Эдийн засаг
Ч.Хашчулуун: Дараагийн Засгийн газрын эн тэргүүнд анхаарах асуудал нь эдийн засгаа сэргээх төлөвлөгөө
“Сонгуулийн дараа шинээр байгуулагдах Засгийн газар хангалттай арга хэмжээ авбал Монгол Улсын эдийн засаг оны хоёрдугаар хагаст хурдтай сэргэх боломжтой” гэж Эдийн засагч Ч.Хашчулуун үзэж байна. “Энэ нь жижиг эдийн засгийн давуу тал, шинэ Засгийн газрын эн тэргүүнд анхаарах асуудал нь эдийн засгаа сэргээх төлөвлөгөө” гэдгийг тэрбээр Монгол дахь Америкийн худалдааны танхимын ээлжит хуралд оролцох үедээ хэлжээ.
Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев “Монгол Улсын эдийн засаг энэ онд 0.5-2.6 хувиар агших төлөвтэй байна. Шинэ Парламент гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, өрийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд хангалттай арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал улам дордоно” гэж онцолсон байна.
Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт нийтийн эрүүл мэндийн чиглэлийн бодлого давамгайлж, сайн үр дүн гарч байгаа ч нөгөө талдаа эдийн засагт ихээхэн хохиролтой хэмээн АмЧам Монгол буюу Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Жэй Лиотта мэдэгджээ.
Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 10.7 хувиар агшсан нь шилжилтийн үеэс хойш байгаагүй хамгийн огцом уналтад тооцогдож байгаа юм.