Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэн бүрээ татан авахаар ажиллаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ГХЯ-нд ажиллалаа. Тэрбээр яамнаас хэрэгжүүлж буй ажлуудыг сонсож, зарим үүрэг даалгаврыг өгөв. Тодруулбал, гадаадын 52 улсаас иргэдээ 2 хоног тутам чартер нислэгүүдээр ирэх боломжийг хангаж, визний асуудал болон бусад консулын асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулахыг хүссэн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улс хилээ хаагаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эх орондоо ирж чадахгүй байгаа олон мянган иргэдээ эх оронд нь авч ирэхэд онцгойлон анхаарч байгаа ГХЯ болон гадаадад суугаа Элчин сайд, консулын газарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 52 улсаас 20 мянга гаруй иргэнээ агаарын замаар татаж авсан. Мөн төмөр зам, автозам, явганаар гээд байж болох бүхий л бололцоогоо ашиглан иргэдээ татан авч байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 200 гаруй мянган иргэн хилийн цаана ажиллаж, амьдарч байна. Тэдгээр иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах нь бидний үүрэг. Мөн эх орондоо ирэхийг хүсч байгаа, хүсэлт гаргасан бүх иргэнээ татаж авахаар Монгол Улсын Засгийн газар ажиллаж байна” гэлээ.
Б.Аз
