Нийгэм
Ш.Эрдэнэчимэг: 39 жарны түүхтэй хувцас минь өв, соёл түгээж байна
Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид одоогоос 800-гаад жилийн өмнө хэрэглэж байсан мөнгөн ээмэг, бөгж, аяга, хүрэл ээмэг, модон сам зэрэг археологийн чухал олдворуудыг өчигдөр УДЭТ-ын гадна талбайд танилцуулсан юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд ШУА-ийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид болон урлаг соёлын алдартнуудаас гадна Монголын түүх соёлын нэгээхэн хэсэг болсон үндэсний дээл хувцсаараа соёлын өвийг сурталчлан таниулах зорилготой иргэдийн төлөөлөл ирсэн байв. Тэдний нэг Увс аймгийн харьяат Иш.Эрдэнэчимэгтэй цөөн хором ярилцлаа.
-Таны хувьд соёлын өв гэж чухам юу вэ?
-Соёлын өв гэдэг бол тухайн оршин байх цаг хугацааны түүхийг баталгаажуулж байдаг онцлогтой зүйл. Өөрөөр хэлбэл соёлын өв гэдэг бол хүний оршихуй, гарал үүсэл, улс үндэстний мөн чанар төдийгүй өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг холбож байдаг биет ба биет бус хэмээн ангилагдах өртөө юм. Хүмүүс ихэвчлэн биет өвийг тодруулж, шагшин магтдаг ч өнөөдөр бидний амьдарч байгаа цаг хугацаанд хамгийн түгээмэл хэрэглэж, үр хойчдоо өвлүүлж буй өв соёл бол үндэсний хувцас юм. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэг ардын сэцэн үг бий. Тиймээс монголчууд эртнээс дээл, хувцас урлахдаа ухаан зарж бүтээдэг байсан. Миний өмссөн энэхүү дээл 39 жарны түүхтэй Евро-Азийн язгуур монгол хувцас. Гэхдээ би энэ хувцсаа түүхийн дурсгал болгон музейд тавихаас илүүтэй өөрөө гангарч, үр хүүхэддээ өвлүүлэхийг хүсч явдаг.
-Үндэсний хувцас бол оюуны өвийн биет хувилбар гэлээ. Та ямар мэргэжилтэй вэ, хэзээнээс өв, соёлын талаар судалгаа хийж эхэлсэн талаараа сонирхуулахгүй юу?
-Би инженер, механикч, зохион бүтээгч мэргэжилтэй ч 2009 оноос хойш монголчуудын түүх соёлыг судлан ажиллаж байна. Монгол түмний минь түүхийн нэгээхэн хэсэг соёл, ахуй амьдралыг шингээн хөгжиж ирсэн олон үндэстэн, ястны өмсгөл, эдлэл бол ард түмний хайрлах ёстой эрхэм өв мөнөөс мөн. Олон мянган жилийн түүхэн хөгжлийн явцад бий болж, үндэстнийхээ язгуур ахуй амьдралын онцлогийг таниулан, оюун санааны илэрхийлэл болсон зүйл бол яах аргагүй та бидний үндэсний дээл, хувцас юм. Бид үндэсний хувцсаараа дамжуулан өнгөрсөн үеэс олон түүхийг өвлөн авч, судалж буйтай адил үр хойчдоо агуу түүх соёл, уламжлалынхаа нэгээхэн хэсгийг ирээдүйд өвлүүлэн үлдээж, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах өндөр ач холбогдолтой.
-Өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажлыг цаашид хэрхэн хэрэгжүүлвэл зүйтэй гэж та бодож байна вэ?
-Манай улсад үндэстний соёлын өвийг хамгаалах тоотой хэдэн хүрээлэн үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн чухал нь эдгээр төвүүдээс гадна иргэдийн оролцоо өв, соёлоо хамгаалахад өндөр нөлөөтэй. Монголчууд өв, соёлоо судалж, таньж мэдэн зөв тээх хэрэгтэй. Зөв тээх гэж байгаа учир нь хэдэн зуун жилийн түүхтэй соёлын өвийн үнэт олдвороо өндөр үнээр худалдаж, хэн нэгний гэрт үзмэр болгох бус үр хойчдоо хадгалан, ирээдүйн баялаг гэдэг утгаар хандах хэрэгтэй санагддаг. Бид түүх, дурсгалын биет болоод биет бус арвин баялаг өв соёл түгээж байгаа хүмүүсийн нэг хэсэг учир үргэлж үлгэр жишээ болж, өөр, өөрийн чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулж амьдрах нь соёлыг түгээж байгаагийн бодит жишээ болно.
С.УНДАРМАА