Дэлхий

Франц, Их Британийн удирдагчид зайнаас нүүр тулж уулзав

Нийтэлсэн

Өчигдөр буюу Пүрэв гарагт Британийн нийслэл Лондон хотод айлчилсан Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ерөнхий сайд Борис Жонсонтой уулзахдаа цар тахлын үед дээд түвшний айлчлал ямар байх ёстой жишгийг үзүүлжээ.

Коронавирусийн цар тахал дэгдсэн цагаас хойш Европын хоёр том гүрний төрийн тэргүүнүүд анх удаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм.

Тэд уулзахдаа гар барилгүй холоос мэндчилж, ярилцахдаа ч хоорондоо зайтай зогсож байв. Макрон бас угсаа залгамжлах ханхүү Чарльз, түүний гэргий Камилла нартай уулзахдаа ийм зарчим баримталжээ.

Францын ерөнхийлөгч нэгэн түүхэн үйл явдлын 80 жилийн ойг тохиолдуулан Лондонд айлчлан ирсэн юм. Энэ бол Дэлхийн Хоёрдугаар дайны үед Нацист Германд эзлэгдсэн Франц улсын иргэдэд хандаж, Лондон хотоос генерал Шарль Де Голль BBC радиогоор үг хэлсний ой ажээ.

Тухайн үед генерал Францаас дүрвэж, Британид амьдарч байсан юм.

“Британийн хаант улс Францын бүгд найрамдах улсыг орогнуулагч болсон юм. Ерөнхий сайд Уинстон Черчилль генерал Де Голльтой Франц улсын хууль ёсны сайд, Францын элч төлөөлөгч мэт харьцаж байлаа” гэж Макрон өчигдөр хэлсэн үгэндээ талархсан байна.

Британичууд Франц улсад нацистуудтай тэмцэх эхний зэвсэг өгсөн нь BBC радиогийн микрофон байсныг тэр бас онцолжээ.

Эммануэл Макрон түүхэн үйл явдлын ойг тохиолдуулан Францын төрийн дээд шагнал болох Легионы одонгоор Лондон хотыг шагнасан юм.

Одонг Лондон хотыг төлөөлж ханхүү Чарльз хүлээн авсан байна. Их Британи улсад гадаадаас ирсэн хүмүүс 14 хоног тусгаарлагдах журамтай.

Гэхдээ дипломат харилцаанд энэ журам үйлчлэхгүй тул Эммануэл Макрон тусгаарлагдаагүй байна.

Хоёр орны удирдагчид өчигдөр 1940 онд генерал Де Голлийн Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль болон гэргийд нь өгч байсан бэлгийг үзэж сонирхсон байна.

Мөн Лондон хотын тэнгэрт Британи, Францын армийн нисэх онгоцнууд зэрэгцэн нисэж, түүхэн ойд хүндэтгэл үзүүлжээ.

 

Эх сурвалж: CNN

Exit mobile version