингэснээр тухайн мэргэжлийг төгсөн гарч байгаа мэргэжилтнүүдийн диплом дээр Олон улсын Магадлан итгэмжлэлийн “ASIIN e.V.” байгууллагын албан ёсны тэмдэгт тавигддаг учраас олон улсын болон европын их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцах боломжийг олгохоос гадна гадаадын томоохон үйлдвэр, байгууллагуудад ажиллах боломжийг олгодог давуу талтай. Мэдээж, бүх хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхэд хөрөнгө мөнгө, хугацаа хэрэгтэй. Тиймээс тэргүүлэх гол гол чиглэлээ түрүүлээд магадлан итгэмжлэлийн хөтөлбөрт шат дараатай хамруулж буй юм.
-“ШУТИС-2030” хөгжлийн төлөвлөгөөг баталж, зорилго зорилтоо тодорхойлсон. Эрчим хүчний сургууль хэтийн зорилгоо хэрхэн төлөвлөж, ямар ажлуудыг хийж байна вэ?
-ШУТИС-ийн эрхэм зорилго бол “Эх орныхоо хөгжлийн гарцыг тодорхойлох, хүн байгальд ээлтэй шинжлэх ухаан, технологийн мэдлэг, инновацийг бүтээх авъяас чадварыг төвлөрүүлэн ажиллана. “Дэлхийд үнэлэгдэх оюуны үнэ цэнийг бүтээнэ” гэж алсыг хараагаа тодорхойлсон. Мөн ШУТИС-2030 хөгжлийн стратеги төлөвлөгөөг нийт оролцогч талуудын оролцоонд тулгуурлан 2030 онд дэлхийн шилдэг 1000 сургуулийн эгнээнд багтаж, дэлхийн жишигт нийцсэн их сургууль болох зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд бид Засгийн газраас гаргасан бодлого шийдвэр, БСШУСЯ-ны тогтоол шийдвэрүүдтэй уялдан сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, судалгаанд суурилсан их сургууль болох зорилготой ажиллаж байна. Мөн энэ хүрээнд бид Монгол Улсын дээд боловсролын системд анх удаагаа Эрчим хүчний ахисан түвшний салбарыг нээн ажиллуулаад байна. Энэ тэнхимдээ бид гурван шинэ хөтөлбөрийг албан ёсоор баталгаажуулаад, ирэх есдүгээр сард сургалтын арга барилдаа нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Энэ гурван шинэ хөтөлбөр нь аж үйлдвэрийн IV хувьсгалд хөл нийлүүлэн алхахад чиглэгдсэн ухаалаг сүлжээ, хиймэл оюун ухаан, робот хийх, эрчим хүчний дулааны цахилгаан системийн автоматжуулалт хийх чиглэлүүдийг багтааж өгсөн.
-Одоо бид дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Хөрвөх чадвартай мэргэжил эзэмшинэ гэж их ярьдаг болжээ. Танай сургуулийг “2+2”, “1+1” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа гэж сонссон?
-Эрчим хүчний сургуулийн өмнө тавигдаж буй үндсэн зорилт нь дэлхийн улс орнуудын мэргэжилтэн бэлтгэдэг нийтлэг түвшний шаардлагыг хангасан бакалавр, магистр, докторын зэрэгтэй инженер, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх явдал юм. Энэ хүрээнд манай сургууль гадаадын их дээд сургуулиудтай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хос дипломтой төгсөх боломжийг оюутнууддаа олгож байна. 2012 оноос эхлэн БНХАУ-ын Хойд Хятадын Эрчим хүчний их сургуультай Дулааны цахилгаан станц, Цахилгаан хангамж, Сэргээгдэх эрчим хүч, Шанхайн ШУТИС-тай Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт зэрэг мэргэжлүүдээр бакалаврын зэрэг олгох хамтарсан 2+2 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн ОХУ-ын Уралын холбооны их сургуультай Үйлдвэр, хотын дулаан хангамж мэргэжлээр зэрэг олгох хамтарсан магистрын 1+1 хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Өнөөдөр энэ чиглэлээр 80 орчим хүүхэд суралцаж байна. 40 гаруй хүүхэд суралцаж төгсөөд байна. Хоёр жил эх орондоо суралцаад, хоёр жил БНХАУ-д суралцаад, хоёр улсын дипломтой, хос мэргэжилтэй, хөрвөх чадвартай мэргэжилтэн болж төгсөж байна. Цахилгаан хангамж, дулааны инженерийн чиглэлээр төгссөн төгсөгчид маань эх орондоо салбарын яаманд, удирдах газруудад, дотоод, гадаадын төслүүд дээр чухал үүрэгтэй ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж, хоёр улсын дунд хос хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан солилцох ажлыг санаачлан, амжилттай хэрэгжүүлж байгаадаа баярлаж бахархаж байдаг. Мөн “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн эрдэмтэн багш нар, залуу багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалтад амжилттай хамрагдаж байгаа. Хамгийн сүүлд бид таван багшийг докторын сургалтанд явуулаад байна. Бидний ирээдүй хойч үе япон технологи, сургалтын арга барилаар бэлтгэгдээд, маш сайн боловсроод ирнэ гэдэгт итгэлтэй байна.
-Ирэх хичээлийн жилд ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль хэдэн оюутан элсүүлэх вэ. Босго оноо хэдээс эхлэх бол?
-ШУТИС нийт 4700 гаруй элсэгч авдаг. Манай Эрчим хүчний сургууль 611 оюутан авна гэсэн төлөвлөгөөтэй байна. Босго оноо БСШУСЯ-наас тогтоосон жишиг оноо буюу 480-аас эхэлнэ.
-Төгсөгчдийн ажлын байрны үзүүлэлт хэр байгаа вэ?
-Манай Эрчим хүчний сургууль үүсгэн байгуулагдаад 60 жил болж буй. Монгол Улсын тулгуур хөгжил уул уурхайн салбар гэж ярьж байгаа ч харилцаа холбоо, техник технологийн бүх салбар эрчим хүчгүй бол хөгжлийн тухай ярих боломжгүй юм. Тийм болохоор бид эрчим хүч, инженер технологийн салбар, эрчим хүчний үйлдвэрүүд, ДЦС-ууд, ТЭЦ-IV, ТЭЦ-V, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтын сүлжээ станцууд зэрэг голлох салбаруудад манай сургуулийг төгссөн, үндсэн боловсон хүчин ажиллаж байгаад бид туйлын бахархалтай байдаг. ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байраар хангагдан ажиллаж байна. Цаашид бид энэ үзүүлэлтээ тогтвортой барихын тулд төгсөгчдийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ахисан түвшний сургалтад хамруулах, мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийн давтан сургалтуудад хамруулах, шинийг хийж бүтээдэг, бүтээлч залуусыг бий болгохын тулд сургалт, судалгаандаа хүртэл анхаарч шат дараалсан бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Өнөөдөр эрчим хүчний салбарт олон шинэ бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Энэ салбарт ажиллах оюутнуудын өмнө ямар шаардлага, шалгуур тавигдаж байна вэ?
-Өнөөдөр Монгол Улсын Эрчим хүчний салбар манай орны тууштай хөгжиж байгаа эдийн засгийн гол салбаруудын нэг болж байна. Мөн эрчим хүчний системийн хүрээ өргөжиж, шинэ ДЦС-ууд баригдаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд ашиглалтад орж, шинэ техник технологиуд нэвтэрсээр байна. Энэ үед бид цаашид эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг улам бүр хөгжүүлдэг, шинэчилдэг, өргөжүүлдэг, суурилагдсан хүчин чадал, цахилгаан дулаанаа хэмнэдэг, мэдлэг чадвартай боловсон хүчнийг бэлтгэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Бид ОХУ-аас эрчим хүчнийхээ 20 хувийг импортолдог бол цаашид Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, нар салхины эрчим хүчээ бүрэн дүүрэн ашиглаж, хөгжүүлж, дотоодын эрчим хүчнийхээ хэрэглээг хангах. Цаашид Зүүн хойд Азийн бүс нутагт нар, салхины эрчим хүчээ экспортлох, хөрөнгө оруулалтаа өөрснөө босгох бүрэн боломжтой юм.
Монгол Улс дандаа бусдаас авдаг, гуйдаг байх ёсгүй. Зүүн хойд Азийн бүс нутгийн яг төвд нь байрладаг учраас бид Хятад, Япон, Солонгос зэрэг бүсийн орнуудад нар, салхины эрчим хүчээ экспортлох, мөнгөний урсгалыг татах боломжтой. Ийм төвлөрсөн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бид мэдлэг чадвартай, сайн боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна. Үүний тулд ирээдүйн инженер технологийн ажилтнууд, оюутан залуус маань ч гэсэн өөрснийгөө дайчилж сурч боловсрох шаардлагатай байна.
-Шинжлэх ухаан, технологи эрчимтэй хөгжиж буй энэ үед бид инновацийн хөгжил, үйлдвэрлэлд хэрэглээнд илүү ихээр нэвтрээсэй гэсэн хүлээлттэй болжээ. Энэ талаар дуулгах сүүлийн үеийн мэдээлэл юу байна вэ?
– Сүүлийн жилүүдэд цахилгаан, эрчим хүчний сүлжээний хүчдлийн түвшин нэмэгдэж эхлэж байгаагийн зэрэгцээгээр шинэ техник, технологи, инновацийн бүтээгдэхүүн нэвтэрч байна. Энэ ажлын хүрээнд бид Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн Засгийн газрын бодлого, шийдвэрийн дагуу сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх ажилд манай Эрчим хүчний сургууль хамгийн чухал идэвх үүрэг, оролцоотой оролцсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох ЭХЯ-ны шинжлэх ухаан, технологийн Бодлогын зөвлөлд манай сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөлөл багтдаг. Эдгээр багш нарын маань санал, санаачлагаар шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд буй юм. Түүнээс гадна эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй, эрчим хүчийг хэмнэх цоо шинэ эко зуухыг хийж бүтээгээд байна. Дулааны хэрэглээ, зарцуулалтыг нарийвчлалтай тооцоолж хийсэн, утаагүй эко зуухны шийдлүүдийг хэрэглээнд амжилттай нэвтрүүлж, бүх талаараа нягт уялдаатай хамтран ажиллаж байна. Цаашид ч бас бид улс орны хөгжил, гал голомтийг хангалттай, найдвартай авч явахад ухаалаг бодлого, шийдлүүд, технологи, сургалтын арга барил, чанар гээд бүх талаараа хамтран ажиллах болно.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.6.3 ЛХАГВА № 109 (6334)