Дэлхий

Чечений удирдагч Франц улсад үймээн дэгдээсэн иргэдээ өмөөрөв

Нийтэлсэн

Сүүлийн өдрүүдэд Францын Дижон хотод чечений цагаачид үймээн самуун дэгдээж, цагдаа нар дэг журам тогтоохоор ажиллаж байгаа.

Алжир, Тунис, Морокко зэрэг Умард Африкийн улсуудаас ирсэн цагаачид голдуу амьдардаг Дижон хотын Гресилль хэмээх ядуу дүүрэгт 16 настай чечень хүү халдлагад өртсөнөөс бүх зүйл эхэлсэн юм.

Энэ явдлын дараа Францын өнцөг булан бүрээс төдийгүй, хөрш Европын орнуудаас чеченүүд Дижонд цугларч, өшөө авах ажиллагааг эхлүүлсэн байна. Тэд галт зэвсэг хэрэглэж, галдан шатааж, эвдэн сүйтгэж байгаа.

Францын засгийн газар Дижон хотод цагдаагийн нэмэлт хүч илгээж, олон тооны чечень хүнийг баривчлаад байна.

Тэгвэл өчигдөр ОХУ-ын Чечений Бүгд Найрамдах Улсын засгийн тэргүүн Рамзан Кадыров нутаг нэгтнүүдээ өмгөөлсөн мэдэгдлийг Телеграм хуудсандаа хийжээ.

Тэрбээр хотын хар тамхины наймаачид эхэлж халдлага үйлдсэнээс үймээн гарсан, Францын цагдаа нар гэмт этгээдүүдийн эсрэг хангалттай арга хэмжээ аваагүй тул чеченүүд өөрсдөө асуудлаа шийдэхээс өөр аргагүй болсон гэж тайлбарласан байна.

“Энэ бол үндэстэн хоорондын мөргөлдөөн биш. Хяналтаас гарсан хар тамхины наймаачидтайгаа орон нутгийн удирдлага тэмцэж чадахгүй байгаагаас залуус асуудлыг гартаа авсан байна” гэж тэр бичжээ.

“Хууль сахиулагчид үүргээ биелүүлээгүй. Тиймээс би чеченүүдийн үйлдлийг зөв гэж бодож байна” гэж Кадыров бичсэн байна.

Энэ долоо хоногт Дижон хотод Францын дотоод хэргийн дэд сайд өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцсан бөгөөд байдал сайжиртал цагдаагийн нэмэлт хүчийг хотоос гаргахгүй гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: AFP

Exit mobile version