Нийгэм
“COVID-19 бол цухуйж буй мөсөн уулын зөвхөн орой нь…”
Эрүүл мэндийн яамнаас дэлхий дахинд өрнөж буй коронавирус цар тахлын тандалт судалгааны ажлуудыг цувралаар тоймлон хүргэж буй юм. Энэ удаа дараах зүйлсийг онцолжээ.
Ухань хотын вирус судлалын хүрээлэнгийн захирал COVID-19 бол цухуйж буй мөсөн уулын зөвхөн орой нь. Цаашид дэлхий нийт хамтдаа илүү өргөн хүрээнд судалгаа шинжилгээ хийж, оношилгоо эмчилгээний дэвшил гаргахгүй бол цар тахлын байдал сайжрахгүй гэжээ.
- АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Лос Анжелос хотын 865 хүний дунд коронавируст халдварын эсрэг бие тодорхойлох судалгаа хийхэд 4,7%-д нь коронавирусийн эсрэг бие тодорхойлогджээ.
- Тайванийн өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс эмнэлзүйн шинж тэмдэг илрэхийн өмнө болон дараа коронавирусийн халдварлах чадамжийг 100 өвчтөн, тэдгээрийн ойрын хавьтал 2761 хүнийг хамруулан судалжээ. Эмнэлзүйн шинж тэмдэг эхэлснээс хойш 5 хоногийн дотор өвчтөний гэр бүлийн гишүүд COVID-19-өөр илүү өвчилж байгааг тогтоожээ.
- Австрийн Гразын их сургуулийн эрдэмтэд COVID-19-өөр нас барсан 11 хүний эрхтэн системийн эмгэг өөрчлөлтийг судлан уушгины артерийн судасны бөглөрөл үхлийн гол шалтгаан болсныг илрүүлжээ. Иймд уушгины артерийн бөглөрөлтэй өвчтөнүүдийг анхаарч эрт үед нь цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээ хийхийг зөвлөжээ.
- АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв коронавирусийн халдвар авсан нийт хүмүүсийн 35% нь балархай буюу шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, халдвар тарааж буйг тогтоожээ. Тиймээс зай барих, маск зүүх, гар угаах зэргийг хэвшүүлэх нь чухал ач холбогдолтой гэжээ.
- Вашингтоны их сургуулийн эрдэмтэд бага, дунд орлоготой орнуудын 2 тэрбум гаруй хүн гар угаах саван болон усны нөөцийн хомстлын улмаас коронавирусийн халдвар авах, бусдад тараах эрсдэлтэй гэжээ.
- Английн “UCL” их сургуулийн судлаачид коронавирус хувьсан өөрчлөгдөж байгаа ч халдвар тараах чадвар нь хэвээр байна гэжээ.
- Шинэ төрлийн коронавирусийн эсрэг 100 гаруй вакцин гаргах ажил судалгааны шатанд байгаагаас цөөн хэд нь эмнэлзүйн туршилтад орж, нааштай үр дүн үзүүлж байна. Гэвч түрүүлж гарах вакцинд эрдэмтэд эргэлзэж байна. Тухайлбал, АНУ-ын Жонсон ба Жонсон компанитай вакцины чиглэлд хамтран ажиллаж буй Beth Isreal Deaconess эрүүл мэндийн төвийн вирус судлаач Дан Барух “аливаа вакцин үр дүнтэй, аюулгүй гэдгийг нотлохын тулд цаг хугацаа хэрэгтэй. Ямар нэгэн саад, бэрхшээл учрахгүй нөхцөлд л 12-18 сарын дотор вакцин гаргах боломжтой” гэжээ. Түүнчлэн зарим эрдэмтэн түрүүлж гарах вакцин зөвхөн “хэсэгчилсэн хамгаалалт” болно. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, нас баралтыг бууруулахад үр дүнгээ өгөх ч цаашид тогтмол ашиглагдах нь тодорхойгүй гэж үзжээ.
- Олон улсын анагаах ухааны JAMA сэтгүүл тавдугаар сарын 22-ны өдөр коронавирусээр халдвар авч эдгэрсэн өвчтөний шинжилгээний хариу дахин эерэг гарах асуудлыг судалж, үр дүнг танилцуулсан байна. Судалгааны явцад халдвар авсан нь батлагдсанаас хойш 56 хоногт өвчтөний биед вирус идэвхтэй хэвээр байсныг онцолжээ. Эмнэлгээс эдгэрч гарсан 60 өвчтөний 10-т нь ПСР-аар коронавирус 4-24 хоногт эерэг гарч байжээ. Үүнийг вирус тээх байдал даамжирсан гэж үзсэн бөгөөд энэ нь дахин халдвар авсан гэсэн үг биш гэжээ. Түүнчлэн эдгэрсэн 6 хүний бүдүүн гэдэснээс авсан шинжилгээнд вирус хадгалагдсаар байжээ. Өтгөнд байгаа вирус халдварлах чадвартай эсэх нь одоогоор тодорхой бус байна.