Нийгэм

Нэр дэвшигч Б.Батцэцэгийн эзэмшдэг компани саналын хуудас хэвлэнэ

Нийтэлсэн

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК энэ удаагийн сонгуулийн саналын хуудсыг хэвлэх хоёр компанийн нэг болжээ.

Зургаадугаар сарын 7-ны өдрөөс эхлэн сонгуулийн саналын хуудсыг хэвлэж эхэлсэн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн.

Ингэхдээ саналын хуудас хэвлэх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа тодорхой хугацааны өмнө аж ахуйн нэгжүүдэд урилга илгээн хэвлэх үйлдвэрийн хүчин чадал, стандарт, зай талбай, аюулгүй ажиллагаа, хамгаалалт, хадгалалтын асуудлууд дээр тодорхой шалгуурууд тавьж мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж, сертификат олгож энэ дагуу “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Таван богд менежмент” ХХК-иудад саналын хуудсыг хэвлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хэвлэж байсан бөгөөд УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшиж буй Б.Батцэцэгийн хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа юм.

Б.Батцэцэг 2008 оноос хойш тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 29738ш хувьцаа, 52 хувийн ногдол ашгийг хүртдэг гэжээ.

Мөн түүний эзэмшдэг Мөнхийн үсэг ХХК 2016 оны УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэж байжээ.

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлэх саналын хуудасны тоог баталдаг бөгөөд энэ удаад сонгогчдын нэрийн жагсаалтад 2,132,239 сонгогч бүртгэгдсэн бөгөөд саналын хуудсыг таван хувийн нөөцтэй хэвлүүлж байгаа юм байна.

Exit mobile version