Энтертайнмент

С.Гантогоо: Монгол хүний авьяас билгийг төрийн бодлогоор дэмжээд өгвөл дэлхийд гарах боломжтой

Нийтэлсэн

“Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч, дуучин С.Гантогоотой ярилцлаа.

-Дундговь аймгийн Сулинхээрийн заставт төрж, Хөвсгөлд өссөн гэсэн. Тэгэхээр бага насны тань тухай яриагаа эхэлье?

– Тийм шүү, би Дундговьд төрж Хөвсгөл нутагт өссөн. Ам бүл зургуулаа. Дээрээ нэг ахтай, доороо хоёр дүүтэй. Аав, ээж маань хоёулаа Хөвсгөлийн уугуул. Аав маань Орост цэргийн сургууль төгсөж ирээд Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн цэргийн ангид заставын даргаар ажилладаг байлаа. Харин ээж маань насаараа цэцэрлэгт багшаар ажилласан хүн бий. Манай ах, дүү бид хэд ганц хоёрхон насны зөрүүтэй, дэрсхэн өссөн.

-Та аавынхаа мэргэжлийг өвлөөд цэргийн хүн болох сонирхол байсангүй юу?

-Тийм сонирхол огт байгаагүй. Манай ах цагдаагийн академид сурч, аавын мэргэжлийг эзэмшсэн гэх үүд ээ. Би өөрөө бол МУБИС-ийн Газар зүй байгаль шинжлэлийн багш мэргэжилтэй. Ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсан гэсэн үг. Гэхдээ үүнийхээ хажуугаар бүр цэцэрлэгээсээ дуу хууранд дуртай, урлагийн хүн болно гэж мөрөөддөг байсан. Урлагийн үзлэг, өөр ямар наадам байна бүх юманд оролцдог. Хөвсгөл аймагт оролцож байгаагүй урлагийн наадам байхгүй байх. /инээв/ Ээж маань ч намайг их дэмжсэн. Ийм л гэр бүлд өссөн дөө.

-Танай удамд урлагийн хүн бий юү?

-Манай аав ээж, өвөө эмээгийн талд урлагийн хүн байхгүй. Гэхдээ манай ээж маш сайхан дуулдаг хүн бий. Арван жилд байхдаа сургуулийнхаа аварга дуучнаар шалгарч байсан гэдэг. Магадгүй ээжийнхээ авьяасыг дуурайсан юм болов уу гэж боддог шүү. Харин аав маань намайг урлагийн хүн болохыг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Урлаг уран сайхан гээд явахаар “за нөхөөр чи урлаг уран сайхан гээд явж болно, наад хичээл номоо цалгардуулж болохгүй” гэж захиж сургадаг байсан. Тийм ч учраас би хичээлдээ маш их анхаарна. Арван жилээ ч алтан медальтай төгссөн, их сургуулиа ч онц төгссөн. Ингээд төгсөөд Солонгос улсыг зорьсон доо.

-Та нэг ярилцлагадаа “Цагаахан гартай залуу харийн оронд очоод хадаас хадаж, таван үйлдвэрт, таван жил ажилласан” хэмээн ярьсан байсан?

-Тэгэлгүй яахав. Их сургуулиа амжилттай төгссөн ч гэсэн дүү нарын сургалтын төлбөрөөс эхлээд санхүүгийн асуудал их. Үүнээс гадна мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүнд юу хэрэгтэй билээ. Мөнгө л хэрэгтэй. Аав ээж маань ч урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөж дөрвөн хүүхдээ их сургууль төгсгөж байхад тэднийхээ ачийг хариулъя гэсэн зорилготой Солонгос улс руу гэрээт ажилтнаар явж байлаа. Яваад арав гаруй жил болсон. Энэ хугацаанд аав ээждээ тодорхой хэмжээнд тусалсан л болов уу гэж боддог шүү.

-Солонгост ажиллаж амьдрахын зэрэгцээ өөрийгөө дуу хуураар хөглөж “Оддын хаан”-аас эхлээд олон газар Монголынхоо нэрийг гаргасан шүү дээ?

-Зарим нэг хүмүүс “Ваав Гантогоо гэдэг үнэхээр азтай л залуу” гэж хардаг тохиолдол бишгүй бий л дээ. Яаж яваад Солонгос яваад, яаж яваад “Оддын хаан”-д ороод, яаж “Яг түүн шиг”-т оролцчихдог байна аа гэсэншүү бодол тээнэ… Гэтэл энэ азтай байх шалтгааны ард хичээл зүтгэл, хөдөлмөр бий. Хүн бүрийн амжилтад хүрэх зам харилцан адилгүй урт, богино.

Энэ урт, богино байх хугацаа хичээл зүтгэлээс л хамаарах байх. Зүгээр тархи ажиллаад, бодол хөврүүлээд суухад л аз од хүрээд ирдэг юм биш. Солонгост очсон эхний таван жилд би өөрөө хайж байгаад олон уралдаан тэмцээнүүдэд тасралтгүй ордог байсан. Өөрийгөө асар их сорьж байсан. Ер нь хүсэл мөрөөдөл хүнийг зүгээр суулгадаггүй байхгүй юу. Чин хүсэл эрмэлзэл байна. Залуу хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө үнэнч, тууштай, зоригтой байх үед аз бол бөөн бөөнөөрөө орж ирдэг. Тийм ч учраас одоо ч хөдөлмөрлөхөд суралцсаар л явна.

-Солонгост урлагийн тайзан дээр гарахдаа үргэлж үндэсний дээл, хувцсаа өмсдөг байсан гэсэн. Ер нь хэн ч гэсэн эх орноосоо түр холдож байж үнэ цэнийг нь мэдэрдэг шиг ээ?

-Наадах чинь үнэхээр сэтгэл хөдөлгөсөн асуулт байна. Гэр орноосоо хол явж хилийн дээс алхаад ирэхээрээ ээжийнхээ чанасан цай, аав, дүү нарынхаа захисан үг бүхнийг нь санана. Хажуудаа байгаа үнэт зүйлээ мэдэрдэггүй нь яалт ч үгүй хүний шинж, хорвоогийн жам юм даа. Хэдий гадаадын хөгжил өндөр оронд очоод зам харгуйгаас эхлээд манай оронд ийм зүйл байгаасай гэж боддог ч яг манай монгол шиг, яг ээж аав шиг минь, ард түмэн шиг минь тийм хүмүүс хаана ч байдаггүй байхгүй юу. Гадаадад тоглолтоор явахад эцгийн нэрээс илүү эх орны минь нэрээр өргөгдөж явдаг. Тэр ч утгаараа манай эх орон ийм гайхалтай шүү гэж очсон газар, таарсан хүн болгондоо ярьдаг.

-Хүмүүс тэр сайн сайхныг бус муу муухайг л харж, ярьж, шүүж явдаг болсон шиг ээ?

-Би нэг хэсэг “яагаад” гэдэг асуултыг өөрөөсөө асуудаг болчихсон байсан. Яагаад би гадаадад ажиллах ёстой юм. Яагаад би Монголдоо ажиллаад мөнгө олж чадахгүй байгаа юм. Төр засаг минь яагаад ийм байдалтай байгаа юм гээд дандаа бусдыг буруушааж, бусдаас алдаа хайж явдаг байсан. Энэ нь ердөө чадахгүй байгаа өөрийгөө өмөөрч байгаа л зүйл байхгүй юу. Би хичээгээд байхад яагаад болохгүй байгаа юм гээд нэг хэсэг маш их стресстсэн. Үүний үр дүнд нэг л зүйлийг ухаарсан. Чи л өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болно. Чи л өөрийгөө эрж олоод бусдад сайнаар нөлөөлөх ёстой. Монгол Улсын ирээдүй залуус бидний гарт байгаа учраас би өөрөөсөө эхлэх ёстой юм байна гэж… Энэ бодлоо залуу үеийн дүү нартаа түгээхийг их хичээдэг. Бид хэн нэгнийг буруутгаад явах хэнд хамаатай, хэнд ашигтай юм бэ.

-“Гантогоо гэх залуугийн дотоод ертөнцийг сонирхохоос илүү солонгос соёлыг Монголд дэлгэрүүлэх гээд байгаа этгээд мэтээр ярьдаг” гэж та дурдсан?

-Үгүй ээ, харин одоо чинь хуурамч хаягны цаанаас муулдаг. Эсвэл тэр хүний талаар баталгаагүй, эх сурвалжгүй мэдээлэлд итгэж дүгнэж болохгүй байхгүй юу. Би чинь багаасаа урлагаар явсан. Солонгост 13 жил ажиллаж амьдарч, урлагийнхантай нь хөл нийлүүлж ирсэн. Магадгүй миний ярианы аялга, гадна төрх байдалд харь орны соёл нөлөөлсөн байгаа. Тэрийг бол үгүйсгэхгүй. Гэтэл тэрийг харчихаад Солонгосын соёлыг түгээх гэж байна гэж ярьж байна. Үгүй. Харин ч би Солонгост сурсан мэдсэн, харсан үзсэн ур чадвар, сайн сайхнаа Монголдоо дэлгэрүүлэхийг хүсдэг.

Яагаад гэвэл Солонгос урлагаар эх орноо яаж дэлхийн тавцанд таниулж чадах вэ гэдгийг харуулсан хамгийн тод жишээ улс. Драма гарахгүй монгол телевиз байна уу. Байхгүй. К поп сонсдоггүй өсвөр насныхан байна уу. Байхгүй. Энтертайнмент, урлаг соёлоороо улс эх орноо дэлхийд таниулж болохыг харуулчихлаа. Энэ нь ард иргэд, хувь хүн бүр хөгжчихсөн байгааг илтгээд байна шүү дээ. Хөгжсөн иргэн улс эх орноо хэрхэн аваад явах нь ойлгомжтой. Тийм ч учраас хүний гаднах байдал, яриа хэл бол хэнд ч хэрэггүй зүйл. Харин түүний оронд тэр хүний юу хүсч мөрөөдөж сэтгээд байгааг лавшруулж ойлгох хэрэгтэй байх. Хэл ярианд минь аялга орчихсон байж магадгүй. Гэвч миний зүрх сэтгэл, оюун ухаан тэр чигээрээ үндсэрхэг үзэлтэй монгол залуу./инээв/

-Та Солонгосын урлагийн тогоонд багагүй хугацаанд чанагдлаа. Ингэхэд таны бодлоор Монголын урлагийн салбар ямар түвшинд явж байгаа бол?

-Үүний тухай би маш их бодож явдаг. Монгол Улс бол өөрийн гэсэн өв уламжлал, ардын урлагтай. Үүнд монгол хүний ген бас яригдана. Энд тэнд ажиллаж амьдрахдаа монгол хүн маш хурдан дасан зохицдог, юм сурахдаа хурдан гэдгийг мэдэрсэн. Дэлхийд ч гэсэн монгол хүний ген, оюуны потенциал өндрөөр үнэлэгддэг.

Тэдний нэг жишээ бол “THE HU” хамтлаг байна. Рок урсгалыг өөрийн өв соёл, үнэт зүйлтэй нэгдэн сүлэлдүүлж өнөөдөр дэлхийд гайхагдаж байна. Гэх мэтчилэн бидэнд асар их боломж бий. Энэ их мэдрэмж, авьяас билиг, ур ухааныг төрийн бодлогоор жаахан дэмжээд, дэмнээд өгвөл дэлхийд гарах боломжтой. Урлаг бол хэл ус, шашин шүтлэг, яс үндэс үл хамаараад энэ дэлхийн хүмүүсийг холбодог хамгийн чухал зүйл. Би ингэж л бодож явдаг.

-“Бэрүүд” уран сайхны кинонд дүр бүтээсэн шүү дээ. Урьд нь кинонд тоглож байсан уу?

-Гантогоо жүжигчин болсон./инээв/ Урьд нь кинонд тоглож байгаагүй. 2019 онд UBS телевизийн захирал Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн И.Балхжав ахаасаа үндэсний контент болох “Бэрүүд” кинонд дүр бүтээх урилга авсан. “Ваав баярлалаа окэй” гээд л кинондоо тоглож эхэлсэн.

Гэтэл жүжигчин гэх мэргэжил ямар хэцүү ажил гэдгийг яс махандаа тултал мэдэрсэн/инээв/. Кино зохиолоо уншина, дүрдээ уусна, үгээ цээжилнэ гэдэг чинь ээ бурхан минь асар хэцүү байдаг юм билээ. Гэхдээ жүжигчин, найруулагч Ш.Мөнхбаяр ахаараа сар гаруйн хугацаанд жүжиглэх ур чадварын хичээл заалгуулаад амжилттай зураг авалтаа дуусгасан.

-“Хайрын өргөө”, “Улаанбаатарын хайрын дагина” гэсэн киноныхоо хоёр ч дууг дуулсан байсан?

-“Бэрүүд” кинондоо тоглоод дууг нь дуулсандаа маш баярлаж, бахархаж байгаа. Миний хувьд бас их хөөрхөн дүр дээр ажилласан шүү дээ. Гэхдээ би киногоо спойлордмооргүй байна./инээв/ Дүр дээрээ өөрийгөө сайн тоглосон, муу тоглосон гэж үнэхээр хэлэх эрх байхгүй. Харин үзэгч олон маань үнэлгээ өгөх байх. Монгол кинонд тоглоно гэдэг бол миний амьдралын хамгийн мартагдашгүй, хүчин чармайлт гаргасан, бас маш их дурсамжийг үлдээсэн. Кино багийнхантайгаа нэгэн гэр бүл болоод киногоо төгсгөсөн. Үнэхээр гоё юм билээ.

-2019 онд олон сайхан дуу гаргасан. 2020 он гараад ямар уран бүтээл дээр ажиллав?

-2020 ондоо “алаад өгье өө” гэсэн коронавирус гараад… /инээв/ 2019 ондоо дуучин Л.Насанбуянтай хамтарч дуэт дуу хийсэн. Тэр дуу маань хүмүүст их хүрсэн. Мөн 2019 ондоо “Бэрүүд” кинондоо бүтэн жил гаруй хугацааг зарцуулсан. Хувийн уран бүтээл хийгдэж амжаагүй байж байгаад сая өвчний дэгдэлтээс өмнө Солонгос явчихаад ирэхдээ тун удахгүй үзэгчдэд хүрэх тав дахь соло СD-нийхээ дүрсний зураг авалтыг хийчихээд ирсэн.

Удахгүй үзэгч сонсогчдод бүтээлүүд маань хүрнэ. Ер нь “Бэрүүд” кино маань гарч эхэлснээс хойш олон уран бүтээлийн саналууд ирж байгаа. Ид оргил үе дээрээ явж байгаа гэх үү дээ. Корона вирусээс болоод зогсонги байсан бол корона чи уран бүтээлчдийг хорьж, боож чадахгүй шүү./инээв/

-Дуучин Л.Насанбуян та хоёрыг амьдрал дээр хосууд болов уу гэж хүмүүс боддог юм билээ?

-Дуучин Л.Насанбуян бид хоёр уран бүтээлийн хосууд. Оюутан байхдаа “Оддын эрэлд” тэмцээнд оролцож байсан. Шилдэгт үлдсэн нь дуучин Л.Насанбуян, Мотив хамтлагийн дуучин Ганбаа бид хэд л дээ. Тэр цагаас хойш бид үй зайгүй найзууд болж байнга холбоотой байдаг болсон. Л.Насанбуянтайгаа хамтарч дуулна гэж ярьж байсны дагуу бүх зүйл маань сайхан бүтэж маш сайхан дуу хийсэн. Ер нь би өсвөр насны хүүхэд залуучуудад буруу үлгэр дуурайл болохоор хараалын үгтэй дуу хийхээс татгалздаг. Аль болох нийгэмдээ эерэг, зөв дуу хөгжмийг бүтээж гэмээнэ цаашлаад эх орны ирээдүй үүнээс бүрэлдэнэ гэж боддог шүү.

 

С.ЛХАМСҮРЭН

эх сурвалж: Өдрийн сонин

Exit mobile version