Эрүүл мэнд
Д.Сарангэрэл: Амны хаалт авах асуудлаар олон улсын байгууллагад хандаж байна
Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар өнөөдөр хуралдаж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Амны хаалт, гар ариутгах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хувийн хэвшил хариуцдаг.
Улсдаа ганц үйлдвэртэй. Энэхүү үйлдвэр нь БНХАУ-аас түүхий эдээ авдаг. Тэрхүү түүхий эдийн үйлдвэр нь БНХАУ-ын Хубэй мужид байдаг тул түүхий эдээ авахад асуудал үүсэж байна.
Гэхдээ түүхий эдийн нөөц дууссан гэж ойлгож болохгүй. Бид донор орнуудтайгаа ярилцана.
Энэтхэг, Солонгос зэрэг улсад хандсан. Эдгээр улсад өөрсдөд нь амны хаалт хомсдож байна. Тиймээс олон улсын байгууллагад хандаж байна.
Монгол Улсад 15,134 эмнэлгийн ор байна. Үүнээс 2,195-г нь коронавирусийн халдвар гарсан тохиолдолд ашиглах бүрэн боломжтой. Мөн боловсон хүчнийг бэлдэж, сургалтыг тогтмол өгч байгаа.
Дэлхийн зарим улс Ухань хотоос иргэдээ авахдаа шууд халдварт өвчин судлалын төвдөө хэвтүүлэхгүй байгаа. Туршлагаас харахад өөр бүс нутагтаа тусгаарлаж, шинжилгээнд хамруулж байгаа тул бид ч мөн үүнээс суралцаж, тусгай объектыг судалж байна.
Эмнэлгийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийн нөөц алга.
Ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах орчин үеийн хамгаалах хэрэгсэл нэн шаардлагатай байгаа. Гэхдээ хувийн хамгаалах хэрэгсэл огт байхгүй гэж бүү ойлгоорой. Манай улсад байгаа хамгаалалтын хувцас хуучирсан, орчин үеийн шаардлагыг хангахааргүй байгаа нь үнэн.
ДЭМБ-ын мэргэжилтэнтэй маргааш хийх уулзалтаар хамгаалах хувцас нийлүүлэх талаар ярилцана” гэлээ.