Covid-19

ЭМЯ: ХӨСҮТ-д эмчлүүлж буй 6 хүний бие хүндэвтэр байна

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар цаг үеийн ээлжит /2020.09.07/ мэдээлэл хийж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 3600 хүн ажиглалтад  байна. Тусгаарлах байранд шинээр 365 хүн орж 652 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд  сүүлийн гурав хоногийн хугацаанд нийт   98 дуудлага ирж коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө авчээ.

СҮҮЛИЙН ГУРАВ ХОНОГТ КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: 

-Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт лабораторит 421 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  Үүнийг задалбал,

  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар хотын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 257
  • Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн Ачаа тээврийн 27 хүн
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлан ажиглах байранд буй 28 хүний давтан шинжилгээ
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 106 хүний шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээний хариу тус тус сөрөг гарлаа. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 14 хүн эмчлэгдэж байгаагаас 6 хүний биеийн байдал хүндэвтэр байна гэлээ.

Нийт батлагдсан 310 тохиолдлоос 296 нь эдгээд байна. Эдгэсэн хүмүүсийн 16 нь сувилалд, 25 нь гэрийн ажиглалтад байна. Сүүлийн гурав хоногт нийт 1726 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

ТАРВАГАН ТАХЛЫН БУЛЧИРХАЙ ХЭЛБЭРЭЭР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕ ХҮНД БАЙНА

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-БНСУ-д коронавирусийн халдвар авсан манай улсын найман иргэн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал дунд зэрэг байна. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын булчирхай хэлбэрээр өвчилсөн хүний биеийн байдал хүндэрч уушгины хэлбэрт шилжсэн. Тухайн хүний биеийн байдал маш хүнд байна. Уушгины хэлбэрт шилжсэн учраас эрүүл мэндийн байгууллагаас онцгой анхаарал хандуулж байна. Тухайн хүнтэй нэгдүгээр хавьталд орсон 25 хүн байгаа юм. Тэдэнд тарваган тахлын нян үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Exit mobile version