Дэлхий

АНУ-ын коронавирусийн халдварын тоог бууруулахын тулд оношилгоогоо багасгах ёстой гэж Дональд Трамп ярьжээ

Нийтэлсэн

Бямба гарагт Оклахомагийн Тулса хотод дэмжигчидтэйгээ уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдварын тоог бууруулахын тулд оношилгооныхоо тоог багасгах ёстой гэж мэдэгджээ. Тэрбээр халдварын тоогоор АНУ дэлхийд тэргүүлж байгаагийн гол шалтгаан нь оношилгоог их хэмжээгээр зохион байгуулж буйтай холбоотой гэж тайлбарласан байна. Одоогоор тус улсад 25 сая оношилгоо хийгээд байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт гэжээ.

“Оношилгоог ийм олноор хийж байгаа тохиолдолд халдвартай хүний тоо олон болох нь тодорхой. Тиймээс би өөрийн хүмүүст оношилгоогоо багасгах хүсэлт тавиад байгаа” гэж Трамп ярьсан байна.

Тэрбээр иргэдийг оношлох үйл ажиллагааг “хоёр үзүүртэй зүү” гэж энэ үеэр тодорхойлсон юм.

Энэ мэдэгдлийн дараа Цагаан ордны төлөөлөгч ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хошигнол гэж залруулжээ.

“Tэр энэ үгийг хэлэхдээ хошигносон байх. Бид 25 сая хүнийг оношилсон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа нь үнэн” гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Трамп бас Тулсад үг хэлэхдээ Хятад, Европын зорчигчдод хилээ хаах шийдвэр гаргасан нь олон сая Америкчуудын амийг аврах шалтгаан болсон гээд харамсалтай нь “хуурамч мэдээлэл” тараадаг хэвлэлүүд түүний энэ гавьяаг дарагдуулж, үнэлэхгүй байгааг ярьжээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын 2.2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 120,000 орчим хүн нас бараад байгаа нь дэлхийд хамгийн муу үзүүлэлт болж байна.

Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн нь Дональд Трампыг 2020 оны сонгуульд ялахад саад болох төлөвтэй байгаа.

Сүүлийн судалгааны үр дүнд үзүүлснээр өрсөлдөгч Жо Байдены рэйтинг Дональд Трампынхаас 13 нэгжээр илүү байна.

Эх сурвалж: Reuters

Exit mobile version