Эдийн засаг

8.7 их наядын 135 арга хэмжээ 77 хувийн биелэлттэй байна

Нийтэлсэн

Үндэсний аудитын газраас 2018 онд УИХ-аар баталсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д багтсан арга хэмжээнүүдийн хэрэгжилт ямар байгаад аудит хийж тайланг нь олон нийтэд нээлттэй болгосон байна. Аудитын дүнгээр 2019 онд хийж хэрэгжүүлж дуусгах ёстой байсан зорилт, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй буюу 76.9 хувийн биелэлттэй байгааг танилцуулжээ.

2018 онд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг Их хурлаас баталсан. Харин Засгийн газар үүнийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн юм.

Үндсэн чиглэлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бодлого, 20 зорилтын хүрээнд 135 арга хэмжээг төрийн захиргааны 22 төв байгууллага, агентлаг хэрэгжүүлэхээр баталсан байдаг. Тэгвэл санхүүжилтийн хувьд улсын төсвийн 899.7 тэрбум, гадаад эх үүсвэрийн 2.3 их наяд, хувийн хэвшлийн 4.8 их наяд, Хөгжлийн банкны санхүүжилт болон тусгай сан, бусад эх үүсвэрийн 649.1 тэрбум нийт 8.7 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс  6.1 их наяд буюу нийт төлөвлөсөн хөрөнгийн 70.3 хувийг зарцуулсан дүгнэлт гарчээ.

2019 онд хүлээсэн ямар үүрэг даалгаврыг аль байгууллага хэрэгжүүлээгүй байгаа болон эрчимжүүлэх шаардлагатай байгааг дараах мэдээллээр хүргэж байна.

Хэрэгжээгүй ажлууд ХХААХҮЯ
– Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах.
– Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк байгуулах.

УУХҮЯ
-Хүнд аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх.

ЭХЯ
-Монгол Улсын эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, Өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах шинэ эх үүсвэр барих.

ЗТХЯ
-Орон нутгийн нисэх буудлуудын чадавхийг дээшлүүлэх.

БОАЖЯ
-Цөлжилт, газрын доройтлыг бууруулах.

ЭМЯ
-Сүрьеэгийн эмнэлгийн барилга шинээр барих /360 ортой/

ХНХЯ
-Ядуу хүн амын эрэлт хэрэгцээнд тохирсон халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээ, үйлчилгээг бүлэг тус бүрт ялгавартайгаар хүргэх.
– Хүүхэд төрүүлсэн эхэд даатгуулсан хэлбэрээс үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
– Төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан нэг жилийг 1.5 жилээр тооцох хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах.
– 0-3 насны хүүхдээ асарч буй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тасрахгүй байх нөхцөл бүрдүүлэх.
– Төр, хувийн хэвшил, олон нийтийн дэмжлэгтэйгээр ахмад настны эрх, хөгжил, хамгааллыг сайжруулж, нийгмийн харилцаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх.

Эрчимжүүлэх шаардлагатай ажлууд ХХААХҮЯ
-Монгол Улсын малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээ хийх, мал аж ахуйн салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, түүний техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх.
-“Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж, үйлдвэржүүлэх бодлого хэрэгжүүлэх.

ЭХЯ
-Шивээ-Овоо, Тэвшийн говь болон бусад нүүрсний ордыг түшиглэн экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих төслийг эхлүүлэх.
-Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг зохистой харьцаагаар хөгжүүлэх.
-Аймгийн төвүүд болон томоохон хот суурин газарт дулааны станц, шугам сүлжээг шинээр барих, өргөтгөх, эрчим хүчээр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх.
-Метан хийг ашиглах боломжит нөөцийг бүрдүүлэх судалгааг эрчимжүүлэх, хийн хангамжийг хөгжүүлэх эрх зүй, дэд бүтцийн орчныг бүрдүүлэх, нүүрснээс цэвэр түлш гарган авах үйлдвэр барих төслийг эхлүүлэх.

БХБЯ
-Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих болон өргөтгөн шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх.

БОАЖЯ
-Цаг уур, орчны шинжилгээний техник, технологийн шинэчлэл, сүлжээний өргөтгөл хийх.

ОБЕГ
-Гамшгийн үед ашиглах нөөцийн бүтээгдэхүүнийг хадгалах механикжсан хүнсний болон шатахууны агуулахыг барих.

ХЗДХЯ
– Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах.

СХЗГ
– Улсын эталоны нарийвчлалын түвшнийг дээшлүүлж, баталгаажуулалтын болон эталон лабораторийг байгуулах.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.4  ПҮРЭВ № 110 (6335)

Exit mobile version