Дэлхий

Хятадын тэрбумтныг барьцаалахыг завдсан таван этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн

Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг Хэ Шяньжянийг барьцаалахыг оролдсон таван этгээдийг өчигдөр буюу Даваа гарагт тус улсын цагдаа нар баривчилжээ.

Хэ Шяньжян нь дэлхийн хамгийн том гэр ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн нэг Midea Group-ийн үүсгэн байгуулагч юм.

Ням гарагийн орой цагдаа нар Хятадын өмнөд Гуандунь мужийн Фошан хотын ойролцоох тэрбумтны харшид хэсэг хүмүүс нэвтэрсэн тухай дуудлага хүлээн авсан байна.

Таван этгээд харшид нэвтэрснийг цагдаа нар бүгдийг нь баривчилж чаджээ. Тэрбумтны хүү 55 настай Хэ Жянфэнь барьцаалагчдын гараас зугтаж, ойролцоох голыг сэлж гатлаад цагдаад дуудлага өгсөн юм байна.

Барьцаалагчдад тэсрэх бөмбөг байгааг энэ үеэр мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр баривчлах ажиллагааны үеэр нутгийн хүмүүсийг Ням гарагийн оройноос Даваа гарагийн өглөө хүртэл гэрээсээ гарахгүй байхыг цагдаа нар тушаасан гэнэ.

Ажиллагаа амжилттай болсны дараа Midea Group сошиал хуудсандаа цагдаагийн байгууллага, хэвлэлүүд, орон нутгийн иргэдэд талархал илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ.

Хэ Шяньжян нь Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг боловч энгийн даруу амьдралтайгаараа алдартай нэгэн юм.

Түүний хөрөнгийн хэмжээг Форбс сэтгүүл $24.8 тэрбум гэж тооцоолсон нь Хятадад зургаад, дэлхийд 36 дугаарт эрэмбэлэгдэх үзүүлэлт ажээ.

Тэрбээр Midea Group-ийг 1968 онд 26 настай байхдаа тэгээс эхлүүлж байсан гэдэг. Компани нь эхэндээ лонхны таглаа, машины жижиг эд анги үйлдвэрлэдэг байсан бол өнөөдөр гэр ахуйн электроник, түүн дотроо агааржуулагчийн хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болжээ.

Тус компани нь бас дэлхийн хамгийн том робот техникийн компаниудын нэг болох Германы Kuka-г эзэмшдэг юм.

Эх сурвалж: BBC

Exit mobile version