Covid-19

Д.Нямхүү: Дахин нэг хүнд коронавирус илэрч, 21 хүн эдгэрлээ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.6.4/ мэдээлэл хийлээ.


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт тархаж, нийт халдварын тохиолдол 6.5 саяд хүрлээ. Бид тавдугаар сарын 30-нд нийт халдвар 6 саяд хүрлээ гэж мэдээлж байсан бол өдөрт 100 мянга гаруй хүн уг халдвараар өвчилж, тав хоногийн дотор халдварын тохиолдол 6.5 саяд хүрээд байна. Одоогоор 3 сая хүн эдгэж, 3 сая хүн эмчлүүлж байна.

Манай улсын хойд хөрш ОХУ-д 8536  хүн 24 цагийн дотор халдвар авч, хил залгаа нутагт 24-120 тохиолдлоор нэмэгдлээ. Тухайлбал, Эрхүү хотод 120, Тувад 60 шинэ тохиолдол тус, тус нэмэгдсэн байна.

Манай улсын хувьд нэг хүн ажиглалтад орлоо. Ажиглах байранд нийт 1780 хүн байна.

24 цагийн ажиллагаатай 119 дугаарт иргэдийн зүгээс нийтийн тээвэр бохир, гар ариутгагч байхгүй байгаа талаар гомдол ирүүлсэн байна. Иймээс ЭМЯ Нийслэлийн Засаг даргад албан бичиг илгээж, анхааруулна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.6.3/ нийт 469 шинжилгээ хийснээс 468-д нь коронавирус илрээгүй. Харин нэг хүнд вирус илэрлээ. Энэ хүн нь тавдугаар сарын 26-нд Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн бөгөөд давтан шинжилгээгээр вирус илэрлээ. Халдвартай хүмүүсээс 21 хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. Эдгээрийн ес нь оюутан. Мөн эдгээр хүмүүс нь тавдугаар сарын 13-14-нд Монголд ирсэн хүмүүс. Эмчилгээний хугацааг тооцвол 21-22 хоног байна. Одоогоор ХӨСҮТ-д 157 хүн эмчлүүлж байна.

Монгол Улсад Covid-19-ийн халдвар зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан нийт 186 тохиолдол бүртгэгдлээ. Мөн нийт 65 хүн эдгэрч гарснаас 36 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалтад, 13 хүн нь бүрэн эдгэрлээ.

Exit mobile version