Дэлхий
АНУ: Ши Жиньпиний “Ерөнхийлөгч” хэргэмийг хураах хууль санаачлав
Хятадын удирдагч Ши Жиньпин маш олон цол хэргэм, албан тушаал хашдаг учир түүнийг “Бүхний дарга” гэж хочилдог байна. Тэрбээр 2012 онд одоогийн албан тушаалд очсоноосоо хойш Хятадын эрх баригч Коммунист намын дарга төдийгүй маш олон шинэ намуудын хороодын дарга, Зэвсэгт хүчний удирдагч, улсын төрийн тэргүүн гээд олон цол хэргэмийг нэгэн биенд агууулж яваа нэгэн юм. Олон улсын тоймчид түүнийг улсын ерөнхийлөгч гэхээс илүү автократ удирдагч гэж тодорхойлдог байна.
АНУ-ын хууль тогтоогчид төрийн албан бичиг болон олон улсын хэмжээнд мэдээ, нийтлэл бэлтгэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний албан тушаалыг тодорхойлохдоо “Ерөнхийлөгч” гэж бичихийг хориглох тухай хуулийн төслийг Конгрессын танхимд өргөн барьсан байна. “Дайсны нэрийн тухай хууль” гэх нэртэй уг хуулийг Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүн Скотт Перри санаачилжээ.
Уг хуулийн төсөлд АНУ-ын Холбооны Засгийн газрын аливаа баримт бичигт Ши Жиньпиний албан тушаалыг ерөнхийд нь “БНХАУ-ын төрийн тэргүүн” гэх бөгөөд намын албан тушаалын хувьд “БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга”, эсвэл “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэдгээс өөрөөр бичихгүй байхаар тусгасан байна.
“Тус улсын удирдагч нь олон жилийн турш хүний эрхийг зөрчих замаар улсаа удирдаж ирсэн учир ардчилсан замаар улс эх орноо удирддаг удирдагч шиг түүнийг “Ерөнхийлөгч” гэж нэрлэх нь зохисгүй юм” хэмээн хуулийн төсөлд дурджээ.
Ер нь Ши Жинпиний албан тушаал, цол хэргэм олон жилийн турш эргэлзээтэй, маргааны сэдэв болсоор ирсэн. БНХАУ-ын төрийн албан ёсны нэршилд түүний албан тушаалыг шууд утгаар “Ерөнхийлөгч”, эсвэл англи хэлэнд орчуулагдах байдлаар нь түүнтэй ижилсэх утга санаа агуулах ямар ч нэр томьёо ашигладаггүй.
Тус улсын төрийн албан ёсны нэршилд Ши Жиньпиний албан тушаалыг Төрийн тэргүүний хувьд “Guojia Zhuxi” буюу “БНХАУ-ын дарга”, эрх баригч намын даргын хувиар “Zong Shuji” буюу “БНХАУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга”, Хятадын Ардын чөлөөлөх армийн Ерөнхий командлагчийн хувиар “Zhongyang Junwei Zhuxi” буюу “БНХАУ-ын Цэргийн Төв комиссын дарга” гэх гурван байдлаар тодорхойлдог. Харин 1954 оны Үндсэн хуульд улсын удирдагчийг “БНХАУ-ын дарга” гэж нэрлэх талаар анх удаа тусгасан байдаг аж.
Энэ албан тушаалын нэршлийг хамгийн анх Мао Зэдун эзэмшиж байжээ. Харин 1975 онд тэрбээр “БНХАУ-ын дарга” гэх албан тушаалыг бүхэлд нь халж, оронд нь намын даргад шинэ эрх мэдэл олгох замаар Коммунист намын төрийн эрх мэдлийг онцолсон шинэ Үндсэн хуулийг боловсруулж баталжээ.
Барууны орнуудын Засгийн газрууд болон хэвлэл мэдээллүүд Ши Жинпиний албан тушаалыг тодорхойлохдоо ихэвчлэн “Ерөнхийлөгч” гэх нэршил ашигладаг. Эсрэгээрээ Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд цөөн хэдэн тохиолдолд “БНХАУ-ын Ерөнхийлөгч” гэх нэршил ашиглаж байжээ.
“Ерөнхийлөгч” гэдэг үг нь “өмнө нь суух” гэсэн утгатай латин үг бөгөөд анхандаа коллежийн дарга, хорооны дарга гэх мэт албан тушаалыг нэрлэдэг байсан аж. Энэхүү үгийн утга ер нь сонгууль, ардчилалтай ямар ч холбоогүй, АНУ энэ үгийг бүгд найрамдах улсын тэргүүний цол болгон ашигласан анхны улс болж, дараа нь бусад улс орнууд энэ жишгийг дагах болжээ.
Хятад улс зарим үед “Ерөнхийлөгч” гэдэг үгийг ашигладаг байсныг судлаачид 1980-аад оны үеэс Дэн Сяопины баримталж байсан нээлттэй эдийн засаг, Хятадыг глобальчлах бодлоготой холбон тайлбарладаг. Тухайн үед Хятадын эрх баригчид “Ерөнхийлөгч” гэдэг үгийг барууны ертөнцөд өөрсдийн сэвтсэн нэр хүндийг сэргээх арга хэрэгсэл болгон ашигладаг байжээ.
Улмаар 1990-ээд оны сүүлээр БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэхээр төлөвлөж эхэлсэн нь олон улсад Бээжин илүү ардчилсан ирээдүй рүү тэмүүлж байна гэх хандлага бий болгож, “Хятадын Ерөнхийлөгч” гэх нэршил хэрэглэгдэх байдлыг улам түгээмэл болгосон байна.
Хятад улс өнөө үед Дэн Сяопиний үеэс тэс өөр болсон. Дэлхийд тэргүүлэх байр сууриа бэхжүүлж, ДНБ нь 1978 онд 150 тэрбум доллар байсан бол өнгөрсөн онд 14 их наяд доллар болж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болжээ.
Улс орны удирдлага, улс төрийн байдал ч өөрчлөгдсөн. Дэн Сяопин болон түүний үеийн бусад албан тушаалтнууд Маогийн эрин үеийнхнээс алхам алхмаар холдож байсан бол Ши Жинпинь өөрийн арга барилыг Мао Зэдуний засаглалын хэв маягтай зэрэгцүүлэн нийгмийн бараг бүх салбарт Коммунист намын хяналтыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Гэсэн ч АНУ-д дээр дурдсан хуулийн төсөл боловсруулсан нь тус улсын нэр хүнд түүхэнд байгаагүй доод түвшинд хүрч байна гэж шинжээчид үзэж байна.
Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хоёр их гүрэн сүүлийн жилүүдэд олон асуудал дээр зөрчилдөх болсон бөгөөд энэ удаагийн “Дайсны нэрийн тухай хууль” ч мөн уг сөргөлдөөний нэг хэлбэр гэж үзжээ. Энэ нь зөвхөн хэл шинжлэлийн өөрчлөлт бус, цаагуураа улс төрийн зорилготой өөрчлөлт болно гэж судлаачид дүгнэж байна.
Эх сурвалж: CNN