Нийгэм
Д.Нямхүү: Өчигдөр 316 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ гарч, хоёр хүн ЭДГЭРЛЭЭ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өчигдөр 316 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Батлан хамгаалахын оюутан, 19 настай эрэгтэй 33 хоног эмчилгээний дараа, 15 настай сурагч 31 хоногийн дараа тус тус эдгэрлээ.
Ийнхүү улсын хэмжээнд халдвартай нь батлагдсан 197 хүн, эдгэрсэн 111 хүн байна. ХӨСҮТ-д халдвартай 86 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлын хувьд 78 нь хөнгөн, 8 хүн хүндэвтэр байна.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
АНУ-д 06.15-ний байдлаар 18500 шинэ тохиолдол 496 нас баралт бүртгэгдэн, нийт халдварын тоо 2.1 саяд хүрч, 116 мянга гаруй хүн нас бараад байна. Япон улсад 06.16-ны 12 цагийн байдлаар 72 шинэ тохиолдол 1 нас баралт бүртгэгджээ. Шинэ халдварын 60 нь дотоодоосоо, 12 нь гадаадаас орж иржээ. БНСУ-д шинэ тохиолдол 43, 1 нас баралт бүртгэгдсэн ба 31 дотоодын халдвар байна.
БНХАУ-д өчигдөр 44 шинэ тохиолдол бүртгэгдсэний 33 хүн дотооодоос илэрсэн ба тэдний 31 нь Бээжин дэх хүнсний захаас улбаатай байна. Тиймээс уг захаар үйлчлүүлсэн 200 мянган хүнд шинжилгээ хийжээ. Оксфордын их сургуулийн судлаачид үе мөчний өвчин, уугшины багтраа зэрэгт хэрэглэдэг гормоны эмчилгээ болох дексаметазоныг хэрэглэхэд нас баралтыг бууруулж байна гэв. Дексаметазоныг хэрэглэсэн 2000 өвчтөн ба хэрэглээгүй 4000 өвчтөний биеийн байдлыг харьцуулахад нь амьсгалын аппараттай, биеийн байдал маш хүнд өвчтөний нас барах эрсдэл 40-28 хувь болгож бууруулсан бол хүчилтөрөгч шаардлагатай өвчтөний нас барах эрсдэлийг 25-20 хувь болгож бууруулжээ. Өөрөөр хэлбэл амьсгалын аппараттай 8 өвчтөний нэгийг аврах боломжтой бол хүчилтөрөгчийн хангамж шаардлагатай 25 хүн тус бүрийн нэгийг аврах боломжтой гэв.
Цар тахал анх дэгдэж эхэлсэн цагаас энэхүү эмийг хэрэглэж байсан бол зөвхөн Их Британи улсад гэхэд 5000 гаруй хүний амийг аврах боломжтой байсан байна гэж судлаачид дүгнэжээ.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
Дэлхийн 216 оронд бүртгэгдэн 8 сая хүн өвдөж, 440 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн байдлаар Бразилд 30 мянган хүн шинээр бүртгэгдсэн нь нэг өдөрт шинэ халдвар хамгийн олноор бүртгэгдсэн тохиолдол боллоо. Шинэ Зеландад гаднаас ирсэн хоёр хүнд 14 хоногийн тусгаарлалтын үеэр халдвар илэрчээ.
“Энэ оны 6-8-р саруудад өвчлөл буурна гэж байсан ч байдал өөр тийш эргэлээ” хэмээн Харвардын их сургуулийн эрдэмтэд анхааруулжээ.
ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 8248 хүн халдвартай нь бүртгэгдэн, нийт 545 мянга болж 7284 хүн нас бараад байна. Шуурхай 119 дуудлагын аппликэйшнээр Казакстан, Шведээс манай улсын гурван иргэн залгаж зөвлөгөө авчээ.