Нийгэм

Барилга барих явцад хавтан нурж, нэг хүн АМИА АЛДЛАА

Нийтэлсэн

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажуугийн хуучин барилгыг нурааж шинээр барилга барих явцад даацын хана нуржээ. Энэ үеэр гурван хүн дарагдаж, нэг хүн нас барсан байна. Мөн хоёр хүнийг эмнэлэгт хүргэжээ.

НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Нийслэлийн СБД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт барилгын хавтан нурж хүн дарагдлаа гэсэн дуудлага 09:10 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын аврах ангийн нэг, хоёрдугаар анги ирж ажиллалаа. Нурангид гурван хүн дарагдаж, нэг хүн нас барлаа. Бид цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Гэмтсэн хоёр иргэнийг ГССҮТ-д хүргэлээ. Хэргийг шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна” гэж  мэдээллээ. Тус барилгын ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын захиалгаар “Хос бар” компани гүйцэтгэж байсан бөгөөд нийт 66 хүн ажиллаж байжээ.

ЦЕГ-аас О.Эрдэнэхишиг “Иргэнээс 102 утсанд ирсэн дуудлагын дагуу СБД-ийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн очиж ажиллалаа. Онцгой байдлын аврах 105-р ангийн алба хаагчид хоёр хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт хүргэлээ. Нуранги болсон хэсэгт дөрвөн ажилтан байсан бөгөөд иргэн Э тус газраас холдож амжсан. Харин 39 настай иргэн Ч болон 31 настай Б нар хүнд гэмтжээ. 50 настай иргэн барилгын нурангид дарагдаж амь насаа алдлаа” гэлээ.

Одоогоор ослын газар цагдаагийнхан болон мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна. Тус барилгыг цагдаагийн хамгаалалтад авчээ.

Exit mobile version