Дэлхий
A.Лукашенко: Би Беларусь улсыг 25 жил бүтээн босгосон учир зүгээр явчихгүй
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко дахин сонгогдсоны дараа анх удаа хэвлэлд ярилцлага өглөө. Энэ үеэр тэрбээр Беларусийн төрийн тэргүүний албан тушаалаасаа “зүгээр ч нэг яваад өгөхгүй” гэдгээ мэдэгдэв.
Оросын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагын үеэр Лукашенко “Би энэ улсыг 25 жилийн турш бүтээн байгуулсан. Энэ бүхнийг зүгээр ингээд орхихгүй. Беларусь улсыг зөвхөн би л хамгаалж чадна” гэж хэлжээ.
Тэрбээр Беларусийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байгаа бөгөөд үүний дараа дахин сонгууль явуулахыг үгүйсгэхгүй гэв.
Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн наймдугаар сарын 10-наас хойш үргэлжилж буй юм. 26 жил төрийн эрх барьсан Александр Лукашенко зургаа дахь удаагаа дахин сонгогдсон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.
Энэ талаар Лукашенко Беларусь улсад болж буй эмх замбараагүй байдлын ард АНУ болон Европын холбооны зарим улсууд байгаа бөгөөд Беларусийн энгийн иргэдэд мөнгө тарааж турхирч байна гэж үзэж буйгаа тэрбээр хэллээ.
Эх сурвалж: ВВС