Дэлхий
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный ухаан оржээ
Новичок хэмээх химийн бодисонд хордсон ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный ухаан орсон талаар Германы Шарите эмнэлгээс мэдээлжээ.
Түүнийг эмнэлгийн мэргэжилтнүүд хиймэл комоос гаргасан бөгөөд хүмүүсийн ярианд хариу үйлдэл үзүүлж байгаа талаар мэдээлсэн байна. “Наймдугаар сарын 22-ноос хойш Берлиний Шарите эмнэлэгт эмчлүүлж байгаа Алексей Навальныйн биеийн байдал сайжирсан. Түүнийг хиймэл комоос гаргах боломжтой болсон. Өвчтөнийг амьсгалын аппаратнаас аажмаар салгана” гэжээ.
Наймдугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Томск хотоос Москва руу нисэх үед онгоцонд Алексей Навальныйн бие муудаж, ухаан алдсан юм. Нисэх багийн гишүүд Омскт яаралтай газардаж түүнийг эмнэлэгт хүргэсэн. Ар гэрийнхэн нь Навальныйг хилийн чанадад эмчлүүлэх хүсэлт тавьсан ч Оросын эмч нар түүний биеийн байдал хүнд байгаа учраас авч явах боломжгүй гэж мэдэгдэж байжээ. Удалгүй Германы талаас түүнийг онгоцоор татан авч Шарите эмнэлэгт хэвтүүлсэн юм.
ОХУ-ын талаас түүнийг санаатайгаар хордуулсан гэх шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгдсэн бол Германы цэргийн лабораториос “Новичок” бүлгийн бодисоор хордуулсан гэж үзжээ. Энэхүү бодисоор ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг 2018 онд Их Британид хордуулж байснаар нь олон нийт мэддэг болсон юм.
Эх сурвалж: ВВС