Эдийн засаг

Энэ сарын 10-ны байдлаар Монгол Улс 839.7 мянган баррель газрын тос олборлоод байна

Нийтэлсэн

Зургаадугаар сарын 10-ны өдрийн байдлаар Монгол Улс 839.7 мянган баррель газрын тос олборлож, 740.2 мянган баррелийг нь экспортолсон талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ.

Энэ онд Монгол Улс нийт 6.6 сая баррель газрын тос олборлон экспортлохоор төлөвлөсөн байна. Экспортын төлөвлөгөө оны эхний таван сар гаруйн хугацаанд 11 хувьтай байна. Мөн энэ онд улсын төсөвт газрын тосны экспортоос 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвт тусгажээ. Үүнээс оны эхний таван сард гүйцэтгэл 11.4 хувьтай байна. “Петрочайна Дачин Тамсаг” компани Баянхошуу боомтоор, “Доншен газрын тос Монгол” компани төмөр замаар экспорт хийж байна. Өнгөрсөн хугацаанд төмөр замын экспорт тасалдаагүй. Харин Баянхошуу боомтын экспорт тодорхой хугацаанд тасалдсаны дараа эргэн сэргээд байна. Экспортод ямар нэгэн саад байхгүй байгааг Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээлсэн юм. Өнгөрсөн хугацаанд цар тахлын улмаас газрын тосны эрэлт буураад байна.

Мөн газрын тос олборлогч орнууд Саудын Араб, ОХУ-ын хоорондох үнийн дайнаас болж газрын тосны нийлүүлэлт өссөнөөр ханш нь унасан бөгөөд энэ нь экспортын орлого багасахад нөлөөлсөн бас нэг хүчин зүйл юм.

Үүнээс гадна өнгөрсөн оны аравдугаар сард Тамсагийн сав газарт газрын тосны шинэ орд газар илрүүлсэн “Petro Matad” компани олборлолтын зөвшөөрлөө авахаар ажиллаж байна. Тус компани энэ долоо хоногт 1.1 сая ширхэг энгийн хувьцааг нэгж бүрийг нь 0.01 ам.доллароор үнэлэн гаргаж байгаагаа зарласан юм. Харин дараа нь саналын эрхтэй 674.3 сая ширхэг энгийн хувьцаа гаргахаар төлөвлөжээ. “Petro Matad”-ийн “Цэн тогоруу” талбайн олборлох боломжтой нөөцийн дундаж хэмжээг 33 сая баррель гэж итгэмжлэгдсэн мэргэжилтний тайланд дурдсан байна. Мөн геологийн баялгийн хэмжээг нь хамгийн сүүлд 20 хувиар нэмэгдүүлж, 194 сая баррель гэж тооцоолоод байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Exit mobile version