Улс төр
Н.Алтанхуяг: Хүүхдүүдэд багаас нь гадаад хэл заахыг хориглосон хуулийн заалт оруулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Үндсэн хуульд нас, хүйс, шашин шүтлэг, гарал үүслээс шалтгаалахгүй боловсрол олгох тухай заасан байдаг. Гэтэл бид хүүхдүүдээ ангилан ялгаж хуваасаар байна. Баян чинээлэг айлын хүүхэд, даргын хүүхэд, гэр хорооллын хүүхэд гэх мэт. Бид Үндсэн хуулиа мартсан. Одоогийн нийгэмд хүүхдийг ялгаварлан гадуурхах тогтолцоог бид бий болгожээ. Би сайдаар ажиллаж байхад Элчин сайдын хүүхдүүд Элчин сайд болдог байсан. Гадаад гэж хошуурахаа болимоор байна. Гадаадад төгсөж ирсэн хүүхдийг тахин шүтэж байна. Бакалаврын түвшний хүүхдүүдийг гадаад руу явуулмааргүй байгаа юм. Гадаад руу тэмүүлдэг тэр тогтолцоог болиулмаар байна. Тэгш бус нөхцөлийг бий болгож байна. Хүүхдүүдэд багаас нь гадаад хэл заахыг хориглосон хуулийн заалт оруулах хэрэгтэй. Монгол хүүхэд юм бол монгол хэлээ сур. Дунд ангиас эхлээд гадаад хэлээ сурч болно. Зургаадугаар ангиас эхэлж гадаад хэл үзэж болно. Яахаараа Монгол хэл англи хэлний хажуугаар ордог юм бэ. Монгол хэлийг тээж авч явах нь бидний үүрэг шүү дээ. Бид нарын үр хүүхэд Монгол хэлийг сурахгүй бол яах вэ.
