Дэлхий
Токиогийн Олимпийг 2021 онд зохион байгуулахаар тогтлоо
Нэг жилээр хойшлуулсан Токиогийн олимпийг 2021 оны долоодугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар тогтсон талаар Олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс зарлалаа. Тэрбээр “Олимпийн наадам нэг бол Covid-той эсвэл Covid-гүйгээр болно” хэмээн хэлсэн байна. Олон улсын Олимпийн хорооноос тус наадмыг дахин хойшлуулахгүй гэжээ.
“Наадмын гол санаа нь 2011 онд Япон улсад болсон газар хөдлөлт болон цунамигийн дараах сэргээн босголт байх ёстой байлаа. Гэвч одоо Covid-ийг ялан дийлж, хонгилын үзүүрт гэрэл гийхийг бэлгэдсэн агуулгатай болж байна” гэжээ.
“Токио-2020” зохион байгуулах хорооны удирдагчдын нэг Тоширо Мүто өнгөрсөн долоодугаар сард үзэгчгүйгээр зохион байгуулах талаар мэдэгдэж байсан ч зохион байгуулагчид огт үзэгчгүй болно гэсэн нөхцөл байдал үүсгэхгүй байхыг хичээж байна гэжээ. Магадгүй наадмын нээлт, хаалтын ёслолыг хялбаршуулж, оролцох хүмүүсийн тоог цөөрүүлэх байх хэмээн тэрбээр хэлсэн байна.
2020 оны Олимпод 200 улс орны 11 мянга гаруй тамирчин оролцохоор төлөвлөгдөж байв.
Эх сурвалж: ВВС