Энтертайнмент
Ливерпүүлээс оноо салгасан гурав дахь баг Эвертон боллоо
Английн Премьер лигийг тэргүүлэгч Ливерпүүл клуб 30 дугаар тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө хүснэгтийн 12 дугаар байранд бичигдэж буй Эвертон клубийн талбайд зочлон тоглолоо.
Гүүдисон Парк цэнгэлдэх хүрээлэнд болсон 234 дэх удаагийн Мерсисайдын дэрби хуурай тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд Эвертон клуб энэ улиралд тэргүүлэгчдээс оноо салгасан гурав дахь баг болов.
Ливерпүүл клуб өмнө нь Манчестер Юнайтед клубийн талбайд 1-1 харьцаагаар тэнцэж, Уотфорд клубийн талбайд 3-0 харьцаагаар хожигдож байсан юм.
Эвертон клуб тоглолт эхэлснээс хойш нягт хамгаалж, сөрөг довтолгоогоор хэд хэдэн аюултай боломж үүсгэсэн ч амжилт олсонгүй. Харин Юрген Клоппоор удирдуулсан зочин баг “Улаанууд” бөмбөг илүүтэй эзэмшиж байсан ч Карло Анчелотти дасгалжуулагчийн хамгаалалтыг давсангүй.
Ийнхүү Ливерпүүл клуб 83 оноотой Манчестер Сити клубээс 23 онооны дээр бичигдэж буй бол Эвертон клуб 32 оноотойгоор 12 дугаар байрандаа хэвээр үлдлээ.
Ливерпүүл клуб хоёр тойрогт ялалт байгуулахад л бусад багуудын тоглолтоос үл хамааран цом өргөх байв. Гэхдээ тэнцсэн тул Манчестер Сити клуб маргааш Бөрнли клубд хожигдвол 31 дүгээр тойрогт Кристал Паласыг хожин цом өргөх боломжтой юм. Эс бөгөөс цом өргөх өдөр 32 дугаар тойрогт болж хойшилно.