Эдийн засаг
“Оюутолгой”-н эрчим хүчийг дотоодоос нийлүүлж эхэллээ
“Өмнөд бүсийн цахилгаан түгээх Сүлжээ” ТӨХК болон “Оюутолгой” компани Оюутолгой ордын цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо хангах “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгууллаа. Ингэснээр “Оюутолгой” уурхай гадаадаас авдаг байсан цахилгаан эрчим хүчээ дотоодоосоо авч, манай улсын эдийн засагт эерэг үр дүн гарч, цаашид цахилгаан эрчим хүч нийлүүлэлт үе шаттай нэмэгдэх юм.
Оюутолгойн орд газрыг ашиглаж эхэлснээс хойш буюу 2013 оноос уурхай БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс импортын цахилгаан эрчим хүч авч ирсэн. Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 кв-ын гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусчээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Оюутолгой компани 19 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү гэрээний үр дүнд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 2-3 хувийг хангаж эхэлж байгаа хэдий ч цаашид говийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, тэрэн дундаа “Оюутолгой” компанийг дотоодоосоо цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах томоохон ажлын эхлэл тавигдлаа. Монгол Улсын говийн бүсийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдгээрийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг УИХ, Засгийн газраас 2008 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн” гэлээ.
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Энэхүү гэрээг байгуулсан нь манай компанийн хувьд маш чухал үйл явдал болж байна. Дотоодоос авах эрчим хүчний хэмжээгээ нэмэгдүүлэх манай хүчин чармайлтын нэг илэрхийлэл болж байна. Бид цаашдаа ч Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээ, Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын нэмэлт, өөрчлөлтийн гэрээний хүрээнд нөөц боломжуудыг эрэлхийлэн Эрчим хүчний яамтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэлээ.
Дотоодын эрчим хүчний системээс уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангах ажлын техникийн болон Улсын комисс ажиллаж 13 мегавольт ампер суурилсан хүчин чадал бүхий дөрвөн дэд станцыг 35 кв-ын хүчдэлийн түвшингээр хангаж эхэллээ. Уурхайн хэрэглээг Монгол Улсын эрчим хүчний системээс хангах ажлын хүрээнд 220 кв-ийн гурван дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгажээ. Цахилгаан тоноглолуудыг зураг төслийн дагуу байнгын ажиллагаанд оруулах ажил хийгдэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.4 БААСАН № 171 (6396)