Дэлхий
Коронавирусийн гамшигтай холбоотойгоор ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа
Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэхэд дэлхийн ихэнх улс орнууд бэлтгэлгүй байгаа гэсэн үндэслэлээр ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага) өчигдөр орой олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэр гаргажээ.
Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус энэ шийдвэрээ Хятад улс халдварыг тогтоон барьж чадах эсэхэд итгэхгүй байгаа гэсэн үг биш, харин эрүүл мэндийн систем сул хөгжсөн улс орнууд хамгаалах чадваргүй байгаатай холбоотой гаргасан гэж тайлбарласан байна.
Өнөөдөр өглөөний байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 9,480, нас барсан хүний тоо 213 хүрчээ.
Өчигдөр ДЭМБ бас дэлхийн улс орнуудад хэд хэдэн зөвлөмж хүргэсэн байна. Үүнд вакцин бүтээх ажлыг хурдасгах, халдвартай тэмцэх бэлтгэлээ сайтар хангах, худал хуурмаг мэдээлэл тархахаас сэргийлэх, олж авсан мэдээллээ ДЭМБ-тай нээлттэй хуваалцах зэрэг ажлууд багтжээ.
Үүнээс гадна ДЭМБ-ын удирдлага хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хил хаах, Хятадын жуулчдыг хориглох зэрэг хэт хатуу алхам хийхгүй байхыг улс орнуудад анхааруулсан байна.
Өчигдөр ОХУ-ын засгийн газар Орос-Хятадын хилийг хааж, Хятадын жуулчдыг нэвтрүүлэхгүй болж байгаагаа зарласан юм. Гэхдээ ДЭМБ дээрх анхааруулгадаа ОХУ-ын нэрийг дурдаагүй байна.
Дэлхийн томоохон авиа компаниуд Хятад руу хийх нислэгийнхээ тоог багасгах, зарим нь бүр зогсоох арга хэмжээ аваад байгаа. Ийм арга хэмжээг буруутгасан Тедрос “коронавирусийн тархалттай тэмцэж байгаа Хятад улсад хүндэтгэл үзүүлэхийн оронд шийтгэх ёсгүй” гэж мэдэгджээ.
ДЭМБ-ын шуурхай хороо өнгөрсөн долоо хоногт хуралдахдаа шинэ коронавирус хүнээс хүнд халдахгүй байгаа тул олон улсын хэмжээнд онц байдал зарлах шаардлагагүй гэж дүгнэсэн юм. Харин долоо хоногийн дараа уг шийдвэрээ эргэн харж, онц байдал зарлалаа.
Хүнээс хүнд халдсан тохиолдлууд илэрч, Хятадаас гадна улс орнуудад халдвар тарж эхэлсэн тул анхны шийдвэрээсээ ухарсан бололтой.
ДЭМБ-ын хэвлэлийн хурлын өмнөхөн АНУ-д коронавирус хүнээс хүнд халдсан анхны тохиолдлыг илрүүлсэн байна. Гэхдээ халдвар тархах эрсдэл бага хэвээр байгааг тус улсын эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүд мэдэгджээ.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр хүнээс хүнд халдсан нийт найман тохиолдол Хятадаас бусад улс орнуудад илрээд байна. Хятадаас гадна 18 улсад коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 98 болжээ.
Эх сурвалж: Reuters