Нийгэм

“Цэвэр агаартай хот” цахим хурал боллоо

Нийтэлсэн

“Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг НЗДТГ болон Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, ШУА-тай хамтран зохион байгууллаа. Нийслэлийг эрүүл аюулгүй орчинтой болгоход шаардлагатай технологи, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар эрдэмтэн судлаачдын судалгаанд суурилсан хөтөлбөр боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргах зорилготой юм.

Энэ  хуралд Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, НЭМҮТ, Цаг уур, орчны шинжилгээний газрын эрдэмтэн судлаачид болон АНУ, Хятад, Солонгос, Япон, Канад, Оросын 16 байгууллагын 30 орчим илтгэгч оролцлоо.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад дотоодын болон олон улсын эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр хамруулахын тулд цахимаар зохион байгуулж байгаа юм. Тус хурлаар “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”, “Дотоод орчны агаарын чанарыг түүхий нүүрс болон сайжруулсан түлшний хэрэглээгээр харьцуулан судалсан нь”, “Нүүрсний үнсийг ашиглах технологийн шийдэл, боломжит хэрэглээ” гэсэн 30  гаруй судалгааны сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Энэ үеэр зохион байгуулагч, зочин илтгэгчдийн сэтгэгдлийг сонслоо.

МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Содномдагва “Улаанбаатар хотын гудамж талбай эвдэрсэн газар, сул хөрс ихтэй. Мөн хот дотор түгээмэл тархалттай ашигт малтмал буюу элс хайрганы олборлолт их явагддаг нь тоосжилтын хэмжээг нэмсэн байна. Манайд улирал харгалзахгүй тоосжилт их байгаа учир ногоон байгууламжийг нэмэгдүүлж, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх шаардлагатай. Мөн ногоон байгууламжийг жилийн дөрвөн улирал ашигтай мөнх наст модлог ургамал тарих хэрэгтэй. Энэ үйл хэрэгт нийслэлийн өрх бүр оролцох шаардлагатай байна” гэсэн юм.

 

Харин Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Энэ хурлаар судлаачдын шинжлэх ухааны үндэстэй тооцоонд тулгуурласан бодлогын баримт бичгийг гардан авч байна. Цаашдаа хотын агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийг тодорхойлно. Засгийн газрын 62 дугаар тогтоолоор түүхий нүүрсийг хориглох шийдвэртэй холбогдуулан 200 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангасан. Үүний үр дүнд утааны хэмжээ 50 хувь буурсан үр дүн гарсан. Гэвч агаарын бохирдлыг үүсгэгч бусад хүчин зүйлсийн хор нөлөөг бууруулах шаардлагатай. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, төвлөрсөн дулаанд холбох боломжгүй сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжийг сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрээр хангах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх хэрэгтэй байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Exit mobile version