Нийгэм

Ялалтын парадад оролцох Монголын цэргүүд Москвад очжээ

Нийтэлсэн

Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг зургадугаар сарын 24-ний өдөр явуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. Тус шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугаас тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилгыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон юм. Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансрын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотыг зорилоо.

ОХУ-ын БХЯ-аас цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүнд гурван удаагийн коронавирусын шинжилгээ авч халдвар аваагүй нь тогтоогдсон учир зургадугаар сарын 15-ны өдрөөс ОХУ-ын БХЯ-ны харъяа сувиллын газарт байрлаж цэргийн парадын бэлтгэлдээ гарлаа. Энэ жилийн цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирээд байгаа бөгөөд 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэлийг хийхээр төлөвлөгдөж байна.

Exit mobile version